Ё.Цог: Наймдугаар богдын дүрийг бүтээхэд амаргүй байсан

Монголын тайз, дэлгэцийн урлагт гурван үеэрээ зүтгэж буй гавьяат жүжигчин Ё.Цогтой ярилцлаа. Түүний хүү Ц.Хүсэлбаатар, бэр С.Өлзий, ач охин Х.Баярмаа нь хошин урлагийн “Шилдэг өнгө” продакшнд ажилладаг. Дүү нар нь Монголын урлагийн салбарт ажиллаж өөрсдийн түүхийг бүтээжээ

-Та сайхан өвөлжиж байна уу. Таны бие тэнхээ сайн уу?

-Бурхны авралаар бие тэнхээ тавлаг сайхан өвөлжиж байна.

-Насны тэтгэвэртээ гарсан та өдий цагт өвлийн өвгөн болох даалгавар авчихсан л яваа байх?

-Эхний мэдэгдэл ирсэн шүү. “Ийшээ тийшээ битгий яваарай. Хуучин журмаараа ажиллана шүү” гээд найруулагч нар ярьж байна.

Түүний хажуугаар ажиллаж буй уран бүтээл бий юү?

-Зураг авалт нь дуусаад удаагүй байгаа “Тэр жилийн тэр өдөр” гэж Санжийн Пүрэвийн зохиолоор Нагнаадорж найруулагчийн хийсэн кинонд дүр бүтээлээ. Хоёр дайнд сувилагч хийж байсан настан өнөө хэр нь амьд сэрүүн байдаг юм байна. Тэр хүний амьдралаар сэдэвлэсэн кино юм.

-Та цэрэг, дайны холбогдолтой кинонд ихэвчлэн япон хүний дүр бүтээдэг. Тэгэхээр энэ удаад ч гэсэн япон хүний дүрд тоглов уу?

-Барга хүний дүрийг бүтээлээ. Дайны хөлд дөрвөж, төрөл төрөгсөдтэйгөө Ар монгол руу орж ирсэн хүмүүс байдаг. Тэд одоо ч гэсэн Төв аймгийн Баян сумаар нутаглаж байна. Тэр л хүмүүсийн төлөөлөл болж, гэр бүлийнхнийгээ дагуулаад дайны хөлөөр Монгол руугаа ирж байгаа өвгөний дүрийг бүтээсэн.

Тэгээд ч тэтгэвэрт суусан хүн чинь зүгээр суувал уйддаг юм байна. Бас ганц нэг зүйл тэрлэж бичих санаа төрөөд байгаа. Түүний хажуугаар зар сурталчилгаанд тоглож, тэтгэврийн хэд дээрээ таван төгрөг нэмэхийн тулд хүмүүс санал тавихаар нь хүлээн авч байна.

Швейцарийн хамтын нийгэмлэгээс “Ногоон алт” төслийг манайхантай хэрэгжүүлдэг юм байна. Тэр төслийн хүрээнд малын бэлчээр ашиглалтын тухай зар сурталчилгаанд би салхи Дамбийтай тоглолоо. Түүний өмнөхөн Д.Хүрэлээтэйгээ бас л малын шимт тэжээлийн сэдэвтэй сурталчилгаанд дүр бүтээсэн.

-Таны гавьяат жүжигчин Д.Хүрэлхүүтэй тоглосон зар сурталчилгааг хүүхдүүд хүртэл анддаггүй. Тэр сурталчилгаанд бүтээсэн таны ууртай өвгөний дүр хүмүүст их хүрсэн санагддаг?

-Д.Хүрэлээ хүний уурыг хүргэхээр оролдоод байгаа юм чинь. /инээв/ Бид хоёрын тоглосон зар сурталчилгаа хүмүүст их хүрсэн юм шиг байна лээ.

Одоо манай киноны 80 жилийн ой болох гээд нэвтрүүлэгт нөхөдтэйгөө оролцож байна. Нас өндөр болсон болохоор ч тэр үү кинонд тоглох урилга заллага ч цөөн ирэх болж дээ.

-Гэсэн хэдий ч танаас зөвлөгөө авах гэсэн хүсэлтэй уран бүтээлч, найруулагчийн хөл тасардаггүй байх гэж бодож байна?

-Тийм хүмүүс ирнэ. Одоо хүүгийн маань продакшны 20 жилийн ой болох гээд ажил ихтэй байна. Манайд ирээд “Аав аа, ингэвэл яасан юм бэ, тэгвэл яасан юм бэ” гээд надаас асууж л байх юм. Намайг залуухан дөнгөж Хүүхэд залуучуудын театрын дагалдан жүжигчин байхад Д.Жигжид гуайн “Их замын эхэнд” кинонд туслах дүр бүтээж анх удаа дэлгэцэнд гарсан.

Хятадын пүүсүүдийн хаягийг хуу татаж байгаа монгол цэргийн дүрийг бүтээсэн. Тэр үед кино үйлдвэрт очиж ам барьж дуу оруулдаг байсан. Манай Энхтуяа эгч “Чамд хэрэг болно шүү” гээд дагуулж очиж намайг кинонд дуу оруулсан.

Тэгээд “Кинонд дуу оруулах марзганахын нэр биш. Аястаа чамд хоол болно шүү” гэж хэлж байсныг одоо хүртэл санадаг юм. Түүнээс хойш кинонд цахар, өвөрмонгол, казах гээд янз бүрийн хазгай хэлтэй дүр таарвал надаар дуу оруулдаг болсон. Уг нь миний үндсэн урлаг руу орж ирсэн мэргэжил нь хөгжимчин байгаа юм. Ингээд бодохоор нэг зууны талыг урлагийн байгууллагад ажиллаж дээ.

-Хөгжимчнөөс жүжигчин болж мэргэжлээ өөрчилсөн нь одоо бодоход зөв байж уу?

-Зөв байсан. Жүжигчин болж л хоолоо олж идэх ёстой байсан гэж боддог. Дунд нь би жолооч, хэвлэлийн үйлдвэрийн хэвлэгчийн ажил хийсэн ч өөрийн эрхгүй тайз руугаа татагдсаар байгаад урлагтайгаа салшгүй  холбоотой болсон. Хэвлэлийн үйлдвэрт ажиллаж байхдаа ч урлагийн үзлэгт байнга оролцдог байсан.

-Номыг нь үзэж, ногоотой шөлийг нь уугаагүй мөртлөө мэргэжлийн жүжигчдээс илүү дүрээ амилуулдаг таны авьяас төрмөл байх. Бас тэр авьяасыг хэн нэгэн хүн “нээж” өгөөгүй байсан бол та өдийд өөр салбарт ажиллаж байх байсан болов уу?

-Намайг “нээсэн” хүн бол миний багш Доржийн Сэдэд гэж алдартай жүжигчин юм. Цоохор морины наймаачин гэхээр хүмүүс андахгүй дээ. Цолгүй гавьяат, аугаа хүн байсан юм даа. Багш маань жүжиглэх эрдмийг надад гардаж заасан. Мөн хожмоо жүжигчин болоход тусалсан найруулагч олон бий.

Тэднээс Б.Бадар-Ууган найруулагч надад наймдугаар Богд хааны дүрийг гэнэт тохоон өгсөн хүн дээ. Богдын дүрийг бүтээх надад амаргүй даалгавар байсан ч олон хүний тусаар киногоо амжилттай хийж дуусгасан. Бас тэр үед би телевизийн хүүхдийн редакцийн жүжигт тоглодог байлаа.

Тэнд л найруулагч болох шунал төрсөн. Тэгээд Дархан-Уул аймгийн театрт ажиллаж байхад А.Чойсон найруулагч намайг дуудаж би Хүүхэд залуучуудын театрт туслах найруулагчаар ажиллахаар болсон. Тэнд л багшаасаа их зүйл сурсан даа.

-Амьдралдаа бүдэрч үзээгүй хүн байдаггүй. Танд найруулагчдаа зэмлүүлснээс болоод ч юм уу шантарч байсан үе бий юү?

-Би хэзээ ч “жүжигчин болохоо больё” гэж бодож байгаагүй. Харин туугдаж гарч байсан. Залуу насны хөөрүү сэтгэлээр тоглолтод халамцуу ирж, гурван сар, гурван жилийн хугацаатай томилолтоор хөдөө хөөгдөж байлаа.

Завханы Тосонцэнгэлийн Мод боловсруулах үйлдвэрт очоод Булнайн цуурай гэсэн чуулга байгуулж явсан. Дараа нь дутагдлаа ойлгож, тайзаа санаж хот руугаа буцсан даа. Тэр үед хүнийг хөдөлмөрөөр хүмүүжүүлдэг байжээ.

-Та “Тэтгэвэрт гарлаа” гэж дахин дахин хэлэх юм. Гэхдээ авьяас тэтгэвэрт гарахгүй шүү дээ?

-Тэгж л хэлдэг юм. Хүн хөгшрөхөөр илүү үг хэлэх дуртай болдог юм байна. Хааяа залуу найруулагчдад хэд гурван үг хэлнэ. Тэд намайг үглэнэ гэж халгадаг юм уу “Та нарын үе өнгөрсөн” гэдэг гэсэн. Тэрийг нь сонсоод уур хүрсэндээ “Өвгөдийг битгий шоол” гэсэн шүлэг бичсэн.

Одоо байгууллагууд шинэ жилийн баяр нь болох дөхөхөөр “Өвлийн өвгөний үг бичээд өгөөч” гэнэ. Тэгэхээр нь зүгээр суулгүй үзэг цаас нийлүүлж, суух юм. Яг одоо бол гэрийн жолоочийн үүрэг гүйцэтгэж байна даа. Ач, зээ нарыг цэцэрлэгт нь хүргэж өгч, авдаг албан бус ажилтай боллоо.

Хааяа машин шүргэчихээр цагдаа нар “Цогоо гуай 70 насанд даруулга хэрэгтэй шүү” гэхээр инээд алдаад давхидаг. Одоо ч бас хотын энэ үймээнд машин барьж сураад гайгүй болсон.

-Хүмүүс нас ахихаар нутаг амьтай болдог гэдэг юм билээ. Та нутаг руугаа явж байна уу?

-Би жил болгон нутагтаа очдог. Дээрээс нь Хэнтий аймгийн Баян- Овоо сумын Улаанбаатар дахь нутгийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүн нь. Гэхдээ миний өссөн нутаг Булган аймаг юм шүү дээ.

-Таныг харахад залуудаа нэлээд атаман байсан шинжтэй харагддаг. Багадаа хэр дүрсгүйтдэг байв?

-Зүгээр байгаа хүнийг нүдээд байдаггүй, зүггүйтээд байгаа хүнтэй ач тач үзчихдэг л хүүхэд байлаа. Түүнээс биш гудамжны атаман байж үзээгүй.

Ид зүггүйтэх насан дээр маань аав маань арга хэмжээ авсан.Аавын дүү хурандаа Ж.Чойндон гээд Фрунзын академийг төгссөн Батлан хамгаалахын яаманд цэргийн түүхч хүн байсан юм.

-Танай гэр бүл гурван үеэрээ жүжигчин. Та хүүхдүүдийнхээ жүжигчин болно гэдэг шийдвэрийг хэрхэн хүлээн авч байсан бэ?

-Нэг их дуртай байгаагүй шүү. Хүслээг жүжигчин болно гэхэд нь дэмий гээд Багшийн сургуульд оруулсан. Хүслээ бага ангийн багш мэргэжилтэй юм шүү дээ. Гэхдээ сургуулиа төгсөөгүй байхдаа Драмын театрт шалгуулаад дагалдан жүжигчнээр шалгараад орчихсон байсан.

Түүний дараагийн хүү хөгжимчин болно гээд болдоггүй. Тэгээд Хөгжим бүжигт шалгуулаад лимбэчин болоод сүрхий байснаа найруулагч болно гээд сургуульд сурахаар явсан. Эднийг хүүхэд байхад нь бригадаар авч явсаар урлагийн амьсгал бүрдчихдэг юм байлгүй дээ. Таван хүүхдийн хамгийн отгон нь охин.

Тэр хүүхэд бүжигчин болоод дураа мэдээд явсан. Одоо Америкт нөхөр, хүүхэдтэйгээ 10 гаруй жил амьдарч байна. Мөн нэг охин маань өвөөгийнхөө мэргэжлийг өвлөсөн. Тэрний дараагийн хүү маань өнгөрсөн жил 44 насандаа ажлаа хийж яваад хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн дээ.

-Та ярилцлагын эхэнд шүлэг бичдэг болсон талаараа ярьсан. Хоёулаа ярилцлагаа таны сүүлд бичсэн шүлгээр өндөрлүүлье.

-Шүлгийн хэсгээс нь уншъя.

ӨВГӨДИЙГ БИТГИЙ ШООЛ

Өмссөн дээл нь өнгө нь танигдахааргүй гандсан

Үс сахал нь овоонд орхисон самбай шиг цайсан

Үе мөч нь мойнийж өгөршиж хатсан лагс шиг болсон

Өвгөдийг хараад битгий шоол.

-Ярилцсанд баярлалаа

Б.Сэлэнгэ

Эх сурвалж: “Монголын үнэн” сонин


URL:

Сэтгэгдэл бичих