Ч.Мөнгөндалай: Энэ удаагийн аялал үнэхээр хүнд байсан ч зорьсон зорилго байгаа учраас түүндээ заавал хүрэхийн тулд бүх саад бэрхшээлийг давсан

МЗХ-ны дэргэдэх “Залуу дугуйчин” клубын гишүүн, дугуйчин Чимэдсэнгийн Мөнгөндалай Монгол орноо баруун, зүүн хэсэгт хуваан 2 удаагийн аяллаар 11200 км зам туулан эх орноо бүтэн тойрч чадлаа. Тэрээр эх орныхоо зүүн аймгуудыг тойрох аялалдаа өнгөрөгч долдугаар сарын 09-ний өдөр гарсан бөгөөд 136 өдрийн турш 5000 орчим км зам туулан Улаанбаатар хотын ойролцоо ирээд байна. Түүнийг угтан авах үйл ажиллагаа өнөөдөр буюу 2015. 11. 24-ний 12 цагт Монголын Залуучуудын Холбооны байранд боллоо.

Тэрээр 2014 онд баруун 13 аймгийн 210 гаруй сумын нутгаар дамжин, 167 хоногийн турш 6 200 км замыг унадаг дугуйтай туулсан бол энэ удаад Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр зэрэг 8 аймаг, Налайх, Багануур, Багахангай гэсэн 3 дүүрэг, 60 гаруй сум, сууринаар, хилийн 3 зурвасаар дайран ойролцоогоор 5000 гаруй км замыг хүрэлцэн ирж буй нь энэ юм. Түүний аялал ийнхүү амжилттай өндөрлөснөөр Монгол улсыг дугуйгаар бүтэн тойрсон тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэний хийж буй хамгийн урт бөгөөд хэцүү аялал болон түүхэнд бичигдэж байна.

Ч.Мөнгөндалай аяллынхаа тухай “ Зүүн аймгуудын аялал өмнөх аяллаа бодвол нэлээн хүнд байлаа. Маш халуун нартай дээр айл байхгүй, ус олдохгүй уудам зэлүүд тал ихтэй. Хаагуур явж байгаагаа ч мэдэхгүй төөрөх тохиолдол зөндөө гарсан.  Гэхдээ зорьсон зорилго байгаа учраас түүндээ заавал хүрэхийн тулд зориг гарган бүх саад бэрхшээлийг давсан” хэмээн ярьж байлаа.Түүний явсан газар бүрт МЗХ-ны салбар холбооныхон эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, хооллож ундлах, орон байраар хангах зэргээр дэмжлэг тусламж үзүүлж байсан юм. Аялах хугацаанд нь өлсөж цангахаас эхлээд хөдөө хээр хонох, хээрийн боохойтой нүүр тулах гээд олон бэрхшээлтэй учирч байсан хэдий ч чин үнэнч зориг, хүсэл эрмэлзлэл байхад ямар ч зүйлийг хийж болдог гэдгийг Ч. Мөнгөдалай Монгол түмэндээ батлан харуулж чадлаа.


URL:

Сэтгэгдэл бичих