Зүрхний цагаан хүлэгтэн
Зүрхний цагаахан хүлэг үүрсэхнээ
Зүүсгэл гоёлоо далдхан зэхэнхэн
Зүүдний дууч шувуухай нисэхнээ
Зүрэн сонор сэмхэн анирданхан
Ай амраг минь ээ хө
Тамирын голоор солонго татаад л байна аа
Таван хошуу дөтлөсхийгээд л айсуй чиг юм уу
Ташуур хэтээ буулганхан чиг саатаад л байна уу
Тааран шанзны эгшигт хүлэнхэн чиг уяраана даа хө Амрагийг ээ
Зvvдний гэгээн таалалтхан мину зэ
Зүрхний цагаан хүлэгтэн мину зэ
Хайлан сэтгэлийн чавхдас чичрэхнээ
Байлан хуудсыг бийрээр татланхан
Гуулин хөгжмийн аялгуу гансрахнээ
Гоолингоо түүнийг нууцхан хүлээнхэн
Ай амраг минь ээ хө
Цахирын хөндийд тогоруу бүжээд л байна аа
Цахлайн жигүүрээр дүүлсхийгээд л ирээ чиг юм уу
Цахиур гаансаа хээлэнхэн чиг ширтээд л байна уу
Цэцгэн охьтой шaд нэрэнхэн чиг согтооно доо хө Амрагийг ээ
Зvvдний гэгээн таалалтхан мину зэ
Зүрхний цагаан хүлэгтэн мину зэ
Бодлын цэгээхэн хун хөвөхнээ
Босон суун гэнэхэн гэгэлзэнхэн
Хагд өвсний бялзуухай зүүрмэглэхнээ
Хайрын үгсээ оддод шигтгэнхэн
Ай амраг минь ээ хө
Бургалтайн аманд шаазгай шагшираад л байна аа
Буурал дэлтээ хатируулсхийгээд л зорио чиг юм уу
Булган дахаа тайланхан чиг талимаарaaд л байна уу
Буман жилээр жаргал урланхан чиг уяна даа Амрагийг ээ
Зvvдний гэгээн таалалтхан мину зэ
Зүрхний цагаан хvлэгтэн мину зэ
А.Сүглэгмаа
URL: