Г.Уянга: Н.Энхбаяр гэж албан тушаал наймаалцсан л хүн байна

УИХ-ын гишүүн Г.Уянгатай ярилцлаа.

-Та өнгөрсөн хавар энэ УИХ Үндсэн хуулийг өөрчилбөл хуй­вал­даан болно гэж хэлж байсан. Гэтэл УИХ-д өргөн бариад байгаа Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд гарын үсэг зуржээ. Тэгэхээр энэ парламент Үндсэн хуульд өөрч­лөлт оруулах боломжтой гэж үзсэн хэрэг үү?

 -Энэ УИХ-ыг Үндсэн хуульд өөрч­лөлт оруулахыг зөвшөөрөх хэцүү байгаа юм. Юуны өмнө би хэд хэдэн үндэслэл хэлж байгаа. Үндсэн хууль бол өөрөө нийгмийн том зөвшилцөл, нийгмийн том гэрээ. Энэ бол зөв­хөн парламентын зөвшилцлөөр хяз­гаар­лагдахгүй, нийгмийн том зөв­шилцөл. Ийм зөвшилцлийг 28 хүн нь жагсаалтаар сонгогдсон, өөрөөр хэлбэл ард иргэд тэднийг хүлээн зөвшөөрөөгүй гэж олонхи нь ярьдаг, ийм парламент хийх боломжгүй. Дээрээс нь хоёр нам дахиад давам­гайлсан, хүлээн зөвшөөрөхгүй байгаа ийм бүтцээр Үндсэн хуулийг өөрчлөх юм бол хүлээн зөвшөөрөгдсөн нийг­мийн гэрээ болж чадахгүй. Дараа нь үүнийг иргэд бүгдээрээ хүлээн зөвшөөрч дагаж мөрдөхгүй, харин ч улам бүр нийгмийн хямрал, хагарал руу түлхэж магадгүй гэсэн айдас байгаа юм л даа. 1992 оны Үндсэн хуулийг 430 депутат баталсан. Тэр нь Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн бүх салбарын төлөөлөл байсан. Эмч, багш, малчин, ажилчин, сэхээтэн гээд бүгд л эх орныхоо өнцөг булан бүрээс ирж хэлэлцээд баталсан. Нийгмийн том гэрээг ингэж л хийх ёстой. 1992 онд Үндсэн хууль батлахад Монгол Улс хоёр сая хүнтэй байсан. Тийм учраас УИХ-ыг 76 гишүүнтэй болгосон. Одоо гурван саяулаа болчихлоо 99 болгоё гэж яриад байна  ш дээ. Хэрвээ тийм бол 1992 оны Үндсэн хуулийг 430 гишүүн баталж байсан юм чинь өнөөдөр 500-гаас доошгүй тоотой гишүүн үүнийг хэлэлцэж батлах ёстой болсон байх гэж бодож байна. Үндсэн хууль өөрөө хамгийн гол нь хүлээн зөвшөөрөгдсөн байх ёстой. Хэрвээ бид түүнийг шинэчлэн батлах юм бол нийгэм хүлээн зөвшөөрч бүгдээрээ дагаж мөрдөх ёстой. Энэ нөхцөлийг хамгийн сайн хангах нь чухал. Тэгж чадвал бид нийгмийн энэ хямралыг, улс төрийн хямралыг шийдэж чадна. Одоогийн парламент Үндсэн хуулийг батлах нь энэ хямралыг шийдэж чадахгүй. Нийтээрээ, нийгмээрээ энэ Үндсэн хуулийг хүлээн зөвшөөрч, дагаж  мөрдөх  тийм хүлээн зөвшөөрөлт бий  болж чадахгүй болов уу гэж айгаад байгаа юм. Ер нь ч тийм. Тийм учраас би юу гэж санал болгож байгаа вэ гэхээр хүлээн зөвшөөрөгдөхийн тулд зөвхөн ард нийтийн санал асуулга хангалтгүй байна л гэж бодоод байна. Ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуулийн өөрчлөлтийн зарчмын шинж­тэй асуудлаа иргэдээр шийдүүл. Жи­шээлбэл, энэ парламент Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болох эсэхийг ард нийтээсээ асууж болно.

Тэгээд шинэ Үндсэн хуулийг батлах шинэ бүрэлдэхүүн байх ёстой л гэж үзээд байгаа юм. Тэгэхгүй бол манай хэд үнэхээр хүч түрээд, АН, МАН тохироо хийгээд баталдаг юм аа гэж бодоход, тэгвэл энэ Үндсэн хуулийг хэлэлцээд УИХ тарах ёс­той. Улс төрийн намуудыг шинээр дахин бүртгэх ёстой. Хүчний дахин хуваарилалт бий болгох ёстой. Тэр шинэ хуваарилалтаар сонгуульд орж байж бид цаашаа явбал бас өөр байж магадгүй.

-Та бол  хоёр  жилийн  өмнө Үндсэн хуулийг даруйхан өөрчлөх шаард­лагатай гэж хэвлэлд ярилц­лага өгч байсан. Тухайн үед дээрх зарчмаа л хэлж байсан уу?

 -Хоёр жил ч биш юм. Ер нь бидний ярьдаг нийгмийг өөрчлөх, Үндсэн хуулийг өөрчлөх ёстой гэдэг энэ үзэл санаа анх сонин гаргаж байх үе, улс төрийн тэмцэл хийж байсан улмаар гудамжинд жагсаал цуглаан хийж байх тэр үеийн шаардлага шүү дээ. Бараг 15 жилийн өмнөөс эхэлсэн асуудлыг ярьж байна гэсэн үг. Гэхдээ амжилт дэвшил нь юу вэ гэхээр өнөөдөр парламент энэ Үндсэн хуулийг өөрчлөх нь зайлшгүй юм байна аа гэдгийг хүлээн зөвшөөрөөд парламентын төвшинд хэлэлцүүлэг орж ирсэн байна. Энэ нь бидний олон жилийн тэмцлийн амжилт болов уу гэж бодож байна. УИХ-д орж ирмэгцээ би уриалга гаргасан. Тэр нь бүгдээрээ бүх хүчний тэнцвэрийг хангасан пропорцоороо түр Засгийн газар байгуулаад энэ УИХ дараагийн Үндсэн хуулийг хэлэлцэх бүрэлдэхүүнийг батлаад, яаж сонгох вэ гэдэг сонгуулийн дүрмийг нь батлаад, ингээд бүгдээрээ таръя гэдэг хувилбар санал болгож байсан. Энэ маань одоо ч хэвээрээ. Одоо ч үүнийг хэрэгжүүлж болно. Дубайн гэрээ гэх мэт буруу гэрээ байгуулсан буруу Засгийн газрыг огцруулаад, тэгээд бүх улс төрийн хүчнээс пропорцоороо тэнцвэр хангасан ийм түр Засгийн газар байгуулж байгаад шинэ Үндсэн хуулийг хэлэлцэх бүрэл­дэхүүнийг хэрхэн батлах вэ гэдэг тэр хэлэлцүүлэгт энэ парламент орж болно. Энийг жишээ нь ард нийтийн санал асуулгаар хагалж болно. Ийм байдлаар бид дахиад тайван замын хувьсгал буюу Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх зөв арга замыг л олох хэрэгтэй. Үндсэн  хуулиа л өөрчилж байвал ямар ч арга замаар өөрчлөх нь хамаагүй гэвэл бас биш. Үүнийг зөв арга замаар хийж, Үндсэн хууль батлагдсаны дараа нийтээрээ хүлээн зөвшөөрнө гэдэг хамгийн чухал зүйл. Гэтэл үүнийг тооцохгүйгээр Үндсэн хуулийг өөрчилчих юм бол өөрсдөө дахиад амьд үлдэх, дараа дахиад нэг масктай, дахиад өөр хувцастай, өөр дүр төрхтэйгөөр гарч ирэх гэсэн ийм амиа хоохойлсон ядарсан бодол санаа цаана нь нуугдаад байгаад л учир нь байгаа юм л даа.

-Таны хэлж байгаа шиг тэгж өөрсдөө тарах эр зориг өнөөгийн УИХ-д байна уу?

 -Үнэхээр Монголын нийгмийг өөрчилье гэсэн чин санаа, зорилго байвал дэмжигдэх ёстой гэж бодож байна. Дэмжигдэхээс аргагүй бас нэг шалтгаан юу вэ гэвэл энэ хоёр том улс төрийн хүчнийг нийгэм өөрөө хүлээн зөвшөөрөхөө больсон. Тэд ерөөсөө дараагийн сонгуульд ихээхэн эгзэгтэй байдалд орохоор байна ш дээ. Үнэхээр энэ хоёр нам улс төрийн тавцангаас арчигдах, буруу зүйл хийсэн, тэрийг нь ард түмэн хангалттай таньж мэдсэн энэ тохиолдолд бол өнгөрсөн 25 жилд эрх барьж байсан хоёр намд Үндсэн хуулийн өөрчлөлтөөс өөр сонголт байхгүй ээ. Эд нар Үндсэн хуулийн өөрчлөлтийг маш зөв арга замаар хийж өгөөд, ингээд байр сууриа тавьж өгөх нь бас их зөв жишиг л дээ. Өөр тохиолдолд бол хүчээр үүнийг хийх гэсэн тохиолдолд нийгмийг улам хүчирхийллийн зам руу түлхэх болно гэж би бодож байна. Бид аль болох тайван замаар л өөрчлөлтийг хийх ёстой. Энэ хоёр улс төрийн хүчин өөрсдөө хүчирхийллийн шалтгаан болох вий гэдэг ийм айдас хүйдэс нийгэмд байна.

-Хүчирхийлэлд хүргэх тийм бодитой шалтгаан бий гэж үү? 

 -Тийм. Ер нь бол хүчирхийллийн арга хэрэгсэл рүү түлхэж мэднэ. Ардчилал байхаа аль хэдийнэ болиод тайван замын арга хэрэгслээс аль хэдийнэ хөндийрчихсөн ш дээ. Жишээлбэл, 2008 оны долдугаар сарын 1-нд сонгуулийн үр дүнг луйвардаад л, түүнд бухимдсан олон түмэн жагссан. Төр өөрөө иргэдийнхээ эсрэг буу шагайж таван хүний аминд хүрээд л, хүчирхийлэл бол аль хэдийнэ эхэлчихсэн байхгүй юу. Тэгээд хүмүүсийн санал бодол, нийгмийн сүлжээг харж байхад хэлж яриад, жагсч цуглаад, шаарддаг тайван замын арга хэрэгсэл өөрөө ямар ч хүчгүй болчихоод байна. Тайван замаар тэмцсэн тэмцэл өөрөө үр дүнгүй, ямар ч хүчгүй болохоор хүмүүс хүчирхийлэл үйлдэж байгаа байхгүй юу. Ийм хүчирхийлэл рүү төр өөрөө түлхэж болохгүй л гэж би хэлэх гээд байгаа юм. Үүгээрээ би турхирч, уриалж байгаа юм биш л дээ. Би үүнээс ямагт зайлсхийх болно. Энэ бол миний сонгох арга хэрэгсэл хэзээд биш. Гэхдээ хүмүүс харсаар байтал тайван замаар тэмцэх бүх арга хэрэгслээ шавхаад буу барихад хүрч байна. Өөрийгөө шатаахад хүрч байна. Ямар нэгэн байдлаар өөрсдийгөө шатааж  илэрхийлж байна ш дээ хүмүүс. Жишээлбэл, тэр “Эксклюзив” компанийн захирал “Би хувцсаа үнэгүй тараая” гэдэг чинь шатааж л байгаа хэлбэр. С.Эрдэнэ өөрийгөө шатааж байна. Ц.Мөнхбаяр байна. Энэ залуучууд буу барьж тэмцээд шоронд орж байна. Энэ чинь өөрийгөө шатааж байгаа хэлбэр байхгүй юу. Гэтэл манайхан үүнийг ойлгохгүй. Зөвхөн яг бодитойгоор шатахаар нь “Өө хүн шатаж байна” гэж ойлгодог. Энэ чинь нийгэм, хүн болгон ийм бухимдалтай, хүн болгоны дотор байгаа шаталт ингэж илрээд байна ш дээ. Нийгмээ зөв уншиж чадахгүй, тэгээд л бүх юмыг хуйвалдаанаар, бүх юмыг парламентын хэлэлцүүлгээр хэлэлцэнэ, тохиролцоогоор шийднэ ээ гэвэл энэ бол нийгмийг улам л хүчирхийлэл рүү түлхэх  шалтгаан болж байна гэж бодож байна.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг боловсруулсан ажлын хэсгийн дарга Н.Батбаяр гишүүн өнөөгийн нийгмийн энэ болж бүтэхгүй байгаа зүйлийн бурууг Үндсэн хууль үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаатай холбож тайлбарласан байна лээ. Үүнтэй санал нийлэх үү?

 -Үндсэн хуульд ч асуудал бий, хүмүүст ч асуудал бий. Аль алинд нь буруу бий. Бид тэр энэ буруутай гэхээс илүүтэй бидний сургамж юу юм гэхээр ер нь төр өөрөө тогтвортой, төр шиг төртэй байхгүй бол улс үндэстэн яаж сүйрдгийг харуулж байна. 25 жилийн өмнө бид төр шиг төртэй л байсан ш дээ. Улс орноо аваад явж чаддаг. Улс нийгэм, залуучууд нь ирээдүйдээ итгэлтэй. Монголчууд хэнээс ч хамааралгүйгээр өөрсдийгөө ямар нэгэн хэмжээгээр тэжээгээд аваад явчих чадвартай болчихсон, ямар ч байсан бид өлсөхгүй байсан. Малын гаралтай бүтээгдэхүүнээ бүгдийг нь 100 хувь боловсруулаад эцсийн бүтээгдэхүүн гутал, хувцас хийдэг байсан. Бид даарахгүй байсан, орох оронтой байсан. Яг ингээд хүмүүсийнхээ, бүх иргэдийнхээ анхан шатны хэрэгцээг хангачихсан төртэй байсан. Өнөөдөр бол төргүй болчихлоо. Үүнийг би юугаар хэлж байгаа юм гэхээр 25 жилийн өмнө төр солигдохдоо бид ардчиллыг сонгож байна, шинэ нийгмийг сонгож байна гэсэн. Тэгээд бүх юмаа орвонгоор нь сольсон. Тэгээд бүгд хорин хэдтэй, гучин хэдтэй залуучуудад төрийн эрхийг өгсөн. Төлөвшиж амжаагүй, ямар ч бэлтгэгдээгүй, зүгээр л нэг хэн ч дураараа ашиглаж болдог, улс үндэстнийхээ эрх ашгийг ухамсарлаагүй тийм бөөн хүмүүс, бүлэглэлд л төрөө өгчихсөн. Энэ бол том алдаа байсан юм байна. Ингэж болдоггүй юм байна. Тийм хүмүүс өнөөдөр засардаггүй юм байна л даа. Төрд хүнийг шат дараалж бэлтгэх ёстой юм байна аа гэдгийг эндээс бид ойлгож авч байна. Ер нь төртэй байх, төр нь бодлоготой байх, түүнийг тасралтгүй хэрэгжүүлдэг боловсон хүчнээ бэлддэг байх, үндэсний эрх ашгаа ухамсарласан төртэй байна гэдэг бол хамгийн чухал юм байна. Энэ бол нэг хувьсгалаар, нэг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр шууд шийдчих ажил биш, их удаан хугацааны ажил. Бид Үндсэн хуулийг өөрчилж байгаа нь энэ бүх алдаан дээрээ ухамсарлаад дараа энэ алдаагаа давтахгүйн тулд засах эхлэлээ л тавья гэж байгаа хэрэг юм. Хэрвээ бид өнөөдөр зөв засч чадвал магадгүй 15 жилийн дараа, дахиад 20 жилийн дараа төр зөв болсон байх ийм л юмны эхлэлийг хийх гээд байгаа юм л даа.

-Парламент дээр Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал нэлээд хүчтэй яригдаж байна. Таны хэлж байгаа энэ санаанууд бодитой дэмжлэг авах боломж харагдаж байна уу?

 -Яахав би санаагаа хэлээд явж байна. Үндсэн  хуулийн өөрчлөлтийн төслийг хэлэлцэх эсэхийг нь бол дэмжсэн. Хэлэлцүүлэгт асуудал ороод ирвэл энийгээ дэлгэрэнгүй ярих бололцоо олдоно гэж бодож байна. Ер нь өмнө нь энэ санаануудаа парламентад үг хэлж байхдаа бас хэлж байсан. Энэ болгон бол бидний ойлгосон, ухамсарласан алдаа. Нөгөө талаас нь харвал оноо. Бид яаж дараа алдахгүй байх вэ гэдгээ олж харсан, биеэрээ туршсан, өөр дээрээ туршилт хийсэн, ийм туршилтын 25 жил байлаа ш дээ. Тэгэхээр үүнийг оноо гэж ойлгож бас болох юм даа.

-Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хориг дээр та эвслийнхнээсээ өөр байр суурьтай байсан. “Шударга ёс” эвслийнхэн бол хоригийг эсэргүүцэж, харин та дэмжиж байсан. Үүнээс болж эвслийн зүгээс танд ямар нэг шахалт ирсэн үү, ямар нэг реакци үзүүлдэг ч юм уу?

 -Эвсэл надад ямар нэг шахалт үзүүлэхгүй л дээ. Харин Өршөөлийн хуулийн нэг давуу тал нь зандалчлах гэдэг ялаар хэдхэн хүн шийтгэгдсэн. Тэр нь Ц.Мөнхбаяр нарын хэрэг байгаа. Тэднийг өршөөлд хамруулах ёстой, өөр хүн байхгүй гэдэг хатуу байр суурьтай байсан. Тэгээд тэрийгээ ажлын хэсэгт хэлж байж, энэ заалт орсон байгаа. Ц.Мөнхбаяр суллагдсаныг бол сайн хэрэг боллоо гэж бодож байна. Ер нь эвслээс тийм шургуу шахалт бол байгаагүй. Нэг том зовлон байсан нь миний байр суурь бол авлигачдыг өршөөж болохгүй ээ л гэсэн ш дээ. Авлига, албан тушаалын гэмт хэргийг өршөөхгүй гэсэн. Авлига, албан тушаалын хэргийг өршөөхгүй гэхээр Н.Энхбаяр дарга маань өршөөгдөхгүй болчих гээд байдаг. Н.Энхбаяр даргыгаа өршөөе гэхээр авлига, албан тушаалын хэрэгтнүүд өршөөгдөх гээд байдаг, нэг ийм зовлон байсан. Өөрөөр хэлбэл эндээс бас нэг систем харагдаад байгаа юм л даа. Монгол төрийн толгойд олон жил болсон, олон жил энэ төрийг авч явсан, олон жил Монголын улс төрийг, улс орныг удирдан залж байсан энэ хүнтэй яахаараа авлига, албан тушаалын гэмт хэрэг нэг юмны хоёр тал шиг болчихдог юм бэ. Ер нь энэ үеийнхэн бүхлээрээ маш буруу явсны маш тод илэрхийлэл бол энэ нэг л жишээгээр харагдаж байгаа юм.

-“Шударга ёс” эвсэл дотооддоо нэлээд зөрчилтэй байдаг юм биш үү. Жишээ нь Засгийн газрын тэргүүнийг огцруулах, үгүй гэх мэт зарчмын асуудлууд дээр эсрэг тэсрэг байр суурьтай байх юм?

 -Эвсэл бүх асуудал дээр яв цав нэг байр суурьтай байдаггүй л дээ. Ер нь аль ч бүлэг тийм байдаггүй байх. Тэр л жишгээр манай бүлэг бүх асуудал дээр нэгдсэн байр суурьтай байдаггүй. Гэхдээ Засгийн газарт орсон ороогүй гэж хуваагдаад байгаа юм байхгүй болов уу гэж бодож байна. Тухайлбал, миний бие аль ч үед 2012 онд эхний Засгийн газар байгуулагдахад ч, сая Засгийн газар байгуулагдахад ч Засгийн газарт орохгүй гэдгээ албан ёсоор хэлж байсан. Ямар нэг албан тушаал авахгүй ээ гэж. Тэгэхээр энэ удаа миний сайд болдог үе биш ээ гэж би бодож байна. Тийм учраас албан тушаалтай холбоотой ямар нэгэн гомдол, түүнээс үүдсэн хагарал зөрчил бол байхгүй. Зүгээр зарчмын байр суурь дээр зөрдөг асуудал бол бий. Жишээлбэл, Оюутолгой дээр, одоо энэ Ерөнхий сайдыг огцруулах гарын үсэг зурах дээр ч гэдэг юм уу. Үүнийг ямар нэгэн наймаа болгох гээд байгаа тэр үйлдлүүд нь надад огт таалагддаггүй. Ерөнхий сайдыг огцруулах тогтоол дээр уг нь манай эвслийнхэн л гарын үсгээ зураад бүрдүүлээд явуулах ёстой ш дээ. Яагаад гэвэл бид Оюутолгойг хамгийн шударга, хамгийн ил тод, хамгийн нээлттэй ярьж байсан хүмүүс. Оюутолгойгоор улс төр хийж 23.4 хувийн санал авч парламентад бүлэг байгуулсан. Эвсэл үүнийг л чухам ярьж, илүү санаачилгатай байх ёстой. Гэтэл эвсэл үүнээс байнга хойш сууж, ийм бололцоонуудыг дандаа албан тушаалын наймаанд ашиглаж байгаад би үнэндээ дургүй хүрдэг. Би ийм юманд үнэхээр дургүй. Одоо ч гэсэн гарын үсэг яагаад бүрдэхгүй байгаа юм бэ гэхээр намын бодлого гэж нэг юм ярьдаг. Тэр намын бодлого нь юу юм бэ гэхээр хэн нэг нь албан тушаалд очих ч юм уу, албан тушаал ахиулах ч юм уу, алдах гээд байгаа албан тушаалаа авч үлдэх ч юм уу нэг ийм ядарсан алхам, дандаа албан тушаалын наймаа руу энэ эвсэл явж ороод байгаад нь үнэхээр би санал нийлэхгүй байна. Үүнийгээ ил  тод хэлж, шүүмжилдэг. Тэгэх ч ёстой, тэгэх ч эрхтэй гэж би үзэж байна. Үүний төлөө надад дарамт шахалт үзүүлэх эрх хэн нэгэнд байхгүй. Би өөрөө тойргоос сонгогдсон. Эвслээс шууд ямар нэгэн барьцаагүйгээр сонгогдсон учраас би тийм эрхтэй л гэж бодож байна.

-Эвслийг бүрдүүлж байгаа хоёр намын удирдлагууд бас хоорондоо санал зөрөлдөөд байгаа юм биш үү. М.Энхсайхан дарга Н.Энхбаяр даргын эсрэг мэдэгдэл гаргаад л?

 -Яахав дээ. Хүн болгонд санал зөрөх юм байна. Санал зөрөх юм нэг гэр бүлийн хоёрт ч гэсэн байдаг болохоор тэгдэг л юм байгаа биз. Тэр хоёрын зөрчилдөөн бол эсвэл рүү нэг их гүнзгий орж ирээд л, бүлэг дээр онцгой асуудал үүсгээд байгаа юм байхгүй ш дээ. Тэр хоёр чинь парламентын гадна байгаа хүмүүс. Парламентад байгаа хүмүүс асуудлаа яриад явдаг. Тэр хоёрын зөрчил тэрүүгээрээ л биз гэж бодож байна.

-Бүлгийн даргын асуудлыг МАХН-ын зарим гишүүн нэлээд хурцаар тавьж байна. МАХН бүлгийн даргаа авах ёстой юм гэсэн байр суурь байгаа?

 -МАХН, ер нь манай Н.Энхбаяр дарга нэг л их албан тушаал наймаалцсан л хүн байх юм. Би бол үнэндээ учрыг нь олдоггүй юм. Заавал бүлгийн даргаа авна, тэрийгээ авбал энийгээ авна гээд. Надад тэр албан тушаалын наймаа бол үнэндээ сонин биш. Яагаад бүх юмыг, төрийг, УИХ-ыг ингэж албан тушаалын наймааны хэрэгсэл болгож, бүлгийг, зарчмыг, Оюутолгойг бүх юмыг яагаад ингэж наймаа болгодог юм бэ. Энэ бол надад зөв санагддаггүй. Энэ бол олон түмэн бас мэдэж, ажиглаж, шүүмжлэх ёстой зүйлийн нэг гарцаагүй мөн.

-Эвслийн бүлэг гэдэг нэгдсэн бодлоготой байж УИХ дээр заавал улс төрийн шийдвэр гаргах ёстой байдаг. Гэтэл эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг өөрөө сайдын албатай. Тиймээс Засгийн газар дээрх байр суурь нь, УИХ дээрх байр суурьтай нь зөрчилдөөд байгаа харагддаг?

 -Тийм, зарчмын хувьд нэг л болохгүй байгаа биз. Өөрөө өөртэйгөө зөрчилдсөн, аль Н.Батцэрэг нь юм гэмээр хоёр хүн яваад байдаг. Ер нь хоёр хүмүүсийг яах ёстой юм. Хоёр хүмүүс зөндөө байна ш дээ. Хоёр гурав болчихоод яваад байдаг хүмүүс ч зөндөө олон байна. Тэднийг илчилж, нэг хүн болгох ёстой гэж би бодоод байгаа юм. Жишээлбэл, манай эвслийн бүлгийнхнээс Оюутолгойг аймаар шүүмжлээд л, чухам Оюутолгойгоо аврах минь гээд байсан нөгөө хүмүүс чинь яг цагаа тулахаар Оюутолгойгоо аврах алхам ерөөсөө хийхгүй юм.

-Ерөнхий сайдыг огцруулах асуудал ойрын үед өргөн баригдах нь уу?

 -19 гишүүн гарын үсэг зурахгүй бол өргөн баригдахгүй.

-Гурван гишүүн гарын үсгээ зурна гэж амалсан гэсэн биз дээ?

 -Гурван гишүүн дутуу байгаа. Гарын үсгээ зурна гэж мэдэгдсэн хүмүүс цөөнгүй байгаа ш дээ. Оюутолгойн үндэслэлээр. Жишээлбэл, Ч.Улаан гишүүн байна, Д.Тэрбишдагва байна. Ер нь манай эвсэл Оюутолгойн асуудлаар бол гарын үсгээ бүгдээрээ зурах ёстой ш дээ. Тэрийгээ ил тод мэдэгдэж байсан, амалж байсан тэр хүмүүс бол гарцаагүй “Шударга ёс” эвслийн гишүүд. Тэгэхээр үүнийг, энэ хоёрдмол байгаа хүмүүсийг л нэг болгох хэрэгтэй байна даа.

-Давхар дээлтэй хүмүүсийн хувьд хоёрдмол байр суурьтай байгаа юм биш үү?

 -Үгүй, тэгээд л тэр улстөрч хэн бэ гэдгээ ойлгох ёстой ш дээ. Өөрийнх нь зарчим, үнэт зүйл юу юм. Оюутолгойг чухам юу гэж үзэж байгаа юм. Тэр 4.7 тэрбумыг тавьж туух нь, Оюутолгойн баялаг тэр чигээрээ байхгүй болох нь, өөрийнх нь хэдэн сарын настай сайдын албан тушаалаас үнэтэй юм уу,  үгүй юм уу. Ийм зарчмын байр суурин дээр өөрийгөө нэг болгох шаардлага улстөрчдөд байна аа л гэж ойлгож байна.

-Ерөнхий сайдыг огцруулах асуудал бүлэг дээр дэмжигдэх магадлалтай байгаа юм биш үү. Өчигдөр мэдээлэл хийж байгаа байдлаас харахад дэмжих ёстой юм байна гэсэн хандлага бүлэг дотор байгаа юм байна гэж санагдсан?

 -Үгүй ээ, тэгээд л улам төөрүүлээд байх юм. Ер нь хамгийн хялбархан шийдье, үнэхээр бодитой үр дүн гаргая, барьцтай болж аваад цааш нь энэ асуудлыг хөвөрүүлье гэвэл гарцаагүй энэ дээр гарын үсэг зурах л ёстой байгаа юм. Гэтэл манайхан чинь ерөөсөө анхны гэрээг нь яривал яасан юм гээд ямаа гэхээр тэмээ гээд явчихдаг хүмүүс байна ш дээ. Асуудлыг шийдэх гэж байгаа юм шиг харагдмагцаа улам бултуулах гэсэн нэг юм арга заль л яваад байна л даа. Энэ бол манай Н.Энхбаяр даргын санаа, эвслийн даргын санаа. Тэгээд одоо яах вэ, ийм л байна.

-Энэ хоёрдмол байдал Оюутолгойгоос гадна Үндсэн хуулийн асуудал дээр ч гарах юм биш үү. Таны дээр хэлж байгаа санааг эвсэл хэр дэмжих вэ?

 -Ямар ч байсан саналаа тавина. Эвслийн бүлэгт саналаа тавих ёстой. Энэ дээр хүмүүсийн байр суурь тодорхой болох байх гэж бодож байна. Үндсэн  хууль дээр тухайлан хэлэлцэж байр сууриа нэгтгэж ярилцаагүй байгаа л даа. Ороод ирвэл нэлээд нухацтай ярилцах сэдэв бол энэ мөн байх аа гэж бодож байна.

-Таныг даваа гаригт мэдээлэл хийсний дараа ийм ийм гишүүд Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг зуржээ гээд твиттэр, фэйсбүүкээр 16 хүний нэр яваад байна лээ. Тэр яг албан ёсоор гарын үсэг зурсан хүмүүсийн нэр мөн үү. Та нэр дурдсан юм уу. Эсвэл таамаглал төдий мэдээлэл яваад байгаа юм уу?

 -Таамаг биш. Бодит мэдээлэл. Ерөнхий сайд гарын үсэг зурсан хүмүүсийг дуудаж уулзаад байна, гарын үсгээ татчих гээд байна, дараагийн зурах магадлалтай хүмүүс дээр ажиллаад байна гэсэн мэдээ сонсогдоод байгаа юм. Би бас тийм аюулаас болгоомжилж тэр 16 хүний нэрийг зарласан. Тэд бол гайгүй байх аа гэж бодож байна. Би өчигдөр /уржигдар/ өглөө фэйсбүүк хуудсаараа нэрсийг нь зарласан юм. Би фэйсбүүк хуудсаа өөрөө хөтөлдөг учраас тэр бол яг миний гаргаж тавьсан мэдээлэл.

-Гарын үсэг цуглуулна гэдэг яггүй наймаа байдаг юм байна гэж хэлсэн байсан?

 -Харин тийм. Тэр наймаанд оруулахгүйн тулд гарын үсэг зурсан гишүүдийг илчилж тавьж байгаа нь тэр. Тэгээд одоо хэн нь наймаа хийсэн байх магадлалтай вэ гэвэл Оюутолгой гэж хамгийн тод чангаар дуугарчихаад тэгээд одоо яг мөн чанар дээрээ гарын үсгээ зурахгүй байгаа тэр л хүмүүс шүү дээ. Тэр хүмүүс өөрөө наймаа хийгээд байгаа юм уу, эсвэл нам, эвсэл нь тэр  хүмүүсийн гарын үсгийг барьцаалаад наймаа хийгээд байна уу. Үүнийг илчлэх ажлыг манай хэвлэлийнхэн хиймээр байгаа юм.

Г.СОНИНБАЯР


URL:

Нэр: unshigch Огноо: 25 November 2015

авлигын загалмайлсан эцэг яаж ч өөрчлөгдсөн ч сурсан зангаа хаяхгүйлдээ албан тушаалаа наймаалцаад байжл байна ш д хахаха

Сэтгэгдэл бичих