Орон сууцны айлууд гэртээ гадуур хувцастай өвөлжих үү

Энэ жил олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байгаа. Учир нь “ес эхлээгүй байхад хэтэрхий хүйтэн байна. Ес эхлэхээр яана даа” гэсэн үг сүүлийн хэд хоног иргэдийн амны уншлага болчхоод байгаа.

Гэтэл хүйтний эрч чангарч буй энэ өдрүүдэд айл өрх болоод албан байгууллагын халаалт муу байна. Хаа сайгүй, ажил дээрээ ч, гэртээ ч “Осгож үхэх нь ээ. Ямар хүйтэн юм бэ? Паар сайн халахгүй байна” гэсэн хүмүүс холхилдоно.

Үүнтэй холбоотойгоор сүүлийн өдрүүдэд дулаан дамжуулах үндэсний сүлжээнд гаргасан иргэдийн гомдол нэмэгдэж хоногт 100 гаруйд хүрээд байгаа аж. Ихэнх нь халаалт муу байгаатай холбоотой гомдол бөгөөд зарим айлуудын халаалтыг 2-3 хоног таслах тохиолдол ч гарч байгаа аж.

Тиймээс чухам яагаад халаалт дулаан доголдоод зарим хэсгээр бүр халаалтгүй болчхоод байгаа талаар Дулаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨК-ийн шуурхай удирдлага тоон албаны дарга Ш.Мөнхжаргалаас тодруулахад, “5 шар нэгдүгээр хороолол орчмын шугамууд нэлээд элэгдэж шаардлага хангахааргүй болсон. Энэ жил солих ёстой байсан боловч төсвийн хүндрэлээс болоод сольж чадаагүй. Тиймээс дулааны алдагдалтай дамжуулж байгаа. Харин бусад хэсэгт гарсан дулааны асуудал энэ долоо хоногт жигдэрнэ” гэсэн юм.

Өөрөөр хэлбэл, 5 шар нэгдүгээр хороолол орчмын айлууд энэ жил хүйтэн өвөлжинө гэсэн үг юм.

Нийслэлийн БГД-ийн  1-р хорооны 2-р хорооллын 46-р байрны айл өрхүүдийн халаалт тааруу байна гэсэн мэдээллийн дагуу бид газар дээр нь очиж сурвалжилсан юм. Тус байрны нэг давхарт амьдардаг айлын эзнээс халаалт ямар байгаа талаар тодруулахад гэртээ орохыг урив. Дулаан алдахаас сэргийлж өрөөнүүдийнхээ хаалгыг хааж цонхнуудаа гадна дотроос нь дулаалсан байв. Харин гэрт нь байгаа хүмүүс дулаан хувцсаа давхарлаад өмсчихсөн, нэг л сонин хүйтэн хөндий айл биднийг угтсан юм. Хаалга онгойлгож өгсөн гэрийн эзэгтэй “Энэ жил манай байрны дулаан маш муу, паар дөнгөж амьтай төдий л халж байна. Зөвхөн манайх гэлтгүй бүх айлууд л ийм байгаа. Цахилгаан халаагуур давхар залгаад ч нэмэр алга.

Хүйтэн болохоор усанд орох хүртэл хэцүү байдаг. Шөнө унтахдаа олон давхар хөнжил нөмөрч, гэртээ бараг гадуур хувцастайгаа байх шахаж байна. СӨХ-д хэлэхээр цонхоо дулаал гэдэг. Манайх 2 ч удаа цонхоо дулаалсан ямар ч нэмэр алга” гэсэн юм.

Харин тус орцны гурван давхрын айлын хаалгыг тогшиход зузаан халаад өмссөн ахимаг насны эмэгтэй хаалгаа онгойлгож өгсөн юм.

Түүнээс халаалт ямар байгаа талаар асуухад “Их хүйтэн байна. Паар ихэнхдээ бүлээн байдаг. Дулаан алдаад байгаа юм болов уу гэж бодоод энэ жил шинэ вакуум цонх тавиулсан. Хамгийн сайн, орос вакуум цонх хийлгээд ч нэмэр алга. Энэ өвөл хүйтэрнэ гэсэн сургаар аль байдгаараа л дулаалга хийсэн. Энэ өвлийг яаж давахаа мэдэхгүй л байна” гээд нэлээн бухимдангуй хаалгаа хаасан юм.

Тус байрнаас гараад бусад байрнуудын халаалт ямар байгааг сонирхож ойролцоо байсан иргэдийн сэтгэгдлийг сонссон юм.

БЗД 4-р хороо 4-р байрны оршин суугч А.Саруул:

-Өмнөх жилүүдэд манай халаалт сайн байсан. Энэ жилээс халаалт эрс муудсан. “Амьтай” төдий гэж ярьдаг даа. Тийм л байна. Халаалт муу байна гэж орон сууцны контортоо хэлэхээр цаанаасаа өгч байгаа нь энэ гэдэг. Хааяа цахилгаан тасарсан тохиолдолд халаалт байхгүй болчихдог. Анх халаалт тавихаас өмнө орон сууцны контороос ирж хий авсан. Одоо халаалт муу байна гээд орон сууцны конторт хандахад цаанаасаа өгч байгаа нь л энэ гэдэг. Тэгэхээр энэ өвлийг яаж давна даа л гэж бодох юм даа.

Баянзүрх дүүрэг 2-р хороо 1 Б хэсэг 13-6 байрны оршин суугч А.Буяннэмэх:

-Их хүйтэн байна. Бид уг нь дулаан газар, тав тухтай байхын тулд өндөр үнээр орон сууц худалдаж авсан. Гэтэл гэр хороололд байснаас илүү хүйтэн нөхцөлд амьдарч хүндхэн байдалтай байна. Гэртээ байнга дээлтэй байдаг. Шөнө унтахдаа 2 давхар хөнжил нөмөрдөг хирнээ даараад унтаж чаддаггүй. Гэв.

Ийм дүр зурагтай айлууд нийслэл хотод олон байна. Жил ирэх тусам төвийн бүсийн шугаманд холбогдсон болон орон сууцны айл, албан байгууллагын халаалт муудсаар байна. Энэ жилийн хувьд ес эхлээгүй, хүйтний эрч чангараагүй байхад л нийслэлийн орон сууцны айлуудын халаалт муу байна гэх иргэдийн гомдол тасрахгүй, зарим нь гэртээ гадуур хувцастайгаа амьдарч байна гэх юм. Гэтэл удахгүй ирэх сарын 22-нд ес эхлэн тэр үед халаалт муутай орон сууцанд амьдардаг хүмүүс яах вэ. Бүгд гэртээ гадуур хувцастайгаа өвөлжих үү?

Т.Болормаа

Zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих