УИХ-ын гишүүн Х.Наранхүүгийн хэрэг юунаас эхтэй вэ?
-ТҮҮНИЙ ӨМГӨӨЛӨГЧИД ХЭРГИЙГ НЬ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ХҮСЭЛТЭЭ НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТ ГАРГАЖЭЭ-
Албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн УИХ-ын гишүүн Х.Наранхүүд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар манай сонин өмнө нь мэдээлсэн билээ. УИХ-ын гишүүнийг нэгэн хууль зүйн товчооны хоёр өмгөөлөгч өмгөөлж байгаа юм байна. Тэд Нийслэлийн прокурорын газарт хандаж уржигдар үйлчлүүлэгчийнхээ холбогдоод буй хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлт гаргажээ.
Хүсэлтдээ “Хэд хэдэн хуулийг иш татан, албан тушаалаа урвуулан ашигласан гэж эрүүгийн хэрэг үүсгэсэн нь үндэслэлгүй. Иймд үүсгэсэн эрүүгийн хэргийг нягтлан харж хэрэгсэхгүй болгож өгөөч” хэмээн ингэж үзэх болсон шалтгаан, үндэслэлээ бичжээ. Энэ хүсэлтэд прокурорынхон ямар хариулт өгөх нь одоогоор тодорхойгүй байна. Харин УИХ-ын гишүүн Х.Наранхүү тойргийнхоо сонгогчидтой уулзаж яваа бөгөөд өнөөдөр Улаанбаатарт ирэх юм байна.
Түүнд холбогдох хэргийн хавтаст хэрэгтэй танилцаад прокурорынхон зүйлчлэлийг нь нэмэх санал гаргаад байгаа аж. Мөн энэ хэрэгт өнөөдрийн байдлаар арав гаруй хүнээс мэдүүлэг, тайлбар авчээ. Түүнийг буруутгах гол үндэслэл нь “Эрдэнэт” үйлдвэрийн захирал байхдаа их хэмжээний мөнгө зориулалтын бусаар хувьдаа завшиж, бусдад хандив нэрээр их хэмжээний мөнгө өгч үрэн таран хийсэн. Мөн өөрийн танил талын компанийн бараа бүтээгдэхүүнийг зах зээлийн ханшаас өндөр үнээр “Эрдэнэт” үйлдвэрт шахсан хэмээн буруутгаж байгаа. УИХ-ын гишүүнийг мэддэг хүмүүс “Х.Наранхүү зарчимч номын хүн. “Эрдэнэт” үйлдвэрийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж, завших хүн биш. Түүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн нь улс төрийн зорилготой байж магадгүй” хэмээж байсан юм. Юутай ч энэ хэргийг Авлигатай тэмцэх газрынхан үргэлжлүүлэн шалгаж буй. Эцсийн үр дүн хэрхэн гарахыг нь хүлээх л үлдэж байна.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар түүнийг “Эрдэнэт” үйлдвэрийн дарга байхад нь өмнө болон одоо байгаа Төрийн өмчийн хорооны дарга нарыг түүний хэрэгт хамтран оролцсон байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа аж. Түүнийг буруутган шалгаж буй хэргийн захаас дурдвал “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” төрийн өмчит компанийн захирал асан Т.Ганболд, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар нарыг хамтран “Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр”-ээс “Эрдэнэт” үйлдвэрт шууд нийлүүлж байсан ган бөмбөлөг, бэлдэцийг Хонконгийн нэгэн компаниар зуучлуулах зөвшөөрөл олгосонтой холбоотой асуудал гэнэ. Энэ хэрэгт Т.Ганболдыг буруутган шалгаж байгаа бөгөөд Д.Сугарыг албан тушаал, эрх мэдлийнхээ хүрээнд оролцсон байж болзошгүй гэж үзэж байгаа аж. 2008 онд “Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр” Хонконгийн “Стандартниклс” компанид 45 мянган тонн төмрийн бэлдэцийг, нэг тонныг нь 550 мянган ам.доллараар нийлүүлнэ гэсэн гэрээ хийсэн байдаг ажээ.
Г.ЯЛГУУН
URL: