Асашёорюү эмгэнэл илэрхийлэв

Японы сүмо бөхийн домогт их аваргуудын нэг, Мэргэжлийн сүмогийн холбооны ерөнхийлөгч Китаноүми өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт 62 насандаа таалал төгссөн билээ.

Мэргэжлийн сүмод 18 жил барилдаж, Эзэн хааны цомыг 24 удаа хүртсэн тэрбээр Мэргэжлийн сүмо бөхийн холбооны ерөнхийлөгчөөр 2002-2008 онд, мөн 2012 оноос хойш өнөөг хүртэл ажиллаж байв. Түүнийг энэ албан тушаалд ажиллаж байхад ид барилдаж байсан Асашёорюү Дагвадорж энэ талаар Facebook хуудсандаа бичин эмгэнэл илэрхийлсэн байна.

Тэрбээр бичихдээ “Мэргэжлийн сүмо бөхийн холбооны ерөнхийлөгч Китаноүми таалал төгссөн байна! Сайхан хүн, сайхан сэтгэлтэй, хүүхэд шиг зантай, үргэлж намайг дэмжиж байсан юмсан! “Ёкозүнэ хүн ёкозүнагаа ойлгоно оо, Шёорюү!” гээд мөр алгадан “За ганц барьчих” гээд хундага тулгаж байсан хүнийг ийм амархан баяртай гэхийг мэдсэнгүй!

Таны суу алдар үеийн үед дурсагдах болно! Мэйжи, Ясүкүнигийн ариун бурхад таны сүнсийг тэнгэрийн оронд замчлах байх аа! Та минь амгалан тайван нойрс доо! Дүү аваргаас чинь энэхүү гашуудлын хэдэн үгийг нулимс дуслуулан тэрлэж сууна аа! Ум сайн амгалан болтугай!” гэжээ.

Л.Мишээл

Эх сурвалж: tonshuul.mn


URL:

Нэр: Anonymous Огноо: 25 November 2015

R.I.P

Сэтгэгдэл бичих