Шинэ цэргийн тангараг өргөх ёслол болно
Энэ оны хоёрдугаар ээлжийн цэрэг эрсийн тангараг өргөх ёслол энэ сарын 28-нд Төв аймгийн Алтанбулаг сум дахь Шинэ цэргийн сургалтын нэгдсэн төвд болно. Тангараг өргөх ёслолд БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд, шинэ байлдагч нарын ар гэрийнхэн оролцох юм байна.
Цэрэг эрс тангарагтаа “Монгол Улсын иргэн Би Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ үнэнчээр биелүүлж, өвөг дээдсийнхээ ариун гал голомт болсон Монгол Улсынхаа халдашгүй дархан байдлыг амь бие үл хайрлан батлан хамгаалахаа эх орон, төр, ард түмэндээ андгайлан тангараглая.
Эх орноо батлан хамгаалагч дайчин Би өргөсөн тангаргаасаа няцваас төрийн хууль ёсны цээрлэл хүлээнэ. Би ард түмнийхээ үндэсний эв нэгдэл, Монгол цэргийн шилдэг уламжлалаа эрхэмлэн хүндэтгэж, цэргийн эрдэмд шамдан боловсорч, улсын нууцыг найдвартай хадгалж, Монгол Улсын хууль, цэргийн дүрмийг чанд сахин биелүүлэхээ батлан тангараглая” гэдэг ажээ.
О.Хангал
URL: