Сармис 22 төрлийн өвчинд тустай
Хүмүүс бидний өдөр тутмын хоолны орцонд олон төрлийн ногоо амтлах үүрэгтэй ордог. Тэднээс хүний бие махбодид сайн нөлөө үзүүлж, бүр эмчилгээний үүрэг гүйцэтгэдгээрээ сармис өдгөө өрнө, дорнын анагаах ухааны эрдэмтдийн судалгааны обьект болон хувирчээ. Гэхдээ сармисны анагаах чадварыг эртний хүмүүс ч бас өөрсдийн хэмжээнд танин мэдэж хүнсэндээ хэрэглэж ирсэн түүхтэй.
Тухайлбал, эртний нэгэн домогт сармисыг газарт унасан мөнхийн рашааны хэлтэрхий хэмээн үнэлж байсан бол Египетийн үйсэн дээрх бичээст “Сармис бол 22 төрлийн өвчинд тустай” гэж бичжээ. Гэхдээ Төв Азиас гаралтай “шидтэн” гэдгийг энд тодотгох хэрэгтэй л дээ. Энэ тухай Уламжлалт анагаахын шинжлэх ухаан-технологийн үйлдвэрлэлийн корпорацийн эрдэм шинжилгээний төвийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Самбуудоржтой ярилцлаа. Тэрбээр “Сармисны тосон эмийг судасны хатуурал өвчний эмгэг загвар дээр судалсан нь” сэдвээр анагаах ухааны магистрын зэрэг хамгаалсан юм.
- Сармиснаас тос гардаг юм уу?
- Технологийн маш өндөр түвшинд гаргаж авдаг. Одоо Герман, Америк зэрэг өндөр хөгжилтэй орнуудад сармиснаас тусгай технологиор тосыг нь ялгаж аваад “Сармисны тосон үрэл” гэж нэрлээд худалдаж байна. Одоо түүнийг дэлхий дахинд ургамлын алт гэж нэрлэж байгаа.
- Тосыг нь яаж гаргаж авдаг юм бол?
- Сармисны тосон эм гэдэг нь уламжлалт анагаах ухаанд хэрэглэдэг нэгэн жор л доо. Найрлагандаа сармис болон сарлагийн тос агуулдаг юм.
- Бэлэн жор гэх гээд байна уу?
- Тийм ээ. Монгол эмнэлэгт бол шар тосыг идээний охь манлай гэж нэрлэдэг. Зүрхний тамир сайжруулан, уушгины хатингарыг арилгаж, үс гэзгийг шимжүүлж, царай зүс өнгөжүүлж, насан хутгийг уртасгах чадвартай гэж үздэг байжээ. Сармис бол маш олон төрлийн өвчинд тустай. Хөгшрөлтийг судалдаг шинжлэх ухаанд тулгамдсан асуудал болоод байгаа судасны хатуурал өвчинд бол бүр ч тустай нь бидний судалгааны туршилтаар батлагдсан. Харин сармисны тосон эмийг анагаах ухаанд хий давамгайлсан ахимаг настай хүмүүст зүрх болон гол судлын хий өвчинд хэрэглэдэг.
- Яаж тэр вэ?
- Туулайд туршилт хийсэн. Холестриноор судасны хатуурал өвчний эмгэг загвар үүсгээд, сармисны тосон эмээ уулгахад цусны сийвэн дэх тослог бодисын хэмжээ нь буурч байсан. Мэдээж харьцуулалт хийсэн л дээ.
- Хүмүүс хэзээ хэрэглэх вэ?
Маш олон туршилтыг туулдаг учраас яг тодорхой хугацаа хэлэхэд хэцүү.
- Энгийн ахуйн асуулт асууя л даа. Сармистай хоол идэхэд амттай байдаг хэрнээ үнэрийг нь дарахад хэцүү байдаг?
- Бохь зажлах хэрэгтэй л дээ.
- Барьж байгаад идчихсний дараа ямар ч бохинд дарагддаггүй. Бүр цаанаас үнэртээд байх шиг санагддаг. Ходоод ямар бохь зажлах биш дээ?
- Тэгвэл сүү уух хэрэгтэй. Бас яншуй, гоньд, гаа, ганга өвс зэргийг зажилж болно.
- Ер нь сармисны тэр үнэрийг нь ялгаад, эмчлэх чадвар бүхий агуулсан бодисыг нь ялгаж бэлдмэл хийж болох уу?
- Хамгийн гол нь үнэрийг нь ялгаруулдаг аллин гэдэг эфирийн тос л эмчилгээний гайхалтай чадварыг үзүүлээд байгаа юм. Жижиг хэрчихэд алиназа гэдэг ферментийн нөлөөгөөр аллицин гэдэг бодис үүсдэг. Энэ нь халдварын эсрэг, бактерийг устгах чадвартай.
- Бараг спиртийн оронд хэрэглэж болох юм биш үү?
- Дэлхийн нэгдүгээр дайны үед шархадсан цэргүүдийг сармис л шархны халдвараас сэргийлж чадсан. Сармисны найрлаган дахь хүхрийн халдваргүйжүүлэх чанарыг хамгийн анх Ромын эм зүйч Диоскрид нээж байсан түүхтэй. Харин бактери устгах чадварыг нь 1858 онд Пастер нээсэн. Тэр бол вакцинжуулалтыг нээж, микробиологийн шинжлэх ухааны үндсийг тавьсан эрдэмтэн л дээ. Менингит өвчнөөр өвчилсөн хүмүүсийн зовиурыг сармис хөнгөвчилж байгааг ч Хятадын эрдэмтэд ажиглажээ.
- Тэгвэл байнга хэрэглэж баймаар юм байна?
- армис байнга хэрэглэдэг хүн ходоодны хорт хавдраар ерөөсөө өвчилдөггүй. Бас ханиад томуунаас хол явдаг. Египетийн пирамидыг барьсан хүмүүст өдөр бур арвайн будаагаар хийсэн нэг л төрлийн хоол өгдөг байсан авч сармисаар амталдаг байсан тул халдварт өвчин ер тусаагүй гэдэг.
- Биеийн дархлаа сайжруулдаг юм байна л ээ?
- Тийм ээ. Эмч нар зүрх өвдлөө гэхэд кали агуулсан эм, харшил, ханиад хүрлээ гэхэд кальци агуулсан эм, цус багадлаа гэхэд төмрийн бэлдмэлтэй эм бичиж өгдөг шүү дээ. Тэгвэл сармисны ганцхан хумсанд энэ бүхнийг орлох элементүүд бүгд бий.
- Аргагүй л ургамлын алтан үрэл юм даа?
- Хүний оюун ухааныг сайжруулах, сэтгэхүйн профессыг идэвхжүүлэх, гоо сайхныг хадгалж, биеийн жинг хэвийн хэмжээнд барихаас гадна залуужуулах үйлчилгээтэй. ЮНЕСКО-гийн хайгуулын багийнхан Түвдийн сүмд анх зочлохдоо нээсэн “Сармисны спиртэн ханд” нэртэй залуужуулах бэлдмэл бий шүү дээ. 350 грамм сармисыг жижиглэж хэрчээд няцална. Эндээс 200 грамм шүүс ялгаж аваад, 96 градусын 200 грамм спирттэй холиод харанхуй сэрүүн газар 10 хоног хадгалаад хэрэглэдэг юм.
- Тусгай дэг жаяг барих уу?
- Арван нэгэн өдрийн турш өглөө, өдөр, орой тус бүр тоо өгсөх буюу буурах тодорхой давтамжтайгаар ууна. Тэгэхдээ заавал аравдугаар сарын нэгэнд эхлээд, дөрөвдүгээр сарын 30-нд дуусгадаг зарчимтай. Тэгэхдээ хоолноос 15-20 минутын өмнө 50 грамм сүүгээр даруулж уух ёстой юм шүү.
- Давтамж нь яаж үргэлжлэх вэ?
- Таван жилд нэг удаа хэрэглэж болно.
- Архи үйлдвэрлэдэг компаниуд анхааралдаа авч болох нь ээ?
Зүүнхараад хийж байгаа гэсэн шүү.
- Хэтэрхий хэрэглээ болоод хувирчихвал нийгэмд адал явдал нэмэхэд сармис өөрийн гэсэн үүрэг гүйцэтгэдэг нь дээ бас?
- ХҮШ зууны үед Марсель хотод тахал өвчин дэлгэрч л дээ. Гэтэл тахал өвчинд нэрвэгдсэн айлуудыг тонон дээрэмддэг хулгайч нарын бүлэг үүсч, нийгэмд айдас төрүүлж байжээ. Тахалтай айлын эд юмсыг дээрэмдэгсдэд яагаад тахал тусахгүй байна вэ гэж. Гэтэл хулгайч нар сармисны хумсыг хуучин дарсанд хийж бэлтгэсэн хандаа чулуун домбонд юүлж, хулгайгаа хийхийн өмнө амаа зайлж, гараа угааж бас амсдаг байсан гэдэг. Хулгайч нар шүүхийн өмнө энэ аргаа хэлснээр ял нь хөнгөрсөн гэдэг юм шүү. Тахлаар өвдөх болоод өвдсөн олон мянган хүнд тустай арга хэлсэн учраас Марсель хотынхон ч ийм аргаар тахлын аюулыг харьцангуй бага эрсдэлтэй давж байжээ.
- Тэгвэл энэ айхтар халдварт томуу өвчнөөс айх хэрэг байхгүй юм биш үү?
- Үүнийг яг тийм гэж хэлэхэд хэцүү. Гэхдээ хүн сармисыг идэлгүйгээр хадаасандаа юмуу, цүнхэндээ хийгээд явж байх ч тустай л гэдэг юм.
- Яг юунд илүү тустай вэ?
- Эртний домогт сармис хорт муу нөлөөллийг түлхэн унагадаг гэж бичсэн байдаг. Хүний орчин тойронд нүдэнд харагддаггүй био энергийг бий болгодог шидтэй юм байна л даа, сармис.
- Бараг үнэртэн зохиочихмоор юм биш үү?
- Английн Лондон хотод зөвхөн сармисны мэдээллийн төв гэж байдаг. Германы Берлинд сармисны олон улсын симпозиум хүртэл болдог.
- Симпозиум гэнэ ээ?
- Тийм ээ. Бас Английн Гилроу гэдэг хотод жил бүр маш их сармис хураагаад сармисны их наадам ч болдог.
- Наадмаар тэгээд ямар үйл явдал болдог юм бол?
- Англичууд сармисаар зайрмаг хийж, сармисны миссийг хүртэл шалгаруулдаг гэж байгаа. Одоо дэлхийд зөвхөн сармис судалдаг 2250 байгууллага байдаг.
- Тэгвэл бараг сармиснаас нээлт төрдөг байх нь ээ?
- Хэд хэдэн нээлт хийсэн. Хавдрын эсрэг үйлчилгээтэй германий гэдэг бодис сармисанд байдгийг илрүүлсэн. Ер нь химийн судалгаа маш их хийсэн. Хүн орхойдоотой бараг адил эмчилгээний чадавхтай болохыг нь шинжлэх ухаан тодорхойлсон.
- Сармисыг байнга хэрэглэж болох хамгийн энгийн жорыг хэлж өгөөч?
- 100 грамм маслонд 2-3 хумс байхаар бодож, хамтад нь машиндаад хэрэглэж болно. Газрын дундад тэнгисийн хүмүүс хүнсэндээ байнга сармистай масло хэрэглэдэг юм билээ. Тэдний цусанд холестрины хэмжээ сармис бага хэрэглэдэг европынхныг бодвол бага байдаг. Мөн судасны хатуурал өвчинд нэрвэгддэггүй. Зүрх өвдөх үед сармисны нэг хумсыг бүтнээр нь залгих сайн гэж эмийн номонд бичсэн байдаг. Бас ямар ч хэлбэрийн даралт ихэссэн үед хоёр хумс сармисыг унтахынхаа өмнө идэх сайн гэдэг. Хоолны хордлогын үед бол сармисны хоёр аяга ханд бэлтгэж уух хэрэгтэй.
Эх сурвалж: МОНЦАМЭ
URL: