Зоос банкны хэрэгт хоёр хүнийг яллагдагчаар татаж шүүх рүү шилжүүллээ
Зоос банкыг дампууруулсан гэх хэрэгт тус банкны захирал асан Ш.Чуданжий, Сангийн яамны Төрийн сангийн газрын дарга Х.Пүрэвсүрэн ТУЗ-ын дарга асан Д.Бат-Эрдэнэ нарыг сэжигтнээр татан шалгасан хэргийг УМБГ-аас саяхан прокурорын хяналтад шилжүүлсэн билээ. Эх сурвалжийн мэдээллээр Зоос банкны хэрэгт холбогдсон сэжигтнүүдээс хоёр хүнийг яллагдагчаар татан хавтаст хэргээс нь хэргийг нь тусгаарлан шалгаж шүүх рүү шилжүүлжээ. Өөрөөр хэлбэл Зоос банк дампуурсан хэрэгт татагдсан хүмүүсээс хоёрт нь хууль хяналтынхан ял төлөвлөсөн аж.
Чухам хэн хэнийг яллагдчаар татсан эсэх нь нийслэлийн Прокурорын газраас нууцалж байна. Уг хэрэгт Ш.Чуданжий, Д.Бат-Эрдэнэ нарт Эрүүгийн хуулийн 156 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт заасан” Банкны байгууллагын ажилтан шунахайн буюу хувийн ашиг сонирхлын үүднээс банкны болон мөнгөн хадгаламж төлбөр тооцоо,банкны зээлийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж зөрчин бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэсэн зүйлчлэлээр хэрэг үүсгэсэн юм. Харин уг хэрэгт сэжигтнээр татагдан Ганц худагт хоригдож буй Сангийн яамны төрийн сангийн газрын дарга Х.Пүрэвсүрэнд ямар зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн нь тодорхойгүй байгаа юм.
Түүнчлэн энэ оны зургаадугаар сарын 13-ны өдөр Зоос банкны хохирогчид Сангийн сайд С.Баярцогт, Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, Европын сэргээн босголт банкны Турнбулл нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж өгөх хүсэлтийг УМБГ-т хохирогчдын холбооныхон тавьсан гэсэн мэдээлэл бий. Ингэж хүсэлт гаргах болсон учир нь 2009 оны арваннэгдүгээр сарын 19-нд Засгийн газар банк байгуулах 348 дугаар тогтоол гаргаж, банкны үүсгэн байгууллагчаар Сангийн яамыг томилсон аж.
Гэтэл хуулийн дагуу уг асуудлыг УИХ мэдэх ёстой байж. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8.2-т зааснаар “Нийгэмчлэх шийдвэрийг гагцхүү УИХ гаргах эрхтэй” гэж заажээ. Гэвч Засгийн газар өөрийн эрх мэдлээс хэтрүүлж шийдвэр гаргасан гэнэ. Банкны тухай хуулийн гуравдугаар бүлгийн 17.1-т зааснаар төсвөөс санхүүжиж буй хуулийн этгээдээс бусад хуулийн этгээд, иргэн банк байгуулж болно” гэж заасан юм байна. Эл хуулийн заалтуудыг дээрх албан тушаалтнууд зөрчсөн гэж хохирогчид үзэж байгаагаа илэрхийлсэн байдаг. Гэвч эрхэм сайд С.Баярцогт уг мэдээллийг няцааж байгаа юм.
Н.Түвшин
URL: