Царцаа шоргоолжны үлгэр ярьсаар цацраг идэвхт бодист хордох нь
Японоос манайд орж ирсэн автомаишнаас цацраг идэвхт бодис илэрсэн тухай мэдээлэл хэвлэлээр цацагдлаа. Хэдийгээр энэ мэдээлэл өнөөдөр сөхөгдөж буй ч өнгөрсөн гуравдугаар сааас эхлэн гарч байсан юм. Ямартай ч цацраг идэвхт бодис агуулсан автомашин оруулж ирсэн нь үнэн болох нь батлагддаад байна.
Энэ талаарх мэдээнд гаалийн ерөнхий газраас тодруулах гэсэн боловч тэднийд хамааралгүй гэнэ. Харин Улаанбаатарын Гаалийн газарт хандах ёстойг зөвлөв. Тус газраас мөн л урьдныхтай адил хариулт өгсөн төдийгүй Цөмийн энергийн төв лабораторийн газраас тодорхой мэдээлэл авч болно гэв.
Гэвч тус газрын Олон нийттэй харилцах хэлтсийн ажилтан Н.Дамдинсүрэн гэх хүн утсаа авсангүй. Албан бус мэдээллээр цацраг идэвхт бодис агуулсан гэх автомашинуудыг ариутгах ажлыг Онцгой байдлын ерөнхий газар, Цөмийн энергийн газартай хамтран зохион байгуулахаар болжээ.
Харин автомашинуудыг эздэд нь буцаан олгох асуудал тодорхойгүй байгаа юм байна. Эх сурвалжийн хэлж буйгаар цацраг идэвхт бодис тээсэн 10 гаруй автомашин бүртгэгдсэний дийлэнх нь суудлын автомашин аж.
Цөмийн цацраг идэвхт бодис алдагдсан голомт буюу Японы Фүкүшима орчимд нийт 1300 гаруй авто машин цацраг идэвхт бодисын нөлөөнд автагдсан гэх тоо байдаг. Миаги, Ибарати дахь “Тоёота” группын эзэмшлийн хэд хэдэн үйлдвэрүүд хаалгаа барьсаны дараа гамшгийн үнэлгээ тогтоожээ.
Улмаар хоронд автагдсан 2000 гаруй автомашин байсныг тогтоож, тэдний 1300 нь зохих стандартаас хэд дахин хүчтэй цацраг идэвхт бодис агуулж байгааг илрүүлсэн байна. Цунами нүүрлэсэн гурав, дөрөвдүгээр саруудад “Тоёота” корпораци үйлдвэрлэл, борлуулалтын салбараа гаргуунд нь хаяад байснаас автомашины үнэ огцом буурчээ.
Улмаар хордсон автомашинуудыг устгалд оруулах ажлыг түргэвчлэх болсноор одоогийн байдлаар суудлын 500, ачааны болон нийтийн тээврийн 300 гаруй авгомашиныг үйлдвэрлэлийн задланд оруулсан байна. Үйлдвэрлэлийн устгал гэдэг нь хордсон автомашинд агуулагдах бүх эд ангийг дахин боловсруулах эсвэл шууд устгах байдлаар үгүй хийдэг гэсэн үг.
Харамсалтай нь үүсгэн байгуулагдаад 62 дахь жилийн ойн баяраа тэмдэглэх гэж байсан “Тоёота”-гийн удирдлагууд гэнэтийн хохирол амсаад байсан. Тиймдээ үерийн ус, газар хөдлөлтөд нэрвэгдсэн үйлдвэрүүдээ сэргээн засварлах, эвдрэлд орсон автомашинуудыг талбайгаас зайлуулах гээд нүсэр ажлыг эхлүүлсэн юм.
Гэхдээ хамгийн том асуудал нь цөмийн байгууламжаас алдагдсан цацраг идэвхт бодисууд тус корпорацийн автомашинд нэвчсэн байв. Үүний хор хөнөөлийг арилгахын тулд шаарддагатай ажлуудыг хийж байсан гэх ‘Тоёота”-гийн удирдлагууд одоо ч зарим автомашиныг устгалд оруулж амжаагүй аж.
Харин тэдгээрээс зарим нэг нь манай руу импортлогдон орж ирсэн нь аюулын харанга дэлдсэн хэрэг юм. Гаалийнхан тусгай цацраг идэвхт бодис тээсэн автомашиныг илрүүлдэг багаж, хэрэгсэл саяхан ашиглаж эхэлсэн гэнэ. Гэтэл аппарат ажиллаж эхлээд удаагүй байтал чингэлэг бүхий 10 гаруй автомашинаас цацрагийн хор илрэх нь тэр.
Эндээс харахад тусгай багаж байрлуулахаас өмнө манай гаалиар хэдэн чингэлэг автомашин орж ирсэн тэдний хэд нь цөмийн цацрагийн хортой байсан бол. Холбогдох байгууллагууд тодорхой мэдээлэл авахыг хүссэн хэвлэлийнхээс зугтсан хэвээр байна.
Нэгэнт цацрагийн хортой автомашин илрүүлснээс хойш цаашид авах арга хэмжээ, урьдчилан сэргийлэх гэх мэт наад захын асуудлуудыг олон нийтэд хүргэхэд хэвлэлийнхэнтэй хамтарч ажилламаар. Гаалийн ерөнхий газар нь Улаанбаатарын гааль руу, Улаанбаатарын гааль нь Цөмийн энергийн газар руу, Цөмийн энергийн газар нь Онцгой байдал руу “чихсээр” олигтой үг дуугарах хүн олдсонгүй.
Усанд унасан шоргоолж найзыгаа аврах гэж царцаа үйлээ үздэг шиг мэргэжлийн хэдэн байгууллага нь бие бие рүүгээ түлхсээр суутал цацраг идэвхт бодист хордохоор болчихжээ.
Т.Батсугар
Эх сурвалж: “Нийгмийн толь”
URL: