Төрийн өмчийн их, дээд сургуулиуд баяртай

Өгч буй мэдлэгтээ бус авч буй сургалтын төлбөртөө л гол анхаарлаа хандуулдаг болсон өнөөгийн их, дээд сургуулийн удирдлагуудын толгойг илээд суух хэрэг байна уу. Аль бүхэнд л дээд боловсролыг шинэчлэхэд цаг хугацаа урт, хөрөнгө мөнгөний асуудал ярьж, хойш нь татсаар байтал тогтолцооны хувьд шүүрэн шанага адил болж хувирлаа. Өөрөөр хэлбэл, дээд боловсрол гээч шанаганы шүүлтүүрт эзэмшсэн мэргэжлийн дагуу тухайн салбарын тавьсан шаардлагад тэнцэхээс тэнцэхгүй их болж гэсэнтэй утга нэг байх шиг. Оюутан сурагчдын сургалтын төлбөр жилийн жилд л 10 хувиас доошгүй хувиар нэмэгддэг бичигдээгүй хууль үйлчлээд арваад жил боллоо. Жил бүр бага багаар, сөөм сөөмөөр нэмэгдэх сургалтын төлбөрөө дагаад, боловсролын чанар ахидаг байсан бол үнэхээр сайнсан.

Өгөх нь бус авах нь чухал

Хамгийн эхэнд онцлоход төрийн болоод хувийн хэвшлийн их, дээд сургуулиудын үйл ажиллагаа, дээд боловсролын тогтолцоонд салбарын яамнаас бүрэн хяналт тавьж байгаа эсэхэд эргэлзэж буйгаа нуух юун. Учир нь, төрийн өмчийн их дээд сургуу­лийн удирдлагууд сургалтын төлбөр хязгаар­тай нэмэх нь үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхэд хүнд байна, төрөөс өгч буй татаас халаалт, дулааны зардалд шингэхээс өөрөөр илүү гаргахгүйгээр барахгүй багш нарын цалинг нэмж чадахгүй, сургалтын орчинг бүрдүүлэх гээд бишгүй зовлон тоочиж, салбарын сайдыгаа гоочилно. Түүний хариуд энд тэндхийн хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрөөс илүүчилье, их бага хэмжээгээр төсвөөс хуваарилья гэх мэтээр гал унтраах маягаар аргадаж харагдах юм билээ. Тэдний хувьд сургалтын орчноо сайжруулахад ингэж ажиллавал амжилтад хүрнэ, оюутан сурагчид болон багш нарын мэдлэг, чадварыг дээшлүүлэхэд тэндхийн туршлагыг нэвтрүүлмээр байна ч гэх юмуу жинхэнэ боловсролын асуудлыг цэгцлэх ажил хэрэгч “үнэр” сэнхийхгүй байна гэж хэлмээр.

Хувийн сургуулиудын “толгой том” болжээ

Бүүр хэтэрсэн нэг асуудлыг энд сөхье. Хувийн их дээд сургуулиуд энэ жилээс төрөөс хараа хяналтгүй болжээ. Сургалтын төлбөрийн нэмэгдэл хэд байсан ч болно, сурах орчин, чанар стандартын асуудлыг ч төр хянах эрхгүй гэх мэтээр “томорч” буйг өөгшүүлэх аятай Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Мэргэжлийн боловсролын газрын дарга М.Баасанжав “Төрийн их, дээд сургуулиудын сургалтын төлбөрийг 2011-2012 оны хичээлийн жилд инфляцийн төвшинтэй уялдуудан 9.4 хувиас хэтрүүлэхгүй нэмэх үүрэг даалгавар өгсөн. Харин хувийн их, дээд сургуулийн тухайд хувь хүний бизнесийн эрх ашиг гэдэг үүднээс хяналт тавьж, хязгаарлах эрх байхгүй” гэх мэтээр өнөө оюутны хяналтын тоо, тусгай зөвшөөрөлтэй нь хатуу ярина гэсэн салбарын сайдын байр суурь ганхаж буйг дээрх хариулт нотоллоо.
Түүний хариуд төлбөр нь нэмэгдлээ гэхэд тэр хэмжээгээр тухайн сургуулийн оюутнуудад өгч буй мэдлэг, сурах орчин гээд чанар стандартын асуудал ямар байгаад хяналт тавих эрх үүрэг холбогдох яаманд бий эсэх талаар дахин лавлахад “но” гэсэн товч бөгөөд тодорхой хариулт. Энэ бол боловсролоор бизнес эрхлэх боломжийг хайнгадуухан дэмжсэн боломж. Түүний бодит жишээ бол “Монос” анагаах ухааны дээд сургууль. Тухайн сургуулийн сургалтын төлбөрийн нэмэгдэлд төр оролцох ч эрхгүй, сургаж чадахгүй бол заавал сурах шаардлага ч байхгүй, хамгийн гол улсдаа тэргүүлэх зэрэглэлийн эмч бэлтгэдэг гэх мэтээр том дуугарч байна. Үнэхээр авсантайгаа адил өгөх өгөөж нь сайн байвал ч яая гэхэв. Түүнд тавих хяналтаа төрөөс анхаарах цаг хэдийнээс эхлэх вэ. Энэ мэтээр хувийн хэвшлийн боловсрол олгогч байгууллагууд БСШУЯ-ны тухайд бүрэн “дархлагдаж”.

Аль вэ, дээд боловсролын шинэчлэл гээд цээж дэлдээд байсан. Гадаад, дотоодын шинэлэг туршлагыг нэвтрүүлэх, боломжийн сурлагатай нэгнээ гаднын сургуулиудад сургах тэтгэлэгт хөтөлбөр гэх мэтээр манай улсын дээд боловсролын үнэ цэнийг алдагдуулж, үе нь өнгөрсөн компьютер, өнгө зассан сандал ширээ төдийхнөөр шинэчлэл хийгээд байгаа юм биш биз. Хувийн их дээд сургуулиуд сургалтын төлбөрөө нэмээд сурах орчноо сайжруулж, багш нарын ур чадварыг дээшлүүлэх тал дээр менежмент хийж ажиллаж байгааг дэмжин ажиллаж байгаа бол төрийн их дээд сургуулиудаа хязгаар тавьж, боомилох хэрэг байна уу.

Өнөөдрийн байдлаар МУИС 970-1.110 мянган төгрөг, ЭМШИУС 1.0-1.4 сая, ХААИС 870-950 мянга, МУБИС 900-1.100 мянга хүртэлх сургалтын төлбөр оюутнуудаас шаардаж байгаа бол “Этүгэн”, “Монос” гэх мэт нэлээдгүй хувийн их дээд сургуулиуд 1.6-2.0 сая төгрөгний сургалтын төлбөрөөр бусдыг тэргүүлж буй. Төрийн гэсэн бүхнийг боомилж, хувийн гэсэн болгоныг дэмжин цэцэглүүлэх бодлого хэрэгжиж байна гэлтэй.  Эсвэл төрийн, хувийн гэлтгүй өгсөн сургалтын төлбөрийн хэмжээнд таарахуйц боловсрол олгоно гэсэн нялуунаас шулуун заалт гаргачихвал яасан юм бэ.

Д.ДОЛГОР

URL:

Сэтгэгдэл бичих