Ц.Нямдорж: Төрийн нэр хүнд унасан үед хэрүүл хийх хэрэггүй

УИХ-ын чуулганы баасан гаригийн хуралдаанаар Ард нийтийн санал асуулгын тухай болон Сонгуулийн тухай дөрвөн төслийг хэлэлцлээ. Ингээд гишүүдийн олонх нь дээрх хуулиудыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Сонгуулийн хуулийн дөрвөн ч хуулийн төслийг нам, эвслийн бүлгээс өргөн бариад байгаа. Уг хуулийн төслийн хоёрт нь сонгуулийн тогтолцоог одоогийнхоор буюу 48:28 байхаар заасан бол нэг төсөлд нь 38:38 болгохоор заасан юм.

Хэлэлцүүлгийн шатанд Р.Бурмаа нарын боловсруулсан хуулийн төсөлд сонгуулийн сурталчилгаа хийх хоног 14 байгаа нь хангалтгүй, хуучнаар нь буюу 21 хоногоор үлдээх нь зөв гэсэн байр суурийг гишүүд илэрхийлсэн. Сурталчилгааны хугацаа 14 хоног байх нь шинээр нэр дэвших хүмүүст өөрийгөө сонгогчдод таниулж амжаагүй байтал санал авах болж, эрсдэл үүснэ гэж үзэж байна. Мөн сониноор сонгуулийн сурталчилгаа хийх заалтыг тусгаагүй нь буруу тул энэ асуудлыг төсөлд тусгах ёстойг гишүүд хэлж байлаа.

Тухайлбал, Д.Сарангэрэл гишүүн хэлэхдээ “Р.Бурмаа гишүүний ахалж байгаа ажлын хэсгийн Сонгуулийн хуулийн төсөлд нэг зүйл санаатай санаагүй орхигдсон байна. Сонин бол айлаас айл, сумаас сум, багаас багт очдог, хэвлэл мэдээллийн анхдагч зэвсэг. Хуулийн төслийн 83, 84-т радио телевиз, интернэт оролцох нь ээ. 71.1-ийн 5-д “Энэ хуульд зааснаас бусдаар сурталчилгаа явуулахыг хориглоно” гэсэн байна. Хэвлэл мэдээллийн анхдагч зэвсэгч сониныг орхигдуулаад байвал юу бодож суух вэ” гэсэн юм. Харин түүний энэхүү асуултын хариуд Р.Бурмаа гишүүн, энэ заалтыг ажлын хэсгийн төвшинд буцаагаад оруулаад ирэх боломжтой гэсэн хариулт өгөв.

Харин Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Батбаяр нар өргөн мэдүүлэхдээ Ард түмний санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг давхар мэдүүлсэн юм. Хуулийг өргөн мэдүүлсэн нь ард түмнээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжих үү, үгүй юу гэж санал авах болсонтой холбоотой. Санал асуулгын хуулийг УИХ-аас 1995 онд баталсан ч нэг ч удаа хэрэглээгүй.

Харин одоо өөрчлөлт оруулахгүй бол хуучирсан байна. Төсөл санаачлагчдын зүгээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай санал асуулгыг энэ сарын 26- нд зохион байгуулахаар төлөвлөсөн байсан ч хугацаа тулгамдсан тул хойшлуулахаас аргагүйд хүрээд байна. Ямартай ч Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг хэлэлцэх үеэр гишүүд ямар байр суурьтай байсныг тоймлон хүргэе.

Ц.Нямдорж: -Төрийн нэр хүнд эвгүй байгаа үед төр улсыг бужиг- нуулсан, хугацаагаар шахсан юм хийж, хэрүүлийн голомт бадраах хэрэггүй л юм. Хуулийг өөрчилбөл Үндсэн хуулийн өөрчлөлтгүйгээр хэлэлц. Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэдэг адал балмад юмнаасаа татгалз. 2010 онд УИХ-аас баталсан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуульд ард нийтийн санал асуулгыг яаж хийх вэ гэдгийг тодорхой заачихсан.

Энэ хуулиа уншаагүй байгаа. Хоёрдугаар хэлэлцүүлгийн үед санал асуулгаа тодорхой болго гээд заачихсан. Төлөөллийн ардчилал чинь УИХ. Юм шийддэггүй УИХ-аар яадаг юм. Улс төрийн намын тухай хуулийг ард түмнээс асууна гэж юу байдаг юм бэ. Санал асуулга гэдэг юмаар, ард түмнээс асууна гэж жүжиг тавьдгаа боль. Миний цаад талд хэчнээн мянган сонгогчийн санал бий.

Ингэж УИХ-ыг хүчгүйдүүлж, ард түмэндээ хайртай болж жүжиг тавих хэрэггүй. Үндсэн хууль батлалцсан гээд орон сууцаар өөрсдийгөө шагнуулсан хүмүүс буруу зүйл хийж байгаагаа ойлгоод, одоо өөрчлөх гээд байгаа юм уу. Та бүхэнд төсвөөс 87 тэрбум төгрөг гаргаж байгаад Үндсэн хуулийн ойг тохиолдуулан орон сууц авч өгсөн дөө. Та нар баримжаатай хадуураарай.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг чинь баталж чадахгүй. Энэ өөрчлөлтийг 57 гишүүн дэмжиж байж батална. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахын тулд Ард нийтийн санал асуулга явуулах хуулийг өөрчилж, хугацааг нь нааш татаж байна. Санал тоолох хоёр хоногийг нэг хоног, санал асуулга зарлах 30- аас доошгүй хоногийг 15 хоног болгон хугацааг нааш татаж байна.

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах үүднээс биш бол бусад асуудлаар энэ хуулийн төслийг дэмжиж байна. Ард түмнээ сонсох сонгодог хэлбэр нь Ард нийтийн санал асуулга. Бүх нийтийн санал хэрэгтэй. Үүнийг Үндсэн хуулиар зохицуулсан байгаа.

Б.Бат-Эрдэнэ: -Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулахдаа автоматжуулсан системд шилжсэнтэй холбогдуулан тайлбарлаж байна. Сүүлийн жилүүдэд санал асуулга явуулахдаа хэсэг бүлэг хүмүүсийн сонирхолд нийцүүлэн явуулдаг болсон.

Энэ удаагийн ард нийтийн санал асуулгын гол зорилго нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулахтай холбоотой. Тэр дундаа нэр хүнд нь муу байгаа энэ парламентаар олон нийт Үндсэн хуульдаа өөрчлөлт хийлгэх хүсэлгүй байгаа. Энэ төслөө татаад авчихаж болохгүй юу.

Монгол Улс орчин үеийн түүхэндээ ганцхан удаа санал асуулга явуулсан байдаг. Шийдлийн Засгийн газрын иргэдээс мессежээр авсан санал бол тандалт болохоос санал асуулга биш. Бид ард түмнээс сонгогдсон төлөөлөл. Ард түмэн Засаг даргаа намгүйгээр шууд сонгодог болохыг хүсч байгаа шүү дээ.

Д.Ганхуяг: -Ард нийтийн санал асуулгын хуулиа эхлээд баталчихъя. Гэхдээ санал асуулгыг ерөнхий авах гээд байна гэж яриа үүсээд байна. Үүнийг тодотгож болохгүй юм уу.

Н.Батбаяр: -Ерөнхий асуултаар явуулахад тохиромжгүй байна, тодорхой асуудлаар явуулъя гэвэл УИХ шийдэх боломжтой. Хэлэлцүүлгийнхээ явцад тодруулчихаж болно.

Ш.Түвдэндорж: -АН дангаараа Үндсэн хуульд өөрчлөлт хийж чадахгүй, бусад улс төрийн намыг зөвшилцөлд уриалах хэрэгтэй. Чи эх орны дайсан гэхгүйгээр аминд тулсан хуулиа өөрчлөх нь тулгамдсан асуудал. Том зорилго, том үйл ажил гэж ойлгож байгаа.

Г.Баярсайхан: -Бурууг Үндсэн хуулиас хайгаад байгаа. Үндсэн хуульд буруу байхгүй, буруу улс төрийн намуудад бий. Ард түмнээс санал асуух гэж байгаа бол Улс төрийн намуудын хуулиа ярих ёстой. УИХ-д Сонгуулийн тухай дөрвөн хууль орж ирчихээд маргалдаад байна. Тэгэхээр энэ намууд гаднаас хандив авдаг байх ёстой юм уу, байшин сав эзэмших ёстой юм уу гэдгийг асууж болно.

Л.Цог: -Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад хугацааны хувьд эргэлзээтэй болсон нь үнэн. Төсөл санаачлагч өөрөө ойлгож байгаа биз. Үндсэн хуулийн өөрчлөлтийг давхар яриад байгаа биз. “Давхар дээл”-тэй асуудал өчнөөн юм болж байна. Энийг ярьсан бол их зөв байсан. Өөрчлөх нь бол зөв, гэхдээ өнөөдөр биш.

Ж.Батзандан: -УИХ-ын төвшинд шийдэж чадахгүй байгаа олон асуудлаар ард түмнээс санал асууж шийдэх боломжтой.

М.Өнөржаргал

Эх сурвалж: “Монголын үнэн” сонин


URL:

Сэтгэгдэл бичих