Үндсэн хуулийн цэц С.Баярцогтын асуудлыг эцэслэнэ

Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн хуралдаанаар С.Баярцогтыг огцруулах асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ. Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын тухай хуулиар Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг Ерөнхий сайдын оролцоогүйгээр УИХ-ын нэг гишүүний саналаар УИХ хэлэлцэн шийдвэрлэх нөхцөлийг бий болгосон нь Засгийн газар танхимын зарчмаар ажиллах Үндсэн хуулийн үзэл баримтлалыг алдагдуулж улмаар түүний холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ.

Өмнө нь Үндсэн хуулийн Цэцээс “УИХ-ын гишүүн нь сайдыг огцруулах санал гаргах эрхгүй” гэх шийдвэрийг гаргасан ч УИХ-ын гишүүд хүлээн аваагүй. Ийнхүү УИХ дунд суудлын хуралдааны дүгнэлтийг нь хүлээж аваагүй тул Цэцээс дахин долоогоос есөн гишүүний бүрэлдэхүүн бүхий Их суудлын хуралдаа хийж эцсийн шийдвэрийг гаргахаар болсон билээ.

Мөн цэцийн өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуульд, “Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан УИХ-ын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна” гэж заасан нь хүнийг эрхэлсэн ажил, албан тушаалаар нь ялгаварлан гадуурхаж үл болно гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн эсэхийг энэ баасан гарагт болох хуралдаанаараа эцэслэн тогтоох юм.

Д.Жаргал

Эх сурвалж: Zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих