Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаарх М.Энхболд, С.Баярцогт нарын эсрэг байр суурь

УИХ-д Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл өргөн баригдсанаас хойш уг өөрчлөлтийг хийх үү, үгүй юу гэх маргаан өрнөж байна. Тиймээс өөрчлөхгүй гэх байр суурьтай УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболдын болон өөрчилье гэх байр суурьтай УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт нарын байр сууриудыг хүргэж байна.

М.Энхболд уг байр сууриа УИХ-ын байнгын хорооны хурал дээр илэрхийлсэн бол С.Баярцогт “Ардын эрх” сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.

М.Энхболд: Үндсэн хуулийг өөрчилж болохгүй дөрвөн үндэслэл 

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд байр сууриа илэрхийлж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг дэмжихгүй байгаагаа дөрвөн үндэслэлээр тайлбарласан юм.

Тэрээр хэлэхдээ “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага бий юу гэвэл бий. Сүүлийн 20-иод жилийн хугацаанд болсон үйл явдлууд, төр засгийг эмхлэн байгуулсан байдлаас харахад Үндсэн хуульд засч залруулах зүйл байгаа ч өнөөдөртөө хийх боломж бололцоо байхгүй. Тиймээс энэхүү үндэслэлээ дөрвөн үндэслэлээр тайлбарлая.

Нэгдүгээрт, манай улсад Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 22 нам, парламентад суудалтай таван нам бий. Манай нам энэ оны есдүгээр сарын 6-нд улс төрийн 20-иод намыг урьж үндэсний зөвшилцлийн 12 дахь удаагийн уулзалтыг хийсэн.

Энэ уулзалтаар парламентад суудалгүй намууд Үндсэн хуулийн өөрчлөлтийг энэ УИХ хийх боломжгүй, улс орны өмнө тулгамдсан өөр асуудлуудаа ярьж шийдэх ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн.

Өөрөөр хэлбэл, Монголын улс төрийн намуудын дөрөвний гурав нь одоогийн УИХ-ыг Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх боломжгүй гэж дүгнэж байна.

Хоёрдугаарт, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төсөлд УИХ-аас байгуулсан ажлын хэсгийн гишүүдийн санаа бодлыг бүрэн тусгаагүй. Жишээ нь, Үндсэн хуулийг эх хууль гэж нэрлэж байгааг, УИХ-ын гишүүдийн тоог 99 болгох гэж байгааг, УИХ-ын бүрэн эрхийн хугацааг таван жил болгох, ард нийтийн санал асуулга явуулах гэж байгааг ажлын хэсгийн гишүүдтэйгээ огт ярилцаж тохироогүй.

Хуйвалдааны юм уу эсвэл ямар нэг арга замаар нэг хүн ажлын хэсгийн төвшинд огт яригдаагүй асуудлыг төсөлд оруулж ирсэн гэж ажлын хэсгийн гишүүд ярьж байгаа.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой гэсэн дүгнэлтэд ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын дэд дарга Л.Цог гарын үсэг зураагүй. Ажлын хэсгийн есөн гишүүний хоёр нь гарын үсэг зураагүй.

Үндсэн хуулийн нэрийг өөрчлөх, УИХ-ын гишүүдийн тоог 99 болгох, бүрэн эрхийн хугацааг таван жил болгохыг дэмжихгүй хэмээн манай хоёр гишүүн хуулийн төслөөс нэрээ татвал ажлын хэсгийн гишүүдийн санал 50 хувьд хүрэх үү гэдэг асуудал гарч ирнэ. Тиймээс төслийг хэлэлцэхэд хүндрэл гарна.

Гуравдугаарт, нэг үйл ажиллагааг хийхийн тулд хэд хэдэн хууль өөрчлөхийг буруу гэж үзэж байгаа. Нэг компанид, нэг хүнд зориулж хууль гаргадаггүй юм. Үндсэн хуулийг өөрчлөхийн тулд Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг өөрчилнө, үүний дараа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд өөрчлөлт оруулна.

Тэгж байж Үндсэн хуульд өөрчлөлт оруулна. Тэгэхээр ийм богино хугацаанд Үндсэн хуулийг өөрчлөх боломжгүй.

Дөрөвдүгээрт, улс төр, эдийн засаг, нийгмийн байдал хүндэрсэн явдалд Үндсэн хууль буруугүй. Үндсэн хууль 25 жил мөрдөгдөж байгаа. Харин сүүлийн гурван жил нь л “хөөх, яана даа” гэж бүх нийтээрээ шогшроод байгаахүндрэлтэй байдал бий болсон.

Өмнө нь Үндсэн хуулиар улс орны тулгамдсан асуудал, олон харилцааг зохицуулсаар ирсэн. Эцэст нь дүгнэж хэлэхэд, Үндсэн хуулийг өөрчлөх нь цаг хугацааны хувьд, хууль зүйн хэм хэмжээний хувьд, санаачилсан гишүүдийн байр суурь, Монголын улс төрийн намуудын баримталж буй байр сууриудыг ч үзэхэд энэ УИХ бүрэн эрхийн хугацааныхаа төгсгөлд үед Үндсэн хуулийн өөрчлөлтийг яаран сандран хийх боломжгүй гэж үзэж байна” гэлээ. .

С.Баярцогт: Үндсэн хуулийг өөрчлөх таван шалтгаан

Нэг. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах юмуу, шинэчилсэн найруулга ньцаг хугацааны шалгуураар заавал хэмжигдэх ёстой. Манай улсын хувьд 1924, 1940, 1960, 1992 гээд дөрвөн удаа Үндсэн хуулиа цоо шинээр бичсэн. Дундажлаад үзвэл Үндсэн хуулиа өөрчилж байсан хугацаа 23 жил орчим. Дараагийн том өөрчлөлтөө хийх хугацаагаа 2015 он гэж үзвэл 23 жил болчихжээ.

Цаг хугацааны хувьд 20 гаруй жил тогтвортой үйлчилсэн гэж үзвэл 1992 оны Үндсэн хууль үүргээ гүйцэтгэсэн байна.

 Энэ бол Үндсэн хуулийг яагаад өөрчлөх ёстой вэ гэсэн эхний хариулт. Нэгдүгээр шалтгаан нь.

Хоёр. Өнөөгийн нөхцөлд парламентыг хүмүүүс муулсаар байгаад нэр хүндгүй болгочихоод байна. Би бол харин ч хамгийн сайн нөхцөл бүрдсэн гэж үзэж байгаа. Яагаад гэвэл таван намын төлөөлөл байна, бие даагчид байна. Төлөөллийн хувьд энэ парламент нийгмээ төлөөлөх бүрэн боломжтой, нэг нам нь давамгайлаагүй харагдаж байна.

Гурав: Нэг сонгогдсон Ерөнхийлөгч Үндсэн хуулийг өөрчлөхийг санаачилж, эсвэл дэмжиж оролцох улстөрийн тааламжтай нөхцөл байдал үүсдэггүй. Яагаад гэвэл уг асуудал тэр Ерөнхийлөгчийг дараагийн удаа сонгогдоход нь сайн, муу үр дагавар авчирдаг.

Ийм учраас Үндсэн хуулийн асуудал өөрөө сонгуулийн кампани болж хувираад байдаг.

Нэг сонгогдсон Ерөнхийлөгч Үндсэн хуулийн өөрчлөлтийг ямар ч тохиолдолддэмждэггүй, харин зогсоох талд ажилладаг. Тиймээс Элбэгдорж Ерөнхийлөгчийн хоёр дахь удаагаа сонгогдсон энэ цаг хугацааг ашиглах хэрэгтэй. Цаг хугацааны хувьд одоо хийхгүй бол дахиад 8-12 жилээр хойшлох гээд байгаа гурав дахь шалтгаан энэ.

Дөрөв. Хүмүүс Үндсэн хуулийн өөрчлөлтийг энэ парламент бэлдчих, дараагийн парламент батлаг гээд байгаа л даа. Гэтэл шинэ парламент Үндсэн хуулийг баталбал сонгууль дахиж явна. 1990 онд сонгогдсон АИХ, УБХ хоёулаа бүрэн эрх нь таван жил байсан. Гэвч тэд Үндсэн хуулиа батлаад сонгуулиа зургаан сарын дараа хийхээр зарласан.

Хэрвээ энэ өөрчлөлтөөр УИХ-ыг 99 гишүүнтэй болгоод, бүрэн эрхийг нь таван жил болгоод явбал дахин сонгууль явуулах асуудал үүснэ.

Гэтэл ямар ч парламент өөрөө нэг жил ажиллаад бүрэн эрхээ дуусгавар болгохыг бодох уу.

Үндсэн хуулийн өөрчлөлтийг парламентын бүрэн эрхийн төгсгөлд хөнддөг нь бүрэн эрх нь дуусгавар болж байгаа учраас тэр. Энэ бол Үндсэн хуулийн өөрчлөлтийг одоо хийх дөрөвдүгээр шалтгаан.

Тав. Энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт бол маш удаан хугацаанд бэлтгэгдсэн. 2008, 2012 оны парламентын үед Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зургаан ч төсөл УИХ-д орж ирсэн байдаг.

Нөгөө талаар 2012 оны сонгуульд оролцсон бүх нам Үндсэн хуулийг өөрчлөхөө илэрхийлсэн байдаг. Ингээд ажлын хэсэг байгуулсан. АН-аас бусад намтай байгуулсан хамтын ажиллагааны гэрээнд ч хамтарч байх нөхцөлдөө хэрэгжүүлэх хамгийн гол ажлаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг оруулсан байдаг. Энэ бол Үндсэн хуулийг өөрчлөх тав дахь шалтгаан.

Бэлтгэсэн Г.Гэрэл  /GEREG.MN/


URL:

Сэтгэгдэл бичих