Засгийн газрын хувь заяа Х.Баттулгын “гарт”

УИХ-ын гишүүн Г.Уянга засгийн газрын тэргүүнийг огцруулах тогтоолын төсөлд 16 хүн гарын үсэг зурсан болохыг мэдээлээд буй.  Өнгөрсөн хавраас хойш хоёр улирал дамжин дуншиж буй  уг тогтооллын төсөл хүйтний улирал дамнан хүчээ авах нь уу гэсэн таамаг үүсэж эхэллээ. Тодруулбал, өчигдөр сошиал ертөнцөөр  огцруулах тогтоолын төсөлд  гарын үсгээ зурган 16 гишүүний нэр зарлагдсан юм.

Албан ёсоор Г.Уянга гишүүнийг зүгээс нэрийг нь баталгаажуулаагүй хэдий ч Р.Амаржаргал, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Су. Батболд, Ж.Батсуурь, Х.Болорчулуун,  Ц.Даваасүрэн, С.Ганбаатар, Ц.Нямдорж,  Ё.Отгонбаяр, О.Содбилэг,  А.Тлейхан, Г.Уянга, Л.Цог, Д.Хаянхярваа, Ж.Энхбаяр нарын гарын үсэг зурсан нь болох нь тодорхой болов.

УИХ-ын гишүүн Г.Уянга  түрүүчийн долоо хоногт мэдээлэл хийх үеэрээ “Гарын үсгийн тоо бүрдээгүй байгаа. Бүрдэнгүүт нь би мэдээлэл хийнэ”  гэж мэдэгдсэн билээ.  Үүний өмнөхөн Х.Баттулга, Н.Алтанхуяг нарыг засгийн газрыг огцруулах бичигт гарын  үсэг зурсан талаар хэвлэлээр шуугиад амжсан. Харин Г.Уянга гишүүн үүнийг том наймаа засгийн газартай хийхээр  бэлтгэж буй хувь гишүүдийн тоглолт гэж үзэж буйгаа нуугаагүй. Хэний нэр дурдагдаж байна, тэр зориудаар мэдээлэл түгээж, засгийг  шантаажилж байгаа хэлбэр гэж үзсэн юм.

Тодруулж хэлбэл, Н.Алтанхуяг, Х.Баттулга нарыг хувийн эрх ашгийн үүднээс   зориуд сенсааци дэгдээсэн,  зурахгүй бол зурахгүй гэдгээ л хэл гэж шулуухан сануулаад амжсан хэрэг. Гэтэл нөгөө талд АН-аас ямар  ч тохиолдолд ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурахгүй. Зурсан гишүүн байвал хариуцлага тооцно гэдгээ ч мэдэгдсэн. Ер нь бол  хариуцлага тооцно гэх үгээр луугар гишүүдээ барьж буйгаа ч нуугаагүй. Гэсэн хэдий  ч  ганцаарддаггүй ганц дайчин Р.Амаржаргал зурсан, АН энэ тохиолдолд яалтай ч билээ.

Гэвч АН-ын гишүүдээс Р.Амаржаргалыг эс тооцвол хэн ч иргэний зориг гаргаж, гарын үсэгт мутраа хайрлаагүй. Ирэх сонгуулийн хувь заяагаа бодох үүднээс ямар ч байсан З.Энхболдтой эвтэй байхын чухлыг тэд ойлгож байгаа.  Засгийн газар, УИХ хооронд асуудал байдаг ч З.Энхболд  засгийн суудлыг хамгаалахын  төлөө гишүүдээ зангидах үүрэгтэй. Ер нь хэн байлаа ч тэр ингэж л зүтгэх учиртай хойно.

Харин нөгөө талд засгаас гарч, сөрөг хүчний үүргийг идэвхтэй гүйцэтгэх болсон МАН-ынхан сүүлийн үед  засгийг унагах төлөвлөгөөг дэмжиж эхлэв. Анхандаа Б.Бат-Эрдэнэ гишүүнээс бусад нь халгаад зуралгүй тойрч байсан бол энэ удаа нэрээ нууцлаад сууцгаахыг хүсээгүй бололтой. Ямар ч байсан нэгдэцгээж.

Одоо Г.Уянга гишүүнд АН дотроос дэмжлэг үгүйлэгдэж эхлэв. Тэр үүнийгээ ч ил тодоор  зарлаж, Х.Баттулгыг  зурах ёстой хүний нэг. Гэвч өдий болтол зураагүй л явна хэмээн нүүр номоороо мэдэгдээд амжив. Анзаарсан бол Г.Уянга гишүүн “Ард түмний төлөө дуугараад, тэмцээд байгаа юм шиг харагддаг мөртөө  кнопоо өөр байдлаар дардаг гишүүн байна” гэж нэлээд ярилцлагууддаа онцолдог. Яг нэр оноож хэлэхгүй мөртөө ингэж түншээд байдаг нь учиртай. Түүний хэлээд байдаг битүү ёжлолын эзэн нь Х.Баттулга тэргүүтэй  нөхдүүд юм.

Сүүлийн үед Б.Батзаяагийн баривчилгаа,  прокурорын байгууллагын  зорилтот байдлаар цацагдсан мэдээлэлд  хариу үзүүлэх болсон Х.Баттулга  юу юугүй засгийн эрхэнд халдах нь өөрт нь хэт эрсдэлтэй байж мэдэх. Тэр З.Энхболдтой бол сайдаж, муудаж, гар барьж ч чадна. Харин Тавантолгойн хөрөнгө оруулалтын төсөл, төмөр замын цэргийн асуудал яригдаж байгаа энд үед ерөнхий сайдтай харшилдах нь хэр зохимжтой бол?  Ийнхүү засгийн газрын  тэргүүн суудлыг нь хэрхэхийг шийдэх алтан харандаа гартаа атгаж буй Х.Баттулгын дургүйг тэгтэл нь хүргэхгүй байхаа мэднэ. Ер нь хаана хаанаа гэтэж, хэн хэнийгээ ажиглаж байгаа гэвэл зохих биз ээ.

Гэхдээ Х.Баттулга нэгэнтээ шийдэж, МоАХ фракцаа уриалаад, үгүй эсвэл өөрөө л  засгийн өмнөөс босоод ирэхэд Ч.Сайханбилэг эвгүйднэ. ҮнэхээрГ.Уянга гишүүний үг өдсөнчлөн одоо Х.Баттулга гарын үсэг зурах эсэхэд, дараачийн нүүүдлээ хэрхэн хийхэд засгийн газрын хувь заяа оршиж байна.

Тиймдээ ч  нам дотроо шуудхан Х.Баттулгатай муудчихалгүй, шаардлагатай үед нь дэмжээд явах санаачлагыг З.Энхболд өвөрлөх болсон билээ. Гэвч өнөө хүртэл засгийн газрын уруу дорой байдалд толгой сэгсэрсээр яваа Х.Баттулга тун чиг удахгүй сэрэх биз ээ…?

Ж.Мядагбадам

Эх сурвалж: www.TODAY.mn

URL:

Нэр: Deegii Огноо: 24 November 2015

Zasag ogtsrood Battulgat l ashigtai bz harin ard tumend hohiroltoi

Нэр: Даваа Огноо: 24 November 2015

Ард түмний сэтгэлийг ингэж 2дуулах хэрэггүй бидэнд тогтвортой төр хэрэгтэй байна!

Сэтгэгдэл бичих