Тосон бумбын нуруунд нэр бүхий гишүүд лиценз эзэмшдэг гэв
Тосон уулын байгаль хамгаалагч, биологич залуу Ж.Төмөрсүх амиа алдсан хэрэг гарсан. Тэрбээр “Машинаа гараждаа тавьчихаад ирье” хэмээн гэрээсээ гарсөн бөгөөд Хөвсгөл далайд амиа алдсан байдалтайгаар олдсон юм. Талийгаач удаа дараа халдлагад өртөж, гурван ч удаа хутгалуулж байсан гэдгийг ар гэрийнхэн нь хэлж байгаа юм. Энэ хэргийг хууль хяналтын байгууллага шалгаж байна.
Нутгийн иргэд болон талийгаачийн ар гэрийнхэн дээрх хэргийг санаатай үйлдэгдсэн байж болзошгүй гэж үзэж буй юм. Мөн энэ асуудалтай холбоотойгоор Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах асуудал давхар сөхөгдөж байна. Салбар хариуцсан сайд нь уг асуудлыг ирэх даваа гарагийн Засгийн газрын хуралдаанаар оруулна гэсэн юм.
Тэгвэл УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хороон дарга О.Баасанхүү “Тост, Тосон бумбын нуруу гээд байгалийн тусгай хэрэгцээнд авах газар дээр 21 лиценз бий. Дураараа олгочихсон. Байгаль орчны сайд энэ асуудлыг 30-ны Засгийн газрын хуралдаанд оруулна гэж байна. Хэрэв энэ асуудлыг засгийн газрын хуралдаанаар оруулахгүй бол дараа, дараагийн шатанд шахалт үзүүлнэ. 21 лиценз дотор Их хурлын хэд, хэдэн гишүүний лиценз явж байгаа. Нөлөөлөл орчихоод байна” гэв.
Хэрэв түүний хэлсэн үг үнэн бол Тост, Тосон бумбын нуруунд УИХ-ын хэд хэдэн гишүүн лиценз эзэмшдэг аж. Энэ нь магадгүй дээрх асуудалд ашиг сонирхолын зөрчил гаргаж болзошгүй гэх хардлагыг битүүхэн төрүүлээд байна.
Г.Лхагваа
URL: