МҮХАҮТ-ын удирдлагууд хууль зөрчсөн гэв үү

МҮХАҮТ-ын нийт гишүүдэд сонордуулах нь

МҮХАҮТ үүсгэн байгуулагдсан 55 жилийн түүхэндээ 19 удаа Их хурлаа хийж Танхимын удирдлагыг сонгож ирсэн билээ. 2014 оны Их хурлаар хуучин дарга болох, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлтэй олон жил хамтран ажилласан хуучин удирдлагын багийн гишүүд болох өнөөгийн Танхимын дарга М.Оюунчимэг, Орлогч дарга М.Сарандаваа, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгш /Гүйцэтгэх удирдлага/ нар тус Их хурлын төлөөлөгчид, Удирдах зөвлөлийн гишүүдийн итгэл найдварыг хүлээн сонгогдсон. Гэтэл шинэ Гүйцэтгэх удирдлага Танхимын үйл ажиллагааг улам өргөжүүлэн, шинэ санаачилга гарган гишүүн байгууллагуудаа хөгжүүлэх, дэмжин урамшуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэхийн оронд өнөөг хүртэл олсон ололт амжилтыг ухраан, эдийн засгийн хямралын энэ хүнд үед бизнес эрхлэгчдийн эрх ашгийг илэрхийлэн хамгаалах, тэдний дуу хоолойг төр засгийн байгууллагуудад хүргүүлэн бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр ажиллахгүй, бизнес эрхлэгчдийн зах зээлийг тэлж, гадаадад бүтээгдэхүүнээ экспортлох боломжийг олгодог байсан гадаадад аж ахуйн нэгжүүдийг айлчлуулдаг бизнес групп зохион байгуулахыг больсон гэх мэтчилэн олон жилийн туршид гишүүн байгууллагуудынхаа тусын тулд хийдэг байсан ажлуудыг хийхээ болиод байна. Түүнчлэн байгууллагын удирдагч хүнд баймгүй ёс суртахуунгүй үйлдлүүд болох татвараас зайлсхийх, өөрөө өөртөө мөнгө олгох, олон жилийн туршлагатай ажиллагсдыг шахан хавчих, хууль бусаар ажлаас халах зэргээр Монгол улсын хууль тогтоомжуудыг зөрчиж байгаа тул тодорхой баримтад түшиглэн нийт гишүүн байгууллагууд Та бүхэнд хандан хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан энэхүү мэдэгдлийг хүргэж байна.

1. Танхимын ажлыг цалгардуулж байгаа тухай

Танхимын ажилчид бид шинээр сонгогдсон Гүйцэтгэх удирдлагатай 5-30 жил нэг баг болон хамтран ажиллаж олон жилийн турш Танхимын хөгжлийн төлөө идэвхи санаачилгатай ажиллаж байсан билээ. Гэтэл шинээр сонгогдсон Гүйцэтгэх удирдлага сонгогдсоноос хойш бүтэн жил өнгөрөөд байхад ажиллагсдыг удирдлагаар ханган ажиллаж шинэ төрлийн үйлчилгээ, үйл ажиллагааг шинээр нэвтрүүлж ажиллахын оронд өмнө нь хийгдэж зүгширсэн ажлуудыг ч удирдан манлайлж хийхгүй, ажлын дадлага туршлагатай ажилчид л өөрсдийн сэтгэлээр ажлаа урагшлуулж байна. Хамт олноос шинэ санаачилга гаргах, ажил сайжруулах хүсэлт, шаардлагыг удирдлагад гаргахад хүлээж авахын оронд ажил үүргийн талаас бус хувь хүний үзэл бодлоор хандан шахан гадуурхаж байна. Тухайлбал:

-Эдийн засгийн хямралын өнөөгийн хүнд үед Бодлогын өмгөөллийн чиглэлээр гишүүн байгууллагуудынхаа эрх ашгийг хамгаалж төрийн байгууллагуудад асуудал дэвшүүлэн шийдвэрлүүлэх ажлуудыг удирдан зохион байгуулж хийхээ больсон. Энэ чиглэлээр удирдлагын зүгээс ямар ч санаачилга, ажиллах хүсэлгүй байдаг. Энэ нь тэдний мэдлэг, чадвар дутмаг, хувийн эрх ашгаа байгууллагын эрх ашгаас дээгүүр тавьдагтай холбоотой гэж үзэж байна.

-Өмнө нь байгуулсан салбар бүрийн зөвлөлүүд, Засгийн газартай хамтран байгуулсан зөвлөл, хороодын ажлууд бүрэн зогссон нь гишүүдийн эрх ашгийг хамгаалах Танхимын хамгийн гол үндсэн үүргийн нэгийг хэрэгжүүлэх удирдлагын үүргээ биелүүлэхгүй байгааг харуулж байна.

-Өмнөх жилүүдэд гишүүн байгууллагуудын үйл ажиллагаанд хамгийн их тус болдог байсан гадаад бизнес айлчлал, группуудыг зохион байгуулахыг зогсоосон гэх мэтээр маш олон ажлуудыг хийхээ больсон нь өнөөгийн удирдлагын удирдан зохион байгуулах чадваргүйтэй холбоотой.

2. Гүйцэтгэх удирдлагын ур чадвар, мэдлэг боловсрол, туршлага, ёс зүйн дутагдлын тухай

-Гүйцэтгэх удирдлага бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалахад шаардлагатай эдийн засаг, хууль зүйн мэргэжил, туршлагагүй, өмнөх олон жилийн ажлынхаа явцад энэ талаар туршлагатай болох бүрэн боломж байсан боловч суралцаж чадаагүй нь Танхимыг удирдан манлайлах чадваргүйг нь харуулж байна.

-Ажиллагсдыг өөрсдөө манлайлан нэг баг болон ажиллуулахын оронд өөрсдийн хүн болон хуучин удирдлага С.Дэмбэрэлийн хүн гэж ялгаварлан гадуурхаж талцуулж байна. Тухайлбал, ажилтнуудыг өөрсдийн багтаа элс, бусдыг тагнан турш, юу хийж байгааг нь бидэнд мэдээлж бай хэмээн шаардаж дарамтлах, тулга тойрсон хэрүүл, хов живээр ажлаа явуулж түүнийг нь сөрөн зогссон нэгнээс өс хонзон авах замаар ажлаас үндэслэлгүйгээр 20 гаруй хүнийг халаад байна. Тэд эхнээсээ хууль ёсны эрх ашгаа хамгаалан шүүхэд хандаж эхэлсэн болно.
М.Оюунчимэг нь Зөвлөлийн гишүүдэд “С.Дэмбэрэлийн хүмүүс ажил хийх гэхээр садаа болоод байна. Иймээс эд нарыг зайлуулж өөрсдийн хүнээр багаа бүрдүүлж ажиллана” гэж яриад явж байна. Ингэж ярьж байгаа хүнийг бид юу гэж ойлгох вэ? Өөрийгөө хамгаалахын тулд ийм арчаагүй арга хэрэглэж байгаад бид бүхэн гүнээ харамсаж байна. Бид даргад тааруулж ажилладаггүй, бид гишүүнийхээ эрх ашгийн төлөө олон жил ажиллаж ирсэн цаашид ч бид ажиллана.

-Ажлын төлөвлөгөөний биелэлт нь 80%-аас дээш гарч хэд хэдэн улиралын дүгнэлтээр эхний байруудыг эзлэж байсан газар, хэлтсүүдийн ажилтнууд гэх мэт 10 гаруй хүнд нэг өдрийн дотор үндэслэлгүйгээр мэдэгдэх хуудсыг өгч, ажлаас халах шалтаг, шалтгаан хайх, хардах сэрдэх нь хэрээс хэтэрч хөдөлмөрийн хэвийн нөхцөл алдагдаж байна.

-Танхим нь нийгэмд үйчилдэг ТББ болохоос М.Оюунчимэг, М. Сарандаваа, Э. Оюунтэгш гэдэг хүмүүсийн хувийн өмч биш билээ. Гэтэл М.Оюунчимэгийн гэр бүлийн хүн нь сүүлийн үед танхимын дотоод хэрэгт хэт хутгалдан орж, ажилтнуудыг занан сүрдүүлэх, байгууллагын хүний нөөцийн бодлогод хувийн үзэл бодлоор, хөндлөнгөөс дур мэдэн оролцох болсныг юу гэж ойлгох вэ?

3. Гүйцэтгэх удирдлагаас хөрөнгө мөнгө шамшигдуулсан тухай

-Гүйцэтгэх удирдлагын баг нь сонгогдсоноос хойш ердөө л долоохон сарын дараа 2015 оны долдугаар сарын 2-ны өдөр Танхимын 55 жилийн ойг далимдуулан Танхимын дарга М.Оюунчимэг, ЕНБД Э. Оюунтэгш нар нь Тэргүүлэгчид гишүүдийг хууран мэхлэх замаар худал мэдээллээр ханган орон сууц худалдан авах зориулалтаар 300 сая төгрөгийг авахаар шийдвэрлүүлсэн. Энэ нь удирдах зөвлөлийн баталсан төсөвт тусгагдаагүй тусгай хангамжийн зардал бөгөөд МҮХАҮТ-ын өмч хөрөнгө бол бүхэлдээ гишүүдийн хөрөнгө гэдгийг уландаа гишгэсэн үйлдэл болсон. Тухайлбал, М. Оюунчимэг нь Танхимаас өмнө нь байр авч байсан баримт байсаар байхад худал мэдээлэл өгсөн. ЕНБД Э. Оюунтэгш нь гурван өрөө байр худалдан авах гэрээгээр нэгэн компанийн дансанд мөнгөө шилжүүлж авсан бөгөөд гэрээн дээрх тамга тэмдэг болон албан бланкны нэрүүд зөрүүтэй байгаа нь эргэлзээ төрүүлж байна.

-Түүнчлэн дээрх удирдлагууд авсан мөнгөнийхөө татварыг төлөхгүй татвараас зайлсхийж байгаа нь эдийн засгийн гэмт хэрэг бөгөөд удирдагч хүний ёс зүйгүй үйлдэл юм.

-Хувьдаа мөнгө завшахийн тулд энэ хууль бус үйлдийг хүлээн зөвшөөрөөгүй Ерөнхий нягтлан бодогчийн 2-р гарын үсгийг хүчингүй болгох албан тоотыг банкинд хүргүүлж ганц өөрийн гарын үсгээр хувийн дансандаа эмчилгээний зардал нэрээр ямар ч анхан шатны баримт байхгүй 150 сая төгрөгийг шилжүүлэн авсан нь нягтлан бодох бүртгэлийн холбогдох хуулиудыг маш ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Үүнээс харахад цаашид ч олон нийтийн өмчийг хувийн зорилгодоо ашиглахгүй гэх баталгаа алга.

-Ажилчдын цалинг нэмэх боломжгүй хэмээн мэдэгдсэн атлаа их хэмжээний хөрөнгө мөнгө ийнхүү хувьдаа завшсаныг эсэргүүцэн ажилчдаас Зөвлөлийн нийт гишүүдэд явуулсан саналд гарын үсэг зурсан 79 ажилтныг (нийт 120 гаруй ажилтан албан хаагчтай) эхнээс нь “намнаж” эхлээд байна.

-Танхимийн дэргэд Монголын Олон Улсын Үндэсний Арбитрын хуульчид ажиллаж байгаагаас гадна зарим Тэргүүлэгч гишүүд танхимыг дэмжин үнэгүй хуулийн зөвлөгөө өгч ажиллая гэсэн санал гарсаар байхад хэт өндөр үнэтэй хуулийн фирмийг хөлслөн ажиллуулж байгаа нь гишүүн байгууллагуудын татварын мөнгө хөрөнгөөр гараа угааж байгаатай адил юм. Энэ нь танхимын удирдлагууд “ашиг сонирхлын зөрчил”-тэй гэрээ хийсэн юм биш биз гэсэн асуултыг үүсгэж байна.

Нийт Гишүүд ээ, Удирдах Зөвлөлийн дарга бөгөөд Ерөнхийлөгч өө,

МҮХАҮТ-ын өнөөгийн Гүйцэтгэх удирдлагын үнэн дүр төрхийг бид үүгээр товч харуулахыг хичээлээ. Та бүхэн Удирдах Зөвлөлийн хурлаа нэн яаралтай хуралдуулж, МҮХАҮТ-ын чухал үүргийг хэрэгжүүлэхгүй хөсөрдүүлж байгаа удирдах арга барилгүй, мэдлэг, чадвар дутмаг, олон нийтийн байгууллагын өмч хөрөнгийг хувьдаа завшдаг, хамт олныг талцуулан, тараан бутаргадаг өнөөгийн Гүйцэтгэх удирдлагын багийн бизнес эрхлэгчдийн эрх ашгийг уландаа гишгэсэн хууль бус үйлдлүүдийг цаг алдалгүй таслан зогсооно гэдэгт итгэж байна. Гишүүдийнхээ үнэтэй санал, итгэл, найдварыг тань авч сонгогдсон Гүйцэтгэх удирдлагыг буцаан татх эрх нь зөвхөн Та бүхэнд байгаа билээ.

МҮХАҮТ-ЫН ХОХИРОГЧИД

Н.Гэрэл

Эх сурвалж: Tsenzurgui.mn


URL:

Нэр: bi Огноо: 26 November 2015

ene lhagbajav nohor ih l um yaridag um bsan bas hogiin nohor bh ni ajlaa abuut baahan hun hallaa l gesen ooroo haanaas irsnee martsan um bhdaa

Сэтгэгдэл бичих