ОХУ-аас шүлхийн 37 сая тун вакцин хүлээж авлаа
Монгол Улсын Ерөнхий сайд өнгөрсөн оны сүүлчээр ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалынхаа үеэр хоёр орны засгийн газрын тэргүүн харилцан тохиролцсоны дагуу Монгол малыг эрүүлжүүлэх, мал эмнэлгийн албаны техникийн бэлэн байдлын чадавхийг бэхжүүлэхэд зориулан ОХУ-аас нийт 375 сая рублийн үнэ бүхий 37 сая тун шүлхий өвчний вакцин, 22 ариутгал халдваргүйжүүлэлтийн тусгай зориулалтын авто машиныг буцалтгүй тусламжийн хүрээнд манайд олгохоор болсон.
Буцалтгүй тусламжаар нийлүүлж байгаа малын шүлхий өвчний эсрэг вакциныг хүлээлгэн өгөх ажиллагаа мал эмнэлгийн хүрээлэнд өчигдөр боллоо.
Уг ажиллагаанд Шадар сайд М.Энхболд, ХХАХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Т.Гантулга, ОХУ-ын Элчин сайдын яамны зөвлөх Александр Юриевич Шманевский нар оролцов.
Энэ үеэр “Монгол Улсын засгийн газрын санаачлагаар мал сүргийг эрүүлжүүлэх, бүртгэл, мэдээлэлд хамруулах, мал эмнэлгийн үйл ажиллагааг хот айл, малчин өрх бүрт хүргэж нийт мал сүргийг бүрэн хамруулах Таван-Эрдэнэ аяныг орон даяар эхлүүлээд байгааг албаныхан хэллээ.
Мөн “Бид энэ вакцинаар шүлхий гарсан болон сэжигтэй бүс нутгийн долоон аймаг, нийслэлийн холбогдох сум, дүүргийн 10.5 сая малыг өнөөдрөөс эхлэн аравдугаар сарын 20-ны дотор бүрэн вакцинжуулна. Энэ ажлыг эхлүүлэх бэлтгэл хангагдсан” гэв. Цаашид нийлүүлэгдэх тусламжийн вакцинаар Монгол Улсад шүлхий өвчин гарсан болон сэжигтэй бүс нутгийн бүх малыг урьдчилан сэргийлэх, вакцинжуулалтад 2013 он хүртэл хамруулах юм.
Мөн тусламжаар нийлүүлэгдэх ариутгал, халдваргүйжүүлэлтийн “ДУК” машиныг бүх аймаг, нийслэлийн мал эмнэлгийн албадын техникийн чадавхийг бэхжүүлэх зорилгоор олгох шийдвэр гаргаад байгааг Шадар сайд М.Энхболд хэллээ.
Харин ОХУ-ын төлөөлөгч Александр Юриевич Шманевский “Манай улсаас танай оронд өгч байгаа энэхүү буцалтгүй тусламж нь хоёр орны найрамдлыг бэхжүүлэх ажил боллоо” гэлээ. Тусламжаар ирсэн вакцинуудыг өнөөдрөөс эхлэн Улаанбаатар хот болон Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Төв, Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр аймгуудад тараах юм байна.
Б.Чинзориг
URL: