Хөгжлийн банкинд илэрсэн зөрчлүүдийг ил болголоо
УИХ-ын Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар өнөөдөр олон улсын зах зээлд гаргасан Засгийн газрын үнэт цаасны арилжаагаар төвлөрсөн хөрөнгийн зарцуулалт, эргэн төлөлт болон санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн сонголт, хэрэгжилтийн явц байдлыг шалгасан дүнгийн талаар мэдээлэл сонсох байсан. Гэвч УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар энэ асуудлыг өнөөдөр хэлэлцэх боломжгүй гэсэн байр суурь илэрхийлж, хурдын орхин гарснаар ирц бүрдэхгүйд хүрч хурал дахин хойшилсон юм. Хөгжлийн банк, Чингис, Самурай бондын зарцуулалтыг шалгасан ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд “Хөгжлийн банк, Чингис, Самурай бондын зарцуулалтад хийсэн шалгалтын дүгнэлтийг бүлгийн хурал дээр хэлэлцэж байж дараа нь байнгын хороонд ор” гэсэн чиглэл өгсөн гэсэн. УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг ямар нэгэн байдлаар бүлгийн хурлаар орж, бүлгээс чиглэл авна гэдэг нь хэтэрхий улстөржсөн асуудал юм” гээд дээрх шалгалтын дүнг зарлахаар шийдсэн гэдгээ мэдэгдсэн юм.
Ингээд УИХ дахь МАН-ын бүлгээс зохион байгуулдаг “Морин цаг” уулзалтад УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар оролцож дээрх шалгалтын дүн илэрсэн ноцтой зөрчлүүдийг ил болголоо.
Хурлын эхэнд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан шалгалтаар илэрсэн ноцтой зөрчлүүдийг ийнхүү мэдээлсэн юм. Үүнд,
-Хуулинд зааснаар Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн бүхий л төсөл хөтөлбөрөө УИХ-аар батлуулах ёстой. Гэтэл өнөөдөр Хөгжлийн банкнаас ихэнх төсөл хөтблөрөө УИХ-аар батлуулалагүй, засгийн газрын тогтоол шийдвэрээр санхүүжилт олгоод явсан байгаа юм. Мөн зарим тохиолдолд тогтоол шийдвэргүйгээр тодорхой төслүүдийг санхүүжүүлсэн алдаа дутагдал илэрсэн.
-Орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ явуулж худалдан авах хууль гэж бий. Гэтэл энэ хуулийн хэрэгжилт огт хангагдаагүй. Үндсэндээ тендер зарлахгүйгээр маш томоохон хэмжээний гэрээ байгуулж, санхүүжилтийг өгсөн асуудал байсан. Автозам, дэд бүтэц, хөдөө аж ахуйн салбарт гээд томооохон төсөл хөтөлбөрийг шууд санхүүжүүлсэн зөрчил илэрсэн.
-Чингис бондоос 1.5 тэрбум ам.долларын санхүүжилтийг анх босгосон. Гэтэл Төрийн сангийн дансанд дээрх мөнгө бүтнээрээ биш 1.494 тэрбум ам.доллар орж ирсэн. Үлдсэн 5.4 сая доллар хаашаа алга болсон, ямар зүйлд зарцуулагдсан гэдэг нь тодорхойгүй байгаа. Үүнийг Үндэсний Аудитын газраас шалгалт хийж 5.4 сая ам.долларт акт тогтоосон. Нөгөө дансанд орж ирэх ёстой мөнгөнөөс нь сох дутсан гэсэн үг. Гэтэл дансанд 1.5 тэрбум ам.доллар орж ирээгүй байтал төсвийн хөрөнгөөр энэ 5.4 сая ам.долларыг шилжүүлсэн зөрчил илэрсэн.
-Самурай бондын гэрээ байгуулах баталгаа гаргах төлбөрт авсан зээлийнхээ 19.2 хувьтай тэнцэх 55.7 сая ам.долларыг суутгуулсан байдаг. Үндсэндээ 290 сая ам.долларын зээл авсан хирнээ 55.7 сая ам.долларыг зүгээр суутгуулчихсан байна лээ. Үүнийг мөн тусгайлан аудит гаргаж шалгуулах болно.
-Хөгжлийн банкны чөлөөт мөнгөн үлдэгдлийг арилжааны банкуудад байршуулахдаа тус банкуудын хадгаламжийн хүүнээс 2.5-3 хувиар бага хүүгээр байршуулсан нь тогтоогдсон. Арилжааны банкуудад байршуулсан хүүгийн зөрүү 4 хүртэлх хувь байгаа юм. Үүнийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах нь зүйтэй гэж үзэж байгаа юм.
-Чингис бонд болон Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Шинэ төмөр зам”-д 200 сая .ам.долларын санхүүжилт олгосон. Энэхүү санхүүжилт хэрхэн хийгдсэн нь тодорхой бус байгаа юм.
-МИАТ компанид Боинг 767 онгоцыг худалдаж авахад санхүүжилт хийсэн байсан. Аль ч улс орон дөрвөн ширхэг онгоцыг шууд бэлэн мөнгийг нь төлөөд авдаггүй юм шүү дээ. Энэ чинь машин худалдаж авахтай ижил асуудал биш юм. Үүнийг мөн хууль хяналтын байгууллагаар шалгуулна.
-Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжид Чингис бондын эх үүсгэврээс бүрдүүлсэн хөрөнгийн 62 хувийг улсын төсвөөс эргэн төлөх зээлд зарцуулсан гэсэн. Нөгөө 1.5 тэрбум ам.долларын ихэнх хувийг улсын төсвөөс төлөх төсөлд зарцуулсан гэсэн үг. Гэтэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжид нэг төсөлд гуравны нэгээс илүүгүй хувийн санхүүжилт хийнэ гэсэн зөвлөмж бий. Энэхүү зөвлөмжийг ноцтой зөрчсөн. Ийнхүү зөрчсөнөөр улсын төсөь дахь гадаад өрийн хэмжээг хэт ихэсгэсэн зөрчлүүд илэрсэн.
Энэ мэтчилэн засч залруулах алдаа дутагдал зөрчлүүд цөөнгүй илэрсэн. Дээрх зөрчлүүдээс гадна гурван тэрбум төгрөгийн тендертэй замын ажил авсан хирнээ явцдөө өртөг нь 10 тэрбум болсон, тусгай зөвшөөрөлгүй компанид тендер олгосон. Энэхүү аждын хэсгийн дүгнэлт нь Үндэсний аудитын газрын хоёр удаагийн тайлан, Сангийн яамнаас гаргасан ажлын хэсгийн тайлан, Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гэсэн дөрвөн тайланд үндэслэж гаргасан дүн мэдээ юм. Үүний цаана ямар нэгэн улс төрийн ашиг хонжоо, хэн нэгнийг буруутгах гэсэн улс төрийн зорилго байхгүй” гэж онцолсон юм.
Иймээс ажлын хэсгээс дараах саналыг хууль хяналтын байгууллага, Засгийн газар, хөжглийн банкинд хүргүүлэхээр болжээ.
Хууль хяналтын байгууллагад /:
- Чингис бондыг арилжаалах үйл ажиллагааны зардалд 4 сая ам.доллар буюу 7483.5 сая төгрөгийг Засгийн газрын үнэт цаасны хүүгийн зардлын зарцуулагдаагүй үлдэгдлээс суутгагдан орж ирсэн зардлыг Сангийн яам давхар гаргасныг хуулийн байгууллагаар шалгуулах;
- Хөгжлийн банкны чөлөөт мөнгөн үлдэгдлийг арилжааны бусад банкуудад байршуулсан хадгаламжийн хүүнээс 5-3.0 пунктээр доогуур, арилжааны банкуудад байршуулсан хадгамжийн хүүгийн зөрүү 4 хүртэл хувийн ялгаатай байгаа асуудлыг АТГ-аар шалгуулах;
- Чингис бондын болон Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Шинэ төмөр зам”, МИАТ ХХК-ийн худалдан авсан Боинг-767 онгоцны санхүүжилт, “Гудамж”, “Аймгийн төвүүдийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох”, “Ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх”, “Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх”, “Өвлийн хүлэмж барих”, “Ноосон бүтээгдэхүүний үйлдвэр барих”, “Оёмол бүтээгдэхүүний салбарыг хөгжүүлэх” зэрэг төсөл, хөтөлбөрүүдийн сонгон шалгаруулалт, явц байдал, зээл зориулалтын дагуу зарцуулагдсан эсэх, зардал үр ашгийн тооцоог хийсэн эсэх, үйл ажиллагааны хэрэгжилтийн талаар цаашид Монголбанк, хараат бус хөндлөнгийн аудит, мэргэжлийн шинжээчдээр дүгнэлт гаргуулах;
Монгол Улсын Засгийн газарт:
- Хөгжлийн банкнаас олгосон зээлийн ерөнхий дүн болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дүгнэлтээс харахад 1.1 их наяд төгрөг буюу бондын эх үүсвэрээс олгохоор төлөвлөсөн нийт санхүүжилтийн 50.0 орчим хувийг ойрын хугацаанд эргэн төлөгдөх баталгаагүй авто зам, “Гудамж” төсөл, Улаанбаатар хотын дэд бүтцийн төслүүдэд зарцуулж байгаа нь улсын төсөвт дарамт учруулахаар байна. Цаашид улсын төсвөөс эргэн төлөгдөх зээлийн эзлэх хувь нэмэгдэхээр төлөвтэй байгаа тул бондын эх үүсвэрийг бизнесийн буюу өөрийн орлогоор эргэн төлөгдөх, экспортын буюу дэлхийн зах зээлд чиглэсэн цөөн, томоохон, ажлын байр олноор үүсгэх төслүүдэд ашиглах, тооноос чанарт шилжин ажиллах талаар Хөгжлийн банк анхаарч ажиллах,
- Хөгжлийн банкны тухай хуулиар тодорхойлсон УИХ-ын бүрэн эрхийг ханган ажиллах;
- Хөгжлийн банкны хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээг сонгохдоо ҮАБЗ-ийн 28/20 дугаар зөвлөмжийн 2.2 дугаар заалт, Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан шаардлагыг бүрэн хангаж ажиллах;
- Хөгжлийн банкны тухай хуулийн холбогдох заалтууд нь Төсвийн тухай хууль, ТБОНӨХБАҮХАТ хууль болон бусад хуулиудтай зөрчилдөж байгааг судалж, тэдгээрийн хоорондын зөрчлийг арилгах;
- Хөгжлийн банкны үйл ажиллагааг Монголбанк болон бусад холбогдох байгууллагуудын үйл ажиллагаатай уялдуулан зохицуулж, хэрэгжүүлэх;
- Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийг мэргэжлийн, чадварлаг хүмүүсээр бүрдүүлж, хариуцлага алдсан албан тушаалтнуудтай хариуцлага тооцох.
Монгол Улсын Хөгжлийн банкид:
- Банкны чөлөөт мөнгөн үлдэгдлийг шударга өрсөлдөөний зарчим дээр үндэслэн үр ашигтай байдлаар арилжааны банкуудад байршуулах арга хэмжээг авах;
- Дотоод хяналтын үйл ажиллагааг хуулийн дагуу үр нөлөөтэй зохион байгуулж, түүнийг мэргэжлийн удирдлагаар ханган ажиллах;
- Банкны зээлийн үйл ажиллагааг УИХ-аас баталсан бодлого шийдвэр, Засгийн газрын үйл ажиллагаатай уялдуулан хэрэгжүүлэх;
- Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлагыг хуульд нийцүүлэн мэргэжлийн багаар бүрдүүлж, Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, банкны дотоод дүрэм, журамыг зөрчсөн дүрэм албан тушаалтнуудтай хариуцлага тооцох.
Д.ЖАРГАЛ
Эх сурвалж: Zaluu.com
URL: