Гадаадын хөрөнгө оруулалтыг үргээх сонгодог жишээ буюу “Грандлайн” компани ба Турк

http://www.bolod.mn/Upload/news/1445313741_bnatuul.jpg

Гэр хорооллыг дахин төлөвлөх ажлыг эхлүүлсэн Хотын дарга, аавынхаа ажилд туслахаар яваад бүтэлгүйтсэн түүний хүү Б.Чулуудай нарын талаарх дуулиан багагүй хугацаанд үргэлжлэв. Эцэс сүүлд нь аав хүү хоёр нэгнийгээ өрөвдөж, өөрсдийгөө буруутгах дүр үзүүлснээр байдал намжсан юм.

Өөрөөр хэлбэл Б.Чулуудай хэвлэлд “Манай “Грандлайн” компани бол хөрөнгө оруулалт зуучлалын компани. Тухайлбал, Батын газар дээр  би хөрөнгө оруулалтын зуучлал хийгээд Дорж

гэдэг хүний хөрөнгийг бас өөрийнхөө хөрөнгөтэй нийлүүлээд бүтээн байгуулалт хийнэ. Тэгээд  Бат болон Доржид бас өөртөө ашигтай ажиллахыг хэлээд байгаа хэрэг л дээ. Ийм төрлийн бизнес дэлхийн хаана ч байдаг…Турк  компанитай хийсэн гэрээний хүрээнд эхний ээлжийн 365 айлын орон сууцын барилгын ажлыг эхлүүлэхэд есөн сая ам.долларын санхүүжилт хэрэгтэй гэж үзэж, хувиа тооцсон. Гэтэл туркууд ажлаа эхлээд явж байх зуур гэрээн дээрх тохиролцоогоо зөрчиж эхэлсэн. Нягтланг маань дуудаад хоёр тайлан хөтлөх даалгавар өгсөн. Нэгийг нь өөрсдөдөө зориулж, нөгөөг нь татварт зориулж” гэсэн утгатай ярилцлага өгч байв. Ингээд хоёр компанийн зөрчилдөөнөөс болж гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил зогсч, “Бэрэн” группт компаниа шилжүүлжээ.

Олон нийт Хотын даргын хүү туркуудад хулхидуулжээ, хөөрхий гэж бодож байгаа. Гэтэл цаасан дээрх тамгатай баримт арай өөрийг хэлээд байх шиг. Энд Б.Чулуудай хотын даргын хүү гэдэг нь сонин биш.

Зөвхөн гадаадын компани Монголын нэг компанид итгэж, манай улсын бүтээн байгуулалтад хөрөнгө оруулсан явдал юу юунаас чухал. Тэр тусмаа улс орны эдийн засаг хямарч, гадаадын хөрөнгө оруулалтыг татах гэж үйлээ үзэж байгаа манай улсын хувьд тэднийг үргээх эрх байхгүй. Тиймээс туркууд “Грандлайн” компанийг хохироосон уу, “Грандлайн” компанийн захирал Б.Чулуудай туркуудыг хохироов уу гэдэг дээр зөвхөн баримт дурдъя.

Турк улсын “216 Яапи Үрэти Худалдаа” компанийн удирдах зөвлөлийн  тэргүүн Дундар Билентийг  2013 оны сүүлчээр манай улсад хөрөнгө оруулалт, хамтран ажиллах сонирхлоор ирэхэд нь “Грандлайн” компанийн захирал Б.Чулуудай найзаараа зуучлуулан уулзсан байна. Тухайн үед брокер диллерийн чиглэлээр ажилладаг 50 мянган ширхэг хувьцаа бүхий ганц гишүүнтэй компанитай байж.

Ингээд Турк улсад төдийгүй Германд барилга барьдаг барилгын ажлын 50 жилийн түүхтэй туршлагатай Турк улсын “216 Яапи Үрэти худалдаа” компанитай гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил дээр хамтрахаар тохирсон Б.Чулуудай тэдэнтэй уулзсан үеэс эхлэн БЗД-ийн XII хорооны нутагт 15 га газарт 150 сая ам.долларын төсөлд оролцохоор болжээ.

Турк компанитай төслийг хэрэгжүүлэх “Хамтран ажиллах гэрээ”-гээ хийж, улмаар өөрийн “Грандлайн” компанийн хувьцааг 7008 ширхэг  болгон өсгөж, хувьцааныхаа 50 хувийг туркуудад 200 мянган ам.доллараар худалдсан байна. Тэгээд 2014 оны гуравдугаар сарын 13-ны өдөр гадаадын хөрөнгө оруулалттай Монгол, Туркийн хамтарсан “Грандлайн” компани буюу  9019077083 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээндээ 2014 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр өөрчлөлт хийж  улсын бүртгэлд бүртгүүлжээ.

Хамтарсан компани нь НИТХ, Нийслэлийн Засаг даргын батламжилснаар Баянзүрх дүүрэгт 15 га газарт 150 сая ам.долларын өртөг бүхий төслийн хүрээнд “Түмэн Амгалан” цогцолбор хорооллын барилгыг гүйцэтгэхээр Хамтран ажиллах гэрээгээр тохирчээ. Энэ төслийн 55 хувийн санхүүжилтийг “Грандлайн”, 45 хувийн санхүүжилтийг Туркийн компани гаргаж, төслийн орлогыг 50х50 хувь эзэмшихээр тохирчээ.

Компанийн ажил 2014 оны зургадугаар сар хүртэл эрчимтэй явж, газар чөлөөлөх, “Түмэн Амгалан” цогцолборын барилгын эхний захиалгуудыг хийж, энэ хооронд зар сурталчилгаанд хотын дарга, түүний хүү, Туркууд бүгд санаа нийлэн  оролцож байж.

Энэ хугацаанд Туркийн талаас 1.3 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Тухайн үед Б.Чулуудай өөрийн оруулсан хөрөнгийн талаар туркуудад мэдэгдсэн зүйл үгүй гэнэ. Гэтэл тэрээр оруулсан хөрөнгийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй, компанийн санхүүгийн талаарх мэдээлэл өгөхгүй, гэрээгээ зөрчиж эхэлсэн байна. Тэд  хамтран ажиллах гэрээндээ уг төслийг хэрэгжүүлэхэд хоёр өдөрт нэг давхар барилга барих хүчин чадалтай тунел форум гэгч манай улсад нэвтрээгүй технологиор барилга барихаар тохирч, уг технологийн талаар Б.Чулуудай Туркт өөрийн биеэр очиж үзээд уг технологийг хэрэгжүүлэгч компанитай гэрээ байгуулаад ирж.

Гэтэл Туркийн тал гэрээний дагуу найман машин тунел форумын хэв хашмал дагалдах хэрэгслийг  Монгол руу ачаад ирэхэд нь Б.Чулуудай хүлээн авахгүй гэснээр хил дээр олон хоног саатах асуудал үүсч улмаар компанийнхаа барилгын хашаанд гаалийн төлбөрийг хийж, буулган авчээ. Б.Чулуудай “Түмэн Амгалан” цогцолборын барилга барих гол техник технологийн хэрэгслийг хүлээн зөвшөөрөхгүй Туркуудаас зөвхөн мөнгө авна, энэ бараа чинь надад хэрэггүй гэсэн гэнэ. Энэ үеэс Монгол, Туркийн хамтарсан компанийн удирдлагуудын хооронд үл ойлголцол үүсч, эцэстээ шүүхдэхдээ хүрсэн байна.

Угтаа Турк улсын “216 Яапи Үрэти худалдаа” компани тэрхүү тунел форум технологийн хэв хашмал, дагалдах хэрэгслийг өөрсдөө үйлдвэрлэдэггүй учир Б.Чулуудайн гарын үсэг зурсан гэрээний дагуу Туркийн өөр нэг компаниас худалдан авч, гэрээний дагуу барилгын ажлаа эхлүүлэхээр Монгол Улс руу ачуулсан юм байж. Б.Чудуудайн энэ үйлдлийг учир мэдэх хүмүүс ер нь барилга барих сонирхолгүй, тухайн үедээ бусдаас мөнгө авах хүсэлтэй байсан гэх нь бий.

Үүнээс хойш Б.Чулуудай туркуудаас зугтаж, зөвхөн хөрөнгө оруулалтын мөнгө нэхэгч болж, эсвэл компанийн үлдсэн 50 хувийн хувьцааг 10 сая ам.доллараар ав гэхээс өөрөөр харилцахаа больсон аж. Эцэстээ туркуудыг компанийнхаа хашаанд оруулахгүй, мөнгөө төл гэдэг ганц шаардлага тавих болжээ. Аргаа барахдаа туркийн тал хувьцаа эзэмшигчдийн хурлыг хийх, түүгээр оруулсан хөрөнгийн санхүүгийн тайлан тавих, Б.Чулуудай өөрөө энэ хугацаанд ямар хөрөнгө оруулснаа тайлагнах, компанийн гүйцэтгэх удирдлагыг хууль бусаар авч, дураар аашилж байгаагаа таслан зогсоохыг шаардсан ч үр дүнд хүрээгүй байна. Харин Б. Чулуудай  компанийн үйл ажиллагаа зогсоосон тушаал гаргасан байв.

Туркийн тал өөрсдийн хөрөнгө оруулалтыг түр зогсоон, Монгол Улсын иргэний шүүхэд Б. Чулуудайн компанийн гүйцэтгэх удирдлагыг хууль бусаар удирдаж байгаа, компанийн үйл ажиллагааг зогсоосон буруутай болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж, талууд хэргийн харьяалал дээр маргаж байх явцад Б. Чулуудай гэрээнд заасан зургаан сарын хугацааг зөрчиж, Арбитрийн шүүхэд гэрээ цуцлуулах, өөрийн оруулсан хөрөнгө болох 762 сая төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэл гаргасан байна. Туркууд түүний өөдөөс Компанийн гүйцэтгэх удирдлагыг хууль бусаар гартаа авч, компанийн үйл ажиллагааг зогсоосон, санхүүгийн тайлан гаргаж өгөөгүйг тогтоолгох, өөрсдийн оруулсан 1.3 сая ам.долларыг  хувьцаа эзэмшигч Б.Чулуудайгаас гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Энэ хугацаанд хамгийн ноцтой нь Б.Чулуудай туркийн хувьцаа эзэмшигчдэд мэдэгдэхгүйгээр компанийн тухай хууль болон гэрээг зөрчиж,  дур мэдэн хэлцэл хийж Улаанбаатар банкнаас хөрөнгө оруулалт нэрээр есөн тэрбум төгрөгийн зээл авчээ. Мөн Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас 11 тэрбум гаруй төгрөгийн инженерийн шугам сүлжээний дэд бүтцийн ажил авсан байсан нь туркийн хувьцаа эзэмшигчдийн түүнтэй цаашид хамтран ажиллах итгэлийг алдагдуулсан байна. Энэ нь компанийн гүйцэтгэх удирдлагыг хууль зөрчин гартаа авсан буюу Монгол Улсын компанийн тухай хуулийн 62, 83, 84, 85, 87 дугаар зүйлийг зөрчиж, компанийг удирдахын зэрэгцээ энэ хуулийн 87 дугаар зүйлийг зөрчиж их хэмжээний хэлцэл дур мэдэн хийсэн байна.

Үргэлжлэл бий…

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Нэр: pkxny Огноо: 24 November 2015

сайхаааааааааааааааааааааааааааааан салга хоёр луйварчингууд. жинхэнэ луйварчингуууууууууууууууууууууууууууууууууууууууууууууууууууууууууууууууууууд

Сэтгэгдэл бичих