Гурван жил хуралдаа суугаагүй Дархан аймгийн ИТХ-ын төлөөлөгч шоронд хоригдож байжээ
2008 онд Дархан Уул аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчээр сонгогдсон Т.Эрдэнэбадрах сонгогдсон цагаасаа хойш хуралдаа огт суугаагүй аж. Ер нь бараа сураг нь огт харагдалгүй өдийг хүрчээ.
Гэтэл Дархан сумын VII, VIII баг буюу сонгуулийн IV тойргийн иргэдийг аймгийнхаа ИТХ-д төлөөлөлөх учиртай мань Т.Эрдэнэбадрах гэгч Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн ерөнхий менежерээр ажиллаж байхдаа зургаан тэрбум төгрөг шамшигдуулсан хэргээр АТГ-аас эрүүгийн хэрэгт холбогдож, шоронд хоригдож байгаад саяхан суллагдсан байна.
Түүний холбогдсон хэрэгтэй холбоотой зарим зүйлийг тодруулбал:
Ерөнхий сайд асан С.Баяр тухайн үед 153 дугаартай нууц тогтоол үйлджээ.
Дарханы төмөрлөгийн үйлдвэр буюу төрийн өмчит хувьцаат компанийн талаар авах зарим арга хэмжээний тухай хэмээх тогтоолд “Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.8 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас тогтоох нь:
1. Дархан-Сэлэнгийн бүсэд орших төрийн эзэмшлийн төмрийн хүдрийн орд газруудыг ашиглах, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” Төрийн өмчит хувьцаат компанийн үйл ажиллагааг өргөтгөн техник технологийн шинэчлэл хийж, үйлдвэрийн хүчин чаддыг нь нэмэгдүүлэх, үр ашгийг дээшлүүлэх техник-эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, төслийг хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Үйлдвэр худалдааны сайд Х.Наранхүү, Төрийн өмчийн хороо (Д.Сугар)-нд үүрэг болгосугай.
2. Энэ тогтоолын нэгдүгээр зүйлд заасан төслийн нөхцөл, шаардлагыг хэрэгжүүлэх болон санхүүжилтыг үйл ажиллагааны ашгаас эргэн төлөгдөх нөхцөлтэй зохион байгуулах менежментийн гэрээг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” Төрийн өмчит хувьцаат компанийн удирдлагатай байгуулж ажиллахыг Үйлдвэр худалдааны сайд Х.Наранхүү, Төрийн өмчийн хороо (Д.Сугар)-нд даалгасугай” гэжээ.
Өөрөөр хэлбэл энэ хэрэгт томоохон улс төрчдийн гар гүнзгий дүрэгдсэн гэсэн үг.Шоронд орсон төлөөлөгчөө аймгийн удирдлагууд гурван жилийн турш иргэдээсээ тас нууж, “үнэнч” хүлээсэн агаад нөхөн сонгууль явуулаагүй байна. Энэ нь тус аймгийн Засаг дарга Эрдэнэбат, ИТХ-ын дарга Гүнчин нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хангалттай шалтгаан юм.
Юутай ч гурван жилд шоронд суугаад гарсан ИТХ-ын төлөөлөгчтэйгээ зөрөөд аймгийн засаг Эрдэнэбат, ИТХ-ын дарга Гүнчин нарын этгээдүүд шоронгийн хаалга татах нь ээ.
С.Сарнай
URL: