Даруухан айлчлал, даварсан “Арева”

1-1-11-24_700x700

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Франц улсыг зориод ирэв. Айлчлалын талаар нам жим. Цахим хуудастаа бизнес форумыг нээсэн, хөдөө аж ахуй, соёлын салбарынхантай уулзаж, одон медалиар шагнасан гэсэн товч мэдээ байршуулжээ. Үүнээс үзэхэд халдлага болсон хүндхэн үед айлчлал даруухан болж өнгөрсөн гэж бодохоор. Гэтэл Францын “Арева”-г дэмждэгээрээ ма­най Ерөнхийлөгч тус ул­сад ихээхэн нүүр­тэй, нөлөө бүхий нэгэн гэгддэг.

Цөмийн эсрэг хөдөлгөөнийхөн өнгөрсөн хугацаанд энэ тухай удаа дараа мэдэгдэж, цөөнгүй баримт дэлгэж ирсэн нь цагаан дээр хараар бичээстэй бий. Дээр нь холын Францад Ерөнхийлөгчийн даруухан айлчлал эхэлж байхад энд даварсан “Арева”-гийн тухай хэлэлцсэн төрийн бус байгууллага, байгаль хамгаалагчдын уулзалт ч нэгийг хэлж, хоёрыг сануулна.

Өнөөдөр “Арева” Монголд хэрхэн ажиллаж байна вэ? Энэ асуултын хариу нь даруухан айлчлалын далбаан доорх даварсан “Арева”-гийн тухай баримтууд юм. Цөмийн энергийн газар татан буугдаж, тусгай зөвшөөрлүүд АМГ-т шилжиж ирсэн өнгөрсөн тавдугаар сарын 16-ны байдлаар манай улсын хэмжээнд Сүхбаатар аймаг 17, Дорноговь 20, Дундговь 12, Өмнөговь 4, Архангай 2, Сэлэнгэ 1, Баянхонгор 1, Төв аймаг 1 нийт 60 лиценз байна. Эдгээр зөвшөөрөл есөн улсын 15 компанийн мэдэлд байдаг. Франц улс хамгийн олон буюу 25-ыг нь эзэмшдэг. Түүний долоо нь Дорноговь аймгийн зөвхөн Улаанбадрах суманд бий.

Зөвшөөрлийн хугацаа 2008-2012 онд дууссан байх ёстой. Гэтэл ашиглалтын зөвшөөрөл хэрхэн авсан нь тодорхойгүй, үйл ажиллагаа нь үргэлжилсээр байгаа. Улаанбадрах суманд хайгуул явуулснаар 2012 оноос нутгийн иргэдийн мал олноор үхэж, эх мал хээл хаяж өсч үржихээ больсон.

Сүүлийн үед иргэдийн дунд онош нь тодорхойгүй өвчлөл хавтгайрч, жирэмсэн эхчүүд зулбах явдал газар авчээ. Цөөхөн монголчууд ийнхүү цөөрч байхад Төрийн тэргүүн нь “Арева”-г балиагшигладаг байж  таарах уу.

Л.Хэрлэн

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Нэр: Anonymous Огноо: 25 November 2015

Таарна Арева ирвэл амьдрал дээшлэнэ

Сэтгэгдэл бичих