Миний мэдэх “Женко” Баттулга

turmunkh

“Түмний нэг” хэмээх хөрөг цуврал гаргах хүсэл эртнээс байлаа. Амьддаа бие биенээ хайрла гэсэн үг энэ цувралыг хийх сэдэл өгсөн бөгөөд бидний дунд байгаа эгэл баатруудын тухай өгүүлэх цуврал номын эхнийхийг УИХ-ын гишүүн, МоАХолбооны дарга Х.Баттулгын тухай “Миний мэдэх Женко Баттулга ”номоор  эхлүүлж, бичиж дуусгаад хэвлэлтэд шилжүүлэх гэж байна.

Магадгүй түүний тухай хамгийн сайн мэдэх сэтгүүлч би ч байж мэднэ. Номын эхний бүлэгийн тавдугаар хэсгийг эхлэн уншигчиддаа танилцуулж байгаа нь ч бас учиртай.  Баттулга бид хоёрыг доор  өгүүлэх  үйл явдлаар л холбох нь элбэг.
Уг нь бид хоёр хамт ДУДСд сурч байх үеэс нөхөрлөж эхэлсэн арвин түүхтэй хоёр билээ.

Хүндлэн бишрэгчид, дайсагнан шүүмжлэгчид олонтой, үргэлж л сэтгүүлчдийн анхаарлын төвд явдаг, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ямагт маргаан өрнүүлэх болсон энэ хүн яг яах гээд, юунд зорьж тэмцээд яваа нөхөр юм бэ?

Энэ бүхний хариултыг түүнтэй өрнүүлсэн яриан дээрээ тулгуурлан, бодит үйл явдлаас сэдэвлэн, өөрийн гэрчилж чадах тохиолдлуудаар баяжуулан, бас зарим эргэлзээ төрүүлсэн зүйлсээ өөр гэрчилж чадах хүнээс тодруулж, уран сайхны нийтлэлийн хэлбэрээр уншигч тантай хамтдаа хайхыг зорьсон минь энэ ном билээ.

d0fa0c8c8d5cc1dagreat

ТАВДУГААР ХЭСЭГ

17 чингэлэг спиртийн хэргийн нотлох баримт бүхий бичлэгийг хулгайлах операци зохиосон хэргээр бүгд шахам хоригдож, Баттулга Сингапур, Түвд, Хонг Конг, Малайз, Хятад улсад орогнон байгаа тухай бид дээр яриад орхисон. Тэрхүү явдлын тухай бүлэгтээ Коза-Ностра болон МАХН-ын үйл ажиллагаанд хийсэн егөө ажиглалт хэмээх нийтлэлийг бүрэн оруулсан нь ч тохиолдлын хэрэг биш.

Чухам тэр үед буюу 1998 оны үеэс эхлэн МАХН жинхэнээсээ мафижиж байлаа. Хадгаламж зээлийн хоршоо хэмээх маш том мафийн бүлгүүдийн хийдэг тоглоомыг тэд л эхлүүлсэн. Эхлээд асар өндөр хүүтэй зээл амладаг, хэвлэл мэдээллийн суваг бүрээр реклам нь өдөр шөнөгүй явдаг. Тэгээд эзэд нь өөрсдөө хоршоондоо их хэмжээний мөнгө байршуулж нөгөө өндөр хүүгээр нь бодуулаад, хэд хэд нугалан өсгөж гаргаад авчихаар арын хүмүүс нь сүйрдэг ийм улаан цагаандаа гарсан луйвар Монгол даяар халдвар шиг тарав.  Үүнээсээ болж нэг нэгнээ ч алаад эхэлсэн цаг. Тэр ч бүү хэл тэдний гар хөл болсон жинхэнээсээ гэмт хэргийн маягтай бүлэглэлүүд ч үүсч эхлээд байсан билээ.

- 17 чингэлэг спиртийн хэрэг гэгчийн тухай нэвтрүүлэг хийж байгаа гэнэ ээ. Хийж байгаа хүнийг нь Го.Бадарч гэдэг юм байна, чи таних уу? гэж тэр надаас утсаар асуусан юм.

- Танилгүй яахав, хамт нэг редакцид ажиллаж байсан. Хятадын эрлийз нөхөр байгаа юм. Гэхдээ харин тэрийгээ хэзээ ч нууж байгаагүй, Го Пи Минь овогтой.

- Чи нэг уулзаад тэр нэвтрүүлгээс нь Баттуулын нэрийг, бас Сайхансамбуугийн нэрийг хасуулаад өгөөч… хэмээн ярьсанаас тэр хэрэг улбаалж билээ.

Би маргааш нь Үндэсний телевиз орж Го.Бадарчтай уулзлаа. Тэр өмнө нь “Хар цагаан” гэх нэртэй нэвтрүүлгээр “Цагаан шонхор” компанийн захирал Ч.Энхтайваны тухай нэвтрүүлэг бэлтгэж гаргасан бөгөөд түүнээсээ болж цагдаагаар аюулгүй байдлаа хамгаалуулж байгаа тухайгаа их л сүр болгон ярив. Би түүнийг дагуулаад Х.Баттулгатай уулзуулахаар очсон бөгөөд тэр хоёр ч сайхан ойлголцож, дуулиан шуугианд хавчуулаад байх ямар ч үндэслэлгүй хоёр хүний нэрийг нэвтрүүлгээс хасахаар тохирсон, би ч ажлаа амжуулсан хүний ёсоор харьсан юм.

Гэтэл нөгөөдөр нь гэрээсээ баригдаад мөрдөнд сууж байлаа. Ганц худгийн шоронд байх үед гаднаас хоол унд тамхи тариа оруулаад байсан нь мэдэгдэж, Дундговийн мөрдөнд ачигдаж очив.

“Асар аюултай гэмт хэрэгтэн” гэж төвөөс анхааруулсан болохоор, тэнд юу ч байгаад нэмэргүй. Нутгийн хүмүүс хажуу өрөөнд бууз идэцгээж суухад, надад төрийн засаг хоолноос өөр юу ч олдохгүй, хэдэн цаас байсан ч хянагч нарт сарвайхад цааш зугтацгаана.

Би Бельги улсаас буцаж нисэх өдрийнхөө өмнө ходоод гэнэт цоорч, тэндээ хагалгаанд ороод удаагүй байсан болохоор бие муудаж эхэллээ.

Нэг өдөр гуниглан хана ширтэн хэвтэж байтал төмөр хаалганы цоож мултарч хуяг хаалга нээгээд нөгөөх л дээрэнгүй өндөр чанга хоолойгоор, “Гараад ир… бааштай муу хог, төвөөс эмч нар ирсэн…” гэхэд дотор харанхуй, чийгтэй өрөөнд гавтай удаан хэвтсэн надад тэр үг эрх чөлөө шиг сонсогдож билээ.

Аймгийн төвийн шороотой гудмаар хир дартаг болсон монгол дээлтэй, гартаа гавтай, нэгэн хянагчид туугдан явахад зөрж өнгөрөх олон гайхан харна. Зарим нэг нь таньж байгаа байхдаа гэж бодохоос яс хавталзана.

Аймгийн эмнэлгийн хоёр давхар шавар байшинд буй эмч нар гэсэн хаяг бүхий өрөөнд орж ирэхэд цагаан халаадтай хэдэн хүн бөөгнөн зогсож байлаа.

Тэдний дундаас энгэртээ чагнуур зүүсэн дунд зэргийн нуруутай залуу над руу яаран ойртож ирээд сандалд түлхэх нь холгүй шаламгай суулгаад
- Гарт  байгаа гавыг ав даа, хянагчаа. Бид өвчтөнөө үзмээр байна гэлээ.
Хянагч яах ийхийн зуургүй гавыг тайлахад эмч өнөөх хянагч өөд харцаараа гар гэж буй бололтой үүдрүү дохив.

Хянагч тэр дохиог хүлээж байсан бололтой дороо гарч одов.
Тэр “эмч” эхлээд миний гарт хуйлаастай боодолтой зүйл атгуулсан нь гарт мэдрэгдэх нь хэдэн цаас болтой.
Тэгээд тэрээр амны хаалтаа аваад инээмсэглэхэд би түүнийг өмнө нь хаа нэгтээ зүс үзсэн залуу байх агаад тэрээр чихэнд ойртон
- Удахгүй учир нь олдоноо. Тэсвэртэй байгаарай. Ирэх долоо хоногийн эхээр шинэ байцаагч ирж чамайг аваад Ганцхудагийн эмнэлэгт хэвтүүлнэ. Наад боодолтой юман дотор ходоодны маш сайн эм байгаа. Эмээ сайн уугаад хүлээж бай… гэсэн хэдэн үг хэлээд амны хаалтаа хаагаад хянагчийг дуудаж билээ.

Тэр өдрөөс хойш Дундговийн шоронгийнхон ч нэг их хатуурхахаа больж, мөнгө цаас аваад хоол хүнс тамхи тариа залгуулаад байх болсон бөгөөд удалгүй хэлсэн ёсоор жинхэнэ эмч нар ч ирж үзээд, Ганц худагийн эмнэлэгт буцаан хүргүүлээд байтал, нэг их удалгүй суллагдаж даалтанд гарсан билээ.

Гэхдээ би л гэхэд 3 сар мөрдөнд сууж эрүүл мэнд, нэр хүндээрээ хохирч, Баттулга 6 сар хилийн цаана нуугдсан даа.

Энэ хэрэг шүүхээр ортлоо бас л хэл ам дагуулсан хэвээрээ, нэг л хачин Холливудын кино зохиол шиг юм явсаар л байсан бөгөөд одоо хэр тэрхүү зохиомол хэргийг огтоос ойлгоогүй хүмүүс тааралдсаар л байдаг юм. Хэдийгээр бүгд даалтанд гарсан ч хэрэг шийдэгдээгүй л байлаа. Ингэтлээ сунжирч удсан нь өнөөх хутга бариад ТВ рүү дайрч орсон нөхөр алга болсонтой холбоотой гэх бөгөөд “Түүийг улс орон даяар эрэн сурвалжилж байна” гэж тайлбарладаг байлаа.
Тэгснээ тэр нөхрийн хэргийг биднээс тусгаарлаж орхив. Энэ хооронд миний “Нохой орон” кино ар араасаа шагнал авч эхлэв.

Венецийн кино наадамд оролцох болж надад урилга ирсэн ч, би мөрдөн байцаагдаж байгаа сэжигтэн тул хил гарах эрхгүй болж таарлаа.

Би бүх учраа хэлж байж сүүлд солигдсон байцаагчийг ятгаж дөнгөсөн билээ. Тэгээд миний бие дөнгөж ургаж буй үстэй, түнжин шахуу толгойтой хүн тэндээс шагнал авахаар очиж байв. Сайн муу хоёр заавал ингэж нэг дор давхцах нь ховор л байх гэж одоо бодном.

Хожим эргэж ирээд байцаагчдаа авсан цомоо үзүүлэхэд өнөөх залуу үнэнээсээ баярлаж байж билээ.

Хамгийн гайхалтай зүйл яг шүүх хурлын өмнөхөн болсон юм.

Сэжигтэн, жүжигчин Түвшинхүүгийн найз гэх дотогшоо хутга бариад орсон нөхрийн хэргийг анхнаасаа биднээс тусгаарласан байсан бөгөөд азаар ч гэх үү, эзээр ч гэх үү, тэр хүний зургийг Түвшинхүүд үзүүлтэл,

- Хүүе ээ, би энэ хүнийг огт танихгүй, одоо л анх удаа харж байна! гэж мэл гайхсандаа дуу алдсан гэдэг.
Ингээд бүх зүйл орвонгоороо эргэж билээ. Энэ хэрэг гэгч нь анхнаасаа цагдаа нар Го.Бадарчаас мэдээлэл аваад “гүйцэтгэх ажиллагаа” явуулснаар эхэлсэн жүжиг болох нь илрэв.

Өөрөөр хэлбэл цагдаагийнхан зориудаар зохиосон тааруухан детектив зохиол ингэж нурсан юм. Хөөрхий тэр нэг залуу одоо хаана яаж шуухан явдаг юм болдоо хөөрхий…

Бүх зүйл их хачин тохиолдлоор давхацсан байдаг юм. Го.Бадарч эхлээд “Баттулга, Төрмөнх хоёр надтай уулзаад хоёр нэр хасаад өгөөч гэлээ, би хасчихлаа шүү” гэж цагдаад мэдэгджээ.

Яг энэ үеэр телевизийн кино албанд ажиллаж байсан яруу найрагч Галсансүх, жүжигчин Түвшинхүү хоёр үнэхээр саяхан шоронгоос суллагдсан нэг нөхөртэй хамт архи уусан юмсанж. Тэр хоёр өнөөхдөө “Төрөө ах нэг хальс яриад байна аа, тэрийг нь олоод өгчихвөл шагналтай л байх даа” гэхчлэн тэрхүү дэгс төсөөллөө шоронгоос суллагдсан өнөөх нөхөрт ярьсан байдаг.

Гэтэл өнөөх нь гэмт хэргийн ертөнцөд ихээхэн байдаг цагдаагийн бууны нохой байсан тул “Ийм яриа болж байна” гээд цагдаад давхар хэлчихэж.

Ингээд гүйцэтгэх ажиллагаа гэгч бэлэн болж, цагдаа нар тэр оройгоо Го.Бадарчийг хариуцлагатай жижүүрт зориуд гаргаад, өнөөх бууны нохойд үүрэг өгч, ТВ-ийн байр руу хутга бариулаад оруулсан юмсанж. Тэгээд өөрсдийнхөө оруулсан хүнийг гаргаж явуулаад, өөр хүний зураг тарааж “Эрэн сурвалжилж байна” хэмээн мэдэгдээд, эцэстээ хэргийг тусгаарлаж, өнөөх хэргийг мартуулан царцаахаар бодсон байв.

Ийм хэргийг хэн санаачилж, яаж хийлгэсэн тухай нарийвчлан ярьсан ямар ч дүгнэлт одоо болтол байхгүй.

Ингээд бидний шүүх хурал болоход Баттулга бид хоёр цагаадаж, өнөөх “хэнгэргийн дохиур” Галсансүх, Түвшинхүү хоёрт тус бүр нэг жилийн тэнсэн харгалзах ял өгч хэргийг хаасан юм.

Энэ бүгд цагдаагийн хийсэн гүйцэтгэх ажиллагаа байсан гэдгийг бүгд мэдэж байвч, хэдэн сар мөрдөнд суулгаж орхисон болохоор нэг муу цаасан ял сонсгосон болсон хэрэг. Утгагүй хэлмэгдүүлэлт болсныг нь шүүхийнхэн бүгд ойлгож байгаа ч ял өгсөн нэр зүүж бид ч түүнийг нь ойлгосон болж өнгөрч билээ. Хэл ам хийгээд ч цагийн гарз. Ийм завхрал манайд одоо ч хэвээр оршсоор л байгаа. Хэрэв энэ сэдвийг нарийвчлаад задалж бичвэл, үнэхээр л Холливудын кино шиг хачин эргэлтүүдтэй зохиол болно вий. Ийм бодит явдлаас сэдэвлэсэн кино хаана ч байдаг шүү дээ….


URL:

Нэр: Anonymous Огноо: 25 March 2016

Төрмөнх өөрийнхөө талаар их бичсэн юм шигээ,би 2-лангийнх нь тухай ном юм боловуу гэж бодсон,гүй яахав бас сонирхолтой аргаар бичсэн зүгээр л юм байналээ

Нэр: Anonymous Огноо: 20 March 2017

Төрмөнхөө арай ч хэтэрчээ. Чи урд нь цагдаа алаад шоронд орсон байх аа. Одоо дахиад цагдааг цусгүй алсан юм биш биз. 17 чингэлэг спиртийн хэргийг чинь Баттулгыг л хилсээр шоронд хийх гэж цагдаа нар зохиосон болж байна уу .

Сэтгэгдэл бичих