Жам юм даа бүсгүй минь

Жам юм даа бүсгүй минь
Айлын өрх татаж хойморт өнгө нэмэх нь
Тавилан юм
Ая зангаа тэгшилж аавын хүүд түшиг болох нь
Заяа юм
Гангар биеэ эмтлэн удам залгуулах нь
Үүрэг юм
Ганцхан зүрхний амрагаа хайрлах нь
Жаргал чинь юм даа
Аавын нөмөр үгүйлж хорвоо давчдахын цагт
Голомтоо эргэж сэтгэлийн жавраа үргээгээрэй
Ээжийн хайр дутаж нулимс эгших үед
Нутгийн салхиа үнэрлэж бодлоо нэг ариусгаарай
Хавар хаврын ааш нь аргадах биш дээ хорвоог
Харцныхаа өнгөнд будан бүү татуулаарай
Хайрын ертөнц хос юм болохоор
Хацарт чинь дурлалын бурханд эрхэлж байг
Жилдээ нэг эргэх нутгаа
Зүүдлэж сэрэхдээ хурайлж сүү өргөөрэй
Жим нь бүдгэрсэн нутгийнхаа замыг
Дэлхийд хөтөлсөн харгуй гэж дээдлээрэй
Зүсрэх орчлонгийн жамыг сөрж
Зүйдэл үгүй замбуулинд удмаа хадгалж яваарай
Бүсгүй минь ээ
Д.Мишигсүрэн


URL:

Сэтгэгдэл бичих