Wikileaks ба сэтгүүл зүй
Wikileaks дөрөв дэх засаглалын нэг хэсэг, гэхдээ бүрэн утгаараа биш. Өөрөөр хэлбэл, энд сэтгүүлчийн хөдөлмөр байхгүй. Wikileaks бол асар их мэдээллийн эх сурвалж-
Wikileaks сайттай холбоотой дуулиан түүнийг үүсгэн байгуулагч Жулиан Ассанжег хэд хэдэн хэрэгт буруутган баривчилсанаар улам өндөр авч байна. Даваа гаригийн оройн Лондон хотноо баривчлагдсан Ассанжегийн өмгөөлөгчид тэдний үйлчлүүлэгч гэм буруугүй, энэ бол зөвхөн түүний эрхлэн гаргадаг Wikileaks сайтын амыг барих оролдлого хэмээн мэдэгдэж байна. Харин Их Британийн албаны эх сурвалж Ассанжегийн баривчилгаа Wikileaks сайттай огт холбоогүй, Ассанжегийн Шведэд байхдаа үйлдсэн байж болзошгүй хэрэгт буруутган баривчилж байгаа хэмээн мэдэгдсээр байгаа.
Өнгөрсөн сарын сүүлээс Wikileaks сайтад АНУ-ын дипломат албаны нууц баримтууд дэлгэгдэж эхэлсэнээс хойш уг сайтын ажиллах нөхцөлийг хаах шат дараатай алхмууд хийгдэж ирсэн бөгөөд энэ бүхэн Ассанжегийн эрх чөлөө хязгаарлагдсанаар төгсөх нь тодорхой байсан юм. Тиймээс ч түүний хамтран зүтгэгчид нь “хэрвээ Ассанжег баривчлах аваас илүү ноцтой мэдээлэл гарган тавина” хэмээн мэдэгдэж байсан. Wikileaks сайтын хандивлагч томоохон компаниуд болох Master card, PayPal зэрэг компанийн хандивийн дансыг хаасан. Ассанжег баривчилсныг эсэргүүцсэн хакерууд өчигдөр Шведийн Прокурорын байгууллагын сайтыг ажиллагаагүй болгосон. Wikileaks-тэй холбоотой хэрэг явдлын өрнөл араасаа хэд хэдэн чухал хэлэлцүүлгийг дагуулж байна. Юун түрүүн энд мэдээлэл авах эрхийн асуудал хөндөгдөж байгаа юм.
“Ил тод байдал нь бүх хүнд сайн сайхан нийгмийг бүрдүүлж чадна”
Хориотой нууц, хүний мууг үзсэн мэдээллийг хамгийн түрүүн сонирхон уншдаг нь хүний төрөлхийн зан. Wikileaks-ийн тухайд өнгөрсөн зун АНУ-ын цэргүүд Иракт энгийн иргэдийг буудаж байгаа видео бичлэгийг анх тавьж шуугиан тарьсан. Дараа нь Афганистанд амь үрэгдсэн АНУ-ын цэргүүдийн тоог “үнэнээр нь” нийтэлсэн нь ээлжит шуугиан болсон. Энэ удаагийн цувралаар тавьж буй нууц мэдээлэл нь нийтдээ 250 мянга гаруй гэж байгаа бөгөөд эцсийн дүндээ АНУ-ын олон улсын тавцан дахь нэр хүндэд ихээхэн уршиг удахаар байгаа юм. Тиймээс ч АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга хатагтай Хиллари Клинтон зарим нэг орны түншүүддээ урьдчилан мэдэгдэж, “цус харвахгүй” байхыг анхааруулсан гэх.
Дэлхийн улс төрийн гол тоглогч АНУ-ын эсрэг удаа дараа ийнхүү дайралт хийж буйг зохион байгуулалттайгаар АНУ-ын эсрэг чиглэсэн гэж хэлэх хүн байгаа ч хэвлэлийн эрх чөлөөг хамгийн дээдэлж, дэлхийн улс орнуудыг “хэвлэлийн хагас эрх чөлөөтэй”, “эсвэл хэвлэлийн эрх чөлөөгүй” хэмээн тодорхойлдог АНУ-ын талаарх мэдээллийг дэлхийн 200 гаруй улсын иргэд мэдэх эрхгүй гэж үү.
Мэдээж ямар ч улс оронд тухайн улсын хуулиар хамгаалсан нууц гэж байдаг. Гэвч Wikileaks-ийн дэлгэсэн мэдээллүүд дотор нууцын ангилалд багтахааргүй, шантаажлах, басамжлах зорилгоор авсан мэдээллүүд байгааг анзаарсан биз. Тухайлбал, Италийн Ерөнхий сайд С.Берлусконийг “нэр алдарт дуртай, дээрэлхүү”, Зимбабвегийн Ерөнхийлөгч Роберт Мугабег “галзуу өвгөн” хэмээжээ. Тэгээд ч хуулиар хамгаалсан нууц мэдээллийг хуулийнхаа хүрээнд хамгаалах нь тухайн улсын үүрэг. Лондонд баривчлагдаад буй Ассанже “Ил тод байдал нь бүх хүнд сайн сайхан нийгмийг бүрдүүлж чадна” хэмээн хэлсэн нь түүний сайтын гол философи юм.
Wikileaks сэтгүүл зүй хоёр хамаатай юу?
Wikileaks-ийн дэлгэсэн мэдээллүүд сэтгүүл зүйн утгаар авч үзвэл мэдээ биш юм. Сэтгүүл зүйд олон нийтэд түгээх зорилгоор бэлтгэсэн сэтгүүлчийн бүтээлийг мэдээ гэж үзнэ гэсэн томъёолол байдаг. Үүнээс үүдэн дараагийн хэлэлцүүлгийн сэдэв гарч байгаа юм. Энэ бол орчин цагийн техникийн дэвшил, технологид суурилсан мэдээллийн шинэ хэлбэр онлайн мэдээллийн ач холбогдол цар хүрээ, зохицуулалтын асуудал юм.
Дэлхийг хэрсэн интернэтийн сүлжээ нь хүн хүссэн мэдээллээ хэзээ ч авах боломжийг бүрдүүлж байгаагийнхаа хэрээр хэрэглэгч-уншигчаас мэдээллээ зөв хүлээн авч боловсруулах соёл, мэдлэгийн төвшинг шаардаж байна. Нэгэн зэрэг хэдэн сая хүн хүлээн авч байгаа учраас интернэтийн сайтууд бол мэдээллийн хэрэгсэл.
Wikileaks дөрөв дэх засаглалын нэг хэсэг, гэхдээ бүрэн утгаараа биш. Өөрөөр хэлбэл, энд сэтгүүлчийн хөдөлмөр байхгүй. Wikileaks бол асар их мэдээллийн эх сурвалж.
Wikileaks-ийн үр дагавар юу вэ?
Нууцыг улам нууцлах болно гэдэгт олон хүн итгэлтэй байна. Өөрөөр хэлбэл, сэтгүүлч бидний ажил улам төвөгтэй болж, төрийн байгууллагуудын мэдээлэл улам хаагдах аж. Тэртэй тэргүй хаалттай байдаг төрийн байгууллагуудаас үг унагах аргагүй болж магадгүй байна. Сэтгүүлчид бидний ихээхэн найдвар тавьж байсан Мэдээллийн авах эрхийн хуулийн төсөл одоо хаа яваа нь мэдэгдэхээ больжээ.
“Мэдээж төрийн өндөр албан тушаалтнууд, тэдний доор ажилладаг түшмэдүүдийн мэдээлэлд хандах хариуцлага өндөрсөнө. Өөрөөр хэлбэл, улам нууцлах болно. Чухал шийдвэрүүдийг албан ёсны уулзалт хэлэлцээрүүдийн ард биш, протокол хөтөлдөггүй “зангиагүй уулзалт”-уудын үеэр гаргах нь ихэснэ. Дээд болоод дунд тушаалтнуудын харилцан итгэлцлийн асуудал сөхөгдөж, давхар хяналтын дамжлага гарах болно” хэмээн Сингапурын Үндэсний их сургуулийн профессор Саймон Честерман бичжээ.
Д.НАРАНТУЯА
URL: