Айдас, хардалт, дураар авирлалт, хулгай… бид юу хожих бэ?

24gdgdfsfs

Арав гаруй жил царцсан С.Зоригийн хэрэг сөхөгдөж, Б.Булганыг гэрээс нь амралтын өдрөөр саатуулав. Улмаар долоо хоног дамнан С.Зоригийн хэргийн гэрчүүдийн яриагаар амьсгалж,  хэрэг  гарцаагүй илрэх битүү таамаг үүслээ.

Үүнээс өмнөх долоо хоногуудад Зам тээврийн яамны төрийн нарийн бичиг асан Б.Батзаяа, Эрүүл мэндийн сайд асан Б.Батзаяа нарыг АТГ-аас мөн л гэнэт саатуулав. Саатуулах ажиллагаа явагдсантай холбогдуулан тэдний тухай янз бүрийн мэдээлэл цацагдсан ч авлигын хэргээр аавын хаалга татах нь өнөө бараг л тодорхой болжээ.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ажилтан С.Эрдэнэ хэвлэлийн хурлын үеэр шатамхай шингэн ашиглаж, өөрийгөө шатаав. Гал унтраалцсан сэтгүүлчид сошиал ертөнцөөр баахан муу нэр дуулж, засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирлыг ажлаас нь чөлөөлснөөр асуудал ерөнхийдөө замхрав. Одоогоор С.Эрдэнийн  биеийн байдал хүнд байгаа бөгөөд  эмчилгээний зардлыг компаниас нь гаруулснаар асуудал замхрах бололтой.

Өчигдөр Х.Баттулга шинэ төмөр замын асар их мөнгийг өөрийн дансаар авсан гэх мэдээлэл цацагдлаа. Өмнөөс нь Х.Баттулга “Прокурораас зориуд тараасан мэдээлэл. Эх орончдыг хэлмэгдүүлэх ажиллагаа” гэж нэрийдэж, зориуд гүтгэн бичсэн хэргээр тэр Өдрийн сонинг шүүхэд өгснөө мэдэгдээд амжив.

Үдээс хойш олон түмэнд үнэгүй хувцас тараана хэмээн шоудаж, засгийн газрын анхааралд өртсөнөөр асуудлаа шийдүүлэх чиглэл ерөнхий сайдаас авсан Г.Майцэцэг мэдээлэл хийв. Мэдээллийн гол утга нь шийдвэрээ хэрэгжүүлдэггүй Шийдлийн засгийн газар огцор.  Огцрохгүй бол  бүх  бүтээгдэхүүнээ хээр аваачиж шатаана хэмээн  онцлоотхов.

МАН-ын гишүүдийн зүгээс Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнгээ АН-ыг гонжроод байвал олон нийтэд танилцуулна гэдгээ мэдэгдлээ. Харин АН-ын дарга З.Энхболд шалгалтын дүнг эхлээд бүлгийн хуралдаан дээр хэлэлцэх чиглэл нөхдөдөө өгсөн тул цаадуул нь байнгын хороодын хуралдаанд зориуд очсонгүй. Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат томчуудын гар хөлөөр шалгагдаж, эцэст нь бурууддаг залуусын эгнээнд сонгуулийн өнгөрөнгүүт багтах нь одоо нэгэнт тодорхой болжээ.

Олон нийтэд хаалттай байсан сэдлүүд сонгуулийн өмнө ингэж эрчмээ авч, нийгэм тэр чигээрээ айдас, хардалт, дураар авирлалтад өртөж байна. Харин эсрэгээрээ яригдвал зохих С.Баярцогтыг огцруулах асуудал, Халх голын урт сэдэв баахан бүрхэгдлээ. Түүнчлэн энэ завсар ерөнхийлөгчийн зүгээс Монгол улс байнга төвийг сахих үзлийг гайхамшигийг магтан дуулах ажлаа эрчимжүүлэв.

Энэ бүхнээс бид юу хожих бэ? Нийгэм, улстөрийн хүрээнд цэвэршилт явагдана гэвэл үүн шиг худал зүйл байхгүй. Луугаруудыг барина ч гэж худлаа. Харин өөр хоорондоо ингэж хагарах нь, нийгмийн зохиомол маягийн идэвхжил үүсгэх нь хэнд ашигтай байж болох уу? Одоо дэвэрч буй эдгээр үзэгдлүүд  цаашид улам ч эрчээ авч маналзана. Аливаа үзэгдэлд бид өөрсдөө хэт авталгүй, талцаж хэрэлдэлгүй голч хандах хэрэгтэй өнцөг харагдсаар байна.

Ж.Мядагбадам

Эх сурвалж: www.TODAY.mn

URL:

Сэтгэгдэл бичих