Чинийхээ тухай бодох шиг зовлон алгаа эх орон минь

Зуун, зууны турш манжийн дарлалд нухлуулсан ч, далан жил хойд хөршийн хараан дор бөхөлзсөн ч, хоёр их гүрний дунд халаасны өрөө шиг жижигхэн орноо бүтнээр нь хадгалж үлдэх гэж амь насаа хайрлахгүйгээр тэмцсэн өвгөдөөрөө бахархаж байна. Ядарсан задарсан, сэргэсэн мандсан  түүхтэй, ялагдсан, ялсан, бадарсан удамтай, яг одоо Монгол хүн гэдэг энэ үгээр би бахархаж байна.

Мориноос өөр унаагүй, тахир сэлэм, махир нумнаас өөр зэвсэггүй, махнаас өөр хоолгүй тал нутгийн зоримог эрс ертөнцийн  талыг морин туурайгаараа тамгалж, дэлхийн дайдыг эзэлж түүхтэй.

Суут тайж Цогт Дуутын хаданд шүлгээн сийлж, “согтуу” хутагт нүцгэн говьд дуулалт жүжиг дэглэж, Өндөр гэгээн монгол бүсгүйн үзэсгэлэн гоог бурхан болгон сарны гэрэлд урлаж, өвөг дээдэс маань тусгаар тогтнолоо амиараа дархлаж, цусаараа сийлж үлдээсэн байна. Тужийн нарсанд Цагаан дээлт Дамдины хүү дөрвөн зуухан цэрэгтэй эх орноо  түмэн дайснаас чөлөөлж, тусгаар улсынхаа төлөө  монголчууд  Халхын голд  самуурайчуудыг   бут цохин өөрсдийн алтан амийг өргөж, хорьхон жилийн өмнө царцаж хөшсөн социализмын хөшгийг цэл залуухан монголчууд Жанжины талбай дээр хуу татаж, мандаж сэргэж Монголчууд сэрж байна.

Монголчуудаа одоо бидэнд  Монгол хүн гэдгээрээ бахархах цаг ирээд байна. Туулсан зууны гашуун үнэнийг ухаарч, тойрч үл чадах цаг хугацааг давж гарахын тулд үндэсний үзлээ сэргээж, өөрөө өөрөөрөө бахархаж, өөрөө өөрсдийнхөө төлөө тэмцэх тийм л үе бидэнд тулж ирээд байна.  Монголын говьд дараастай алт эрдэнэсийн төлөө дэлхийн баячууд нүдээ ч ухаад өгөхөөс ч үл буцаж, хоёр сая гаруйхан хүн амтай, хоёр их гүрний дунд хавчигдан оршиж байгаа жижигхэн гүрний түүх соёлыг газрын хөрстэй хамт хуулж хаяхыг нэг бус хүн санаархаж  байгаа энэ царцанги хөшингө цаг үед Монголчууд бид Монгол хүн гэдэг үндэсний үзлээ л сэргээх цаг ирээд байна.

Уудам талын дуучин бүсгүй Хонгорзул уртын дуугаараа Нобелийн шагнал олгох ёслолын ажиллагааг нээж, харьд сурч байгаа Бямбасүрэнгийн дипломын ажлаар “Ингэний нулимс” баримтат кино “Оскар”-т өрсөлдөж, малчин Найдангийн хүү Олимпоос алтан медаль хүртэж, бардам ихэмсэг хөгшин Англичуудыг гайхашруулсан Оюунгэрэл бүсгүй Геннессийн номонд нэрээ бичүүлж, Монгол залуус дэлхийн дэвжээнд эх орныхоо нэрийг гаргаж байна. Монгол хүн л Монголын баялаг нь, бас Монголын ирээдүй нь гэдгийг бид өнөөдөр өөрсдөө ухаарах цаг болсон бололтой.

Цоодолын Хулан:

Ирээдүй анирдахын бадаг

Илд харших чимээнээр мөсөн түрлэг цангинанхан
Ижий түүхийн мөрөн тунгалагшинхан урсана
Ирээд одсоны араас гуниглах амархаан
Ирээдүйн чинь тухай бодох шиг зовлон алгаа эх орон минь

Цоолбор шаргал үүл намрын тэнгэр барлана
Цогтын балгас дээр хаврын бороо цайрна
Цохлоод ирдэг үйлийн үр ирээдүйн тухай бодол
Цоолдоод миний энгэрийг нулимс шиг хавж унана

Ирээдгүйгээс би Илядыг хол давсан Гэсэр Жангарын туулиа нэхнэ
Их засаг тогтнуулсан чин шударгуу хуулиа нэхнэ
Дэлүүн болдогт залсан шиг хаантай байхыг хүснэ би
Дэлт найман шарга шиг хурдтай байхыг хүснэ

Халхын саруул тал тэнгэрийн хаяатай сүлэлдэж
Харцгайн дэвэлт шиг саран энгэрийн  зүү мэт таширлана
Цэцгийн толгой тасалдаггүй үртэй байхыг хүснэ би
Цэцдийн толгой авдаггүй төртэй байхыг хүснэ би

Ирээдүйгээс би
Норовлон цэнхэр говиосоо улаахан хацартай охид төрж
Норовбанзад шиг дуулахыг сүслэн чагнана
Ноорхой эвий нэг Адарсүрэн найран дундаас өндөлзхөд
Нодогтой төрийн минь алга тэнийж одонгоор шагнахыг үзнэ

Ирээдүйгээс би
Гандангийн хашаанд зулж унасан анхны цаснаас ялгаагүй
Гарцаагүй сэтгэл нь цав цагаан миний муу ард түмэн
Манжийн дарлал шиг унтаа цаг үеэсээ өндийж
Манлай вангийн үхэл шиг босоо амьдрахыг үзнэ

Ирээдүйгээс би
Тужийн нарсанд дүрэлзсэн хувьсгалын дөлөөс тасдаж
Тулгандаа миний асаадаг өглөө бүрийн улаан нар
Туургат гэрийг минь гийгүүлсэн энэ л эрх чөлөө
Тусгаар тогтнолоо цагаан лавайн эгшигээр

Айл гэрийнхээ хойморыг би дуу шигээ дүүргэнэ
Амьсгалын тоолонгоор Монголчууд бид суу мэт амьдарна
Сүү шиг алдараар эх орноо мялааж
Сүлд шиг төрөөр өөрсдийгөө бид шагнана аа Ирээдүйд

Тиймээ. Үнэхээр чиний тухай бодох шиг зовлон алгаа эх орон минь. Монголчууд бид бие биендээ, бас эх орондоо хайртай байх тийм цагийг тэсч ядан хүлээж байна.

Б.Цоожчулуунцэцэг


URL:

Сэтгэгдэл бичих