Асад: Оросын ажиллагаа Сирийн байдлыг сайжруулсан
Орос агаарын цэргийн кампанит ажлаа эхэлснээс хойш Сирийн байдал сайжирсан гэж тус улсын Ерөнхийлөгч Башар Асад хэлсэн байна.
“Террористуудтай тэмцэх ажиллагаагаа Орос эхэлснээс хойш Сирийн байдал дээрдсэн. Сирийн арми тулааны талбар бүрд урагшилж буйг хэлж чадна. АНУ тэргүүтэй эвслийн нэг жил хийж чадаагүйг Оросын агаарын цэргийн хүчин хоёр сард хийсэн” гэж тэрбээр хэлжээ.
“Хоёр сарын өмнө Орос оролцож эхлэхээс өмнө, “Америкийн холбоо” гэж нэрлэдэг бүлэг террористуудтай тэмцэх кампанит ажлаа эхлээд нэг жил болсон байсан. Үр дүнд нь террористууд илүү газар нутаг эзэлж, дэлхий даяар хүн нэмж элсүүлсэн” гэж Сирийн “SANA” агентлагт өгсөн ярилцлагадаа Асад хэлэв.
“Орос, АНУ тэргүүтэй эвслийн гол ялгаа нь Москва Сирийн армитай хамтардаг, Вашингтон хамтардаггүй. Оросын ажиллагаа эхэлсэн эхний сард террористууд ухарч, Сириэс зугтан гарсан юм” гэж тэрбээр нэмж хэлжээ.
Х.Аминаа
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
URL: