Хөгжлийн банкны “но” АН-ын нууцыг задлахаас айж байна уу?

http://www.bolod.mn/Upload/news/hugjil_bank.jpg

-Тус банкны талаарх УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ нь авч хэлэлцэхгүй, олон нийтэд нууц байсаар бүтэн жил тойрох дөхөж байна. Шалгалтын дүн юу гэж гарсан нь тодорхойгүй удахын хэрээр Хөгжлийн банк хүчийг олон томорч, хэвлэлээр гарсан мэдээллүүдийн мөрөөр сэтгүүлчдийг шүүхэд өгнө гэж сүрдүүлэх боллоо-

Энэ оны нэгдүгээр сард “Хөгжлийн банк”-ны үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх үүрэгтэй ажлын хэсгийг УИХ-ын дарга З.Энхболдын захирамжаар байгуулсан. Хөгжлийн банктай холбоотой хардлага нийгэмд их байгааг зөв олж харж байгуулсан ажлын хэсэг. Хачирхалтай нь ажлын хэсгийн дүгнэлт олон нийтэд нууц байсаар бүтэн жил тойрох дөхөж байна. Шалгалтын дүн юу гэж гарсан нь тодорхойгүй удахын хэрээр Хөгжлийн банк хүчийг олон томорч, хэвлэлээр гарсан мэдээллүүдийн мөрөөр сэтгүүлчдийг шүүхэд өгнө гэж сүрдүүлэх болов.

Яагаад хяналт, шалгалтын дүгнэлт ийнхүү олны анхаарлаас дайжсаар өдийг хүрэв гэдэг асуултад ард нь “но байгаа болоод л тэр” гэж хариулах, хардахыг хослуулах хүмүүс цөөнгүй.

УИХ-ын Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны гишүүдийн бүрэлдэхүүнтэй байгуулсан дээрх ажлын хэсэг өнгөрсөн мягмар гаригт байнгын хорооны хамтарсан хуралдаанд шалгалтын дүнгээ танилцуулах хуваарьтай байжээ. Гэвч гишүүдийн ирц бүрдээгүй гэдэг шалтгаанаар хуралдааныг хойшлуулсан юм.

Үүний дараа УИХ-ын гишүүн ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан мэдэгдэл хийж, “гомдол” мэдүүлсэн. Түүнийхээр бол АН-ын гишүүд зориуд хуралдаанд орж ирэхгүй, ирцийг бүрдүүлэхгүй байснаас шалтгаалан хурал хойшилсон бөгөөд ирэх лхагва гаригт Байнгын хороо дүгнэлтийг хэлэлцэхгүй бол үхэн хатан нууцлаад байгаа зүйлсийг нь зарлана хэмээн албан ёсоор “ам гарсан”.

Тэгвэл УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн ажлын хуваарьт лав тухайн ажлын хэсгийн тайланг хэлэлцэх асуудал байсангүй. Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хэлсэндээ хүрч шалгалтаар илэрсэн гээд байгаа Хөгжлийн банкны булхайг дэлгэвэл Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбатын занаанд орж, шүүхэд дуудагдах гээд байгаа хэвлэлүүд аврагдах юм.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Өглөөний сонин”-д өгсөн ярилцлагадаа “Миний сонссон мэдээллээр бол УИХ болон АН-ын дарга З.Энхболд өөрийнхөө захирамжаар байгуулсан ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ дахь АН-ын бүлгийн хурлаар хэлэлцсэний дараа л Байнгын хороогоор хэлэлцүүлнэ гэсэн байр суурьтай байгаа. Ажлын хэсгийн дүгнэлтийг намын бүлгээр хэлэлцсэний дараа, түүнээс гарсан зөвлөмж, дүгнэлтийн дараа Байнгын хороогоор хэлэлцэх гэж байгаа нь арай хэтэрхий улстөржсөн үйл ажиллагаа болж байна. Нэг ёсондоо дээрх бондын мөнгөнөөс идэж шамшигдуулсан намынхаа гишүүдийг яаж хаацайлах арга хайж байна гэж л ажлын хэсгийн ахлагчийн хувьд хардаж байгаа. Надад хардах эрх байж болно биз дээ” хэмээсэн байна.

“Хөрөнгө мөнгө эзэнгүйдүүлж, зувчуулсан зөрчил дутагдал арай ч дээ гэмээр их хэмжээтэй гарсан л даа. Та нар бод л доо” хэмээн тэрээр халагласан нь олон хэвлэлийн нүүрэнд гарсан юм. Тус банкны шилэн дансны мэдээллийг манай сайт мөн өмнө нь нийтэлсэн.

Хяналт, шалгалт хийсэн ажлын хэсгийн ахлагч нь ингэж халаглаж, хардаж байхад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ч мөн хардах эрх бий.

Гэтэл УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн хийсэн мэдээлэл, өгсөн ярилцлага, тодруулгын араас Хөгжлийн банк сурсан зангаараа сүржин мэдэгдэл гаргаж хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг заналхийлжээ.

Тэрхүү мэдэгдэлд дурдсанаар “…байгууллагын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх ноцтой үр дагавартай байх тул буруу ташаа мэдээллийг олон нийтэд түгээсэн байгууллагаас Монгол Улсын Хөгжлийн банкны нэр хүндэд учруулсан хохирлыг нэхэмжлэхээс гадна холбогдох хуулийн дагуу эрх бүхий байгууллагаар шалгуулах болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэжээ. Ажлын хэсгийн ахлагчийг үг хэлэх эрхгүй болгох гэв үү, хэвлэлүүдийг занав уу. Угтаа Хөгжлийн банк байсгээд л ийм мэдэгдлийг гаргадаг төдийгүй сэтгүүлчийг шүүхэд өгч шалгуулдаг том газар аж.

Тухайлбал, Өглөөний сонин “Манай сонин энэ хэргийн араас уйгагүй хөөцөлдөж, Хөгжлийн банк бондын мөнгийг дур мэдэн хараа хяналтгүй цацаж, дунд нь ихээхэн хөрөнгө шамшигдуулсан байж болох хэргийн сэжүүрийг нийгэмд дэлгэн тавьсанд хонзогносон Гүйцэтгэх захирал Н.Мөнхбат манай сэтгүүлчийг шүүхэд өгөөд байгаа. Гэхдээ удахгүй үнэн ялж, Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал биднээс уучлал гуйх өдөр ойртож байна” хэмээн нийтэлжээ. Харин үнэн ялах өдөр хэзээ юм бол оо?

Шүүхэд дуудагдаж магадгүй болоод байгаа хэвлэлүүд Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн ажлын хэсгийн шалгалтын дүнг УИХ-аар хэлэлцэж эхлэх тэр өдрийг “Үнэн ялах өдөр” гэж хүлээж байгаа. Гэтэл УИХ уг дүгнэлтийг задлахаас эмээн хойшлуулсаар байх юм.

Ажлын хэсгийн дүгнэлт дээр одоогоор Л.Энх-Амгалан, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Г.Уянга нарын гишүүдийн гарын үсэг л байгаа гэнэ.

Бусад гишүүд болох АН-ын Г.Батхүү, Б.Гарамгайбаатар, Ц.Баярсайхан, Я.Санжмятав, бие даагч Х.Болорчулуун нар гарын үсгээ зурдаггүй гэнэ. Тэд сураг чимээгүй алга болчихдог хэрнээ “Дүгнэлтээ танилцууллаа шүү” гэхээр маргааш нь хүрээд ирцгээдэг, тэгсэн хэрнээ гарын үсгээ зурж баталгаажуулдаггүй аж. Үхэн хатан нууцлаад байгаа Хөгжлийн банктай холбоотой АН-ын нууц гээч задрах болов уу?

Эх сурвалж: Politik.mn


URL:

Нэр: ч Огноо: 23 November 2015

Х.Болорчулуун энэ ч юув дээ

Сэтгэгдэл бичих