Ёкозүна Харумафүжи Бямбадорж нутгийн аваргыг давж, түрүү бөхийн өрсөлдөөн ширүүслээ

Японы мэргэжлийн сумогийн энэ оны сүүлийн башё өндөрлөх дөхөж байна. Өчигдөр арванхоёр дахь өдрийн барилдаанд Монголын гурван аварга Японы гурван озэкиг давсан. Харин өнөөдөр манай аварга, арслангууд хоорондоо барилдлаа.

Кюүшюү башёгийн түрүү бөхийн хувь заяаг шийдвэрлэх байсан чухал барилдаанд Харумафүжи Бямбадорж, Хакухо Даваажаргалыг ёритаоши мэхээр давлаа. Мөн озэки Тэрүнофүжи Ган-Эрдэнэ нутгийн аварга Какүрюү Анандыг, озэки Гоэйдо цол нэгт Кисэносатог, озэки Котошёогикү сэкиваки Миёогирюүг, сэкиваки Точиозан м-1 Осунаарашиг, комүсүби Точиношин м-3 Тоёоношимаг өвдөг шороодуулсан.

Харин коүмсүби Ёшиказэ м-3 Аминишикид, м-1 Ичиножёо Ичинноров м-10 Шохозанд уналаа. Бусад Монгол бөхчүүдийн хувьд Тамаваши Мөнх-Оргил Эндог, Кёкүшюүхо Эрдэнэбаатар Чиёотоориг давж, Асасэкирюү Дашням Хомарефүжиг дийлэлгүй, энэ сарын тэмцээнд тааруухан барилдаж байна.

Арваннэгдүгээр сарын буюу кюүшюү башё өндөрлөхөд хоёр өдөр үлдлээ. Өнөөдөр нэг ч унаагүй байсан Хакухо Даваажаргал өвдөг шороодож, түрүү бөхийн төлөөх өрсөлдөөн улам ширүүн болж байгаа аж. Үлдсэн өдрүүдэд Монголын гурван аварга, нэг арслан хоорондоо таарч барилдана. Тийм болохоор башёд түрүүлэх боломж хамгийн их байсан Хакухо ч эзэн хааны цомоо алдаж магадгүй юм.

Маргааш арвандөрөв дэх өдрийн барилдаанд ёкозүна Какүрюү Ананд Харумафүжи Бямбадорж, ёкозүна Хакухо Даваажаргал озэки Тэрүнофүжи Ган-Эрдэнэ, озэки Кисэносато Котошёогикү, озэки Гоэйдо комүсүби Ёшиказэ, сэкиваки Миёогирюү м-2 Аойяама, сэкиваки Точиозан м-2 Окиноүми, комүсүби Точиношин м-4 Икиой, маэгаширагийн тэргүүн бөх Ичиножёо Ичинноров чансаа адилхан бичигдсэн Египет улсын бөх Осунаарашитай барилдах оноолт гарлаа.

М.Золбаатар


URL:

Сэтгэгдэл бичих