МАХН сонгуульд бэлтгэсэн шигээ боловсон хүчиндээ анхаарал хандуулаасай

2016 он сонгуулийн жил. Дөрвөн жилд нэг удаа сонгуулийн бэлтгэл ажлыг нам тус бүр эрчимтэй бэлтгэж багйаа бололтой. Гэхдээ сонгуулийн тухай хуулийг УИХ хэлэлцэн батлаагүй л байна. Өмнөх 2012 оны сонгуулиар намын жагсаалтаар цөөнгүй хүмүүс төрийн ордонд дөрвөн жил суух эрхтэй болсон.

Харин үүнийг нь иргэд эсэргүүцсэн. Ялангуяа Төрийн бус байгууллагын төлөөлөл илт эсэргүүцэж, Монголын чөлөөт ахмадын холбооны тэргүүн Г.Баасан нэгэн ярилцлагандаа “Төрийн ордонд сууж байгаа зарим нэгийг нь ард түмэн сонгоогүй. Тэд өөрсөдөө цонхоор нь үсрээд орчихсон” гэж хэлсэн удаатай.

Одоо 2016 онд яахав. Дахиад л маргаан, бүр 2008 оны 7-р сарын 1-ний үйл явдлыг давтаж магадгүй аж. Учир нь эдийн засгийн хямрал ирэх онд улам ч хүндэрч, ард иргэд амаараа шороо үмхэх нь.

Ийм хүнд байдалтай байгаа өнөө цагт МАХН ирэх сонгуулийн бэлтгэлээ базааж байна. Тус нам энэ сарын 20-нд намын байрандаа шинэ гишүүд элсүүлсэн. Ер нь үе үе ийм арга хэмжээ зохион байгуулж, олон зуун хүнийг гишүүнээ болгож байна. Тэдний дотор МАН-аас урваж очсон эрхмүүд ч цөөнгүй байгаа аж.

МАХН-ын удирдлага шинэ гишүүдтэйгээ уулзаж, санал бодол, хүсэлтийг нь харгалзан үзэж, ирэх сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгаж байгаа мэдээлэл ч гарлаа. 2012 оны сонгуулийн дараа Засгийн газарт орсон тус нам сайд, дэд сайд, яамны төрийн нарийн, хэрэгжүүлэг агентлагийн болон хэлтсийн даргаар тус намыг төлөөлөөд очих чадварлаг боловсон хүчнээр дутмаг байсан нь нүдэн ил байв.

Хамгийн сүүлд нь гэхэд Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас баривчилхад тэрээр сайдын суудлаасаа өөрийн хүсэлтээр огцорсон. Харин оронд нь хэнийг тавих вэ гэдэг дээр багагүй сандарч, Эрүүл мэндийн салбарыг Ардчилсан намд ч алдаж магадгүйд хүрсэн.

Уг нь МАХН-ыг төлөөлж Засгийн газарт Н.Удвал, Г.Шийлэгдамба нар сайдын алба хашсан. Одоо гавьяат эмч, Улсын төв эмнэлгийн дарга асан Л.Жамбалжавыг томилож магадгүй гэж олон хүн хүлээсэн. Гэтэл намын нөхөд нь Л.Жамбалжавыг тоосонгүй. Өөрөө ч нам дотроо нөлөө бүхий фракц байгуулаагүй учир ийнхүү жийгдсээр явна.

2012 оны сонгуулийн үеэр ч гэсэн Л.Жамбалжав Хан-Уул дүүрэгт нэр дэвшээд, Ардчилсан намын Г.Оюунгэрэл, Л.Болд нарт ялагдсан. Мөн л намаас дэмжих дэмжлэг нь оновчтой хэрэгжиж чадаагүй. Дотоодын нөөц бололцоогоо зөв ашиглаж сураагүй тус нам дахиад дөрвөн жил Засгийн газарт суувал боловсон хүчний асуудал маргаантай хэвээр байх болно. Иймд МАХН сонгууль эртнээс бэлдсэн шигшээ чадварлаг боловсон хүчнээ давхар бэлтгэхгүй бол өөрсдөө асуудалд орж магадгүй юм.

С.Ням


URL:

Сэтгэгдэл бичих