Шуурхай мэдээ: Сэтгүүлч Л. Болормаа зуурдаар амиа алджээ… гүн эмгэнэл илэрхийлье
Сэтгүүлч Л. Болормаа өчигдөр орой буюу 11 сарын 20-нд амиа алдсан талаарх мэдээллийг зарим эх сурвалжууд мэдээллээ. Мөн сошиалд жиргээчид сэтгүүлч Л. Болормааг учир битүүлэг байдлаар амиа алдсан талаар мэдээллэж эмгэнэл илэрхийлж байгаа юм. Түүнчлэн ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодруулахад “Иргэн Б амиа алдсан нь үнэн. Хэргийг одоо шалгаж байна. Хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байна” хэмээн Chuhal.mn сайт дээр мэдээллэжээ.
Тэрбээр одоогоор чухам ямар шалтгаанаар амиа алдсан нь тодорхойгүй байгаа бөгөөд зарим эх сурвалжууд сэтгүүлч Л. Болормааг төмөр зам дахь гэрээс нь амиа алдсан байдалтай олдсон, мөн бусдын гарт амиа алдсан байж магадгүй хэмээн өгүүлж байгаа юм.
Л.Болормаа нь сүүлийн арав гаруй жил эдийн засаг, баялагийн асуудлаар дагнан сэтгүүлзүйн бүтээл туурвиж ирсэн бөгөөд улс төр, эдийн засгийн ашиг сонирхол нэгтэй хүмүүсийн талаар цөөнгүй удаа нийтлэл бичиж байсан юм.
“The Mongolian Mining Journal”, Үүсгэн байгуулагч, Эрхлэгчээр ажиллаж байсан.
Германы Олон улсын сэтгүүл зүйн (IIJ) хүрээлэн, АНУ-ын Олон улсын сэтгүүлчдийн институтэд эдийн засаг, бизнесийн сэтгүүл зүйн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Washington Post болон Grand Forks Herald сонины редакцуудад туршлага судалсан.
“Өнөөдөр” сонинд 1998 оноос ажилласан. 2001-2008 онуудад “Өнөөдөр” сонины Орлогч эрхлэгч, Нэгдүгээр орлогч эрхлэгчийн алба тус тус хашихдаа өдөр тутмын сонины сонгодог загварыг Монголд төлөвшүүлэх , барууны сэтгүүл зүйн бичлэгийн хэв маягийг Монголын сэтгүүл зүйд анх нутагшуулахад хүч бололцоогоо дайчлан ажилласан. Шинэ сэтгүүл зүйн эхний өдрүүдэд тохиолдож байсан сорилт, туршлагынхаа талаар өгүүлсэн “Даашинзтай сурвалжлагууд” номоо 2007 онд хэвлүүлсэн. Энэхүү номонд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннанаас авсан ярилцлагууд, Афганистанаас хийсэн сурвалжлага зэрэг багтжээ.
“Монголын 2003 оны сонины салбарын шилдэг сэтгүүлч” шагналтай.
The Mongolian Mining Journal сэтгүүлийг 2008 онд үүсгэн байгуулсан. Эдийн засаг, уул уурхайн сэдвээр англи ба монгол хос хэл дээр хэвлэгддэг Монголын анхны сэтгүүл юм. Аль нэг байгууллага, хувь хүнээс хараат бус , мэдээллийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан ажилладаг. Бие даасан мэргэжлийн редакцитай. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс тус сэтгүүлийг “Оны шилдэг сэтгүүл”-ээр шалгаруулжээ.
Дээрх сэтгүүлээс гадна эдийн засаг, уул уурхайн мэдээллийн зөвлөгөө өгөх, мониторинг хийх ажлуудыг “Завгүй” компаниараа дамжуулан эрхэлдэг.
Сэтгүүлчдийг давтан сургах, эдийн засаг, уул уурхайн сэдвээр мэргэшин бичихэд нь дэмжлэг үзүүлдэг “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” төрийн бус байгууллагыг ажиллуулдаг. Залуу сэтгүүлчдийг сургах дадлагажуулах чиглэлээр тус Төрийн бус байгууллага нь тогтмол сургалт, аялал зохион байгуулдаг. Мөн Эдийн засаг, уул уурхайн мэдээллийн хөтөлбөр бэлтгэдэг “Хөгжил” телевизийн студийг 2011 онд байгуулсан. Eagle,С1, 25 дугаар телевизүүдээр “Хөгжил” хөтөлбөр тогтмол цацагдаж, олны танил нэвтрүүлэг болжээ.
Л.Болормаагийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлэе.
Ум сан амгалан байх болтугай.
Сэтгүүлч Л.Болормаа амиа алджээ. Түүний чадалтай,зоригтой хурц бичлэгүүд Монголын нийгмийн нүдийг нээж асан. Гэр бүлд нь эмгэнэл илэрхийлье.
— Miyegombo Sogoot (@Miyegombo) November 21, 2015
Сэтгүүлч Л.Болормаа эгч маань талийгаач болжээ. Түүний орон зай сэтгүүл зүйн ертөнцөд их үгүйлэгдэх болно. Ум ма ни бад ми хум!
— Монгол Шувуу (@Batkhuu) November 21, 2015
BOLOD.MN
URL: