Урагшгүй төрийн увайгүй хэмнэлт

-03042014-1396495172-469340526-ordon_copy

Ард түмэн хилэнтэй байна. Уур бухимдал, стресс төдийхөн биш энэ удаа цөхрөнгөө барсан тэд яахаас ч буцахгүй нь бололтой. Энэ долоо хоногийн турш автобус, гудамж, айл гэрийн гал тогоонд хүртэл энэ сэдэв хүчтэй өрнөв. Эдийн засгийн хямралтай үед цалингаа цагтаа авч чадахгүй байгаа иргэдийн сүүлчийн найдвар болж байсан хүүхдийн мөнгөнөөс хасах тухай тэнэг шийдвэр гаргасанд тэд дургүйцэж байгаа юм. Үнэндээ энэ нь их мөнгө биш ч гэлээ хүнд хэцүү цагт хүүхдээ өглөө цайтай, автобусанд суух мөнгөтэй нь залгуулж байсан болохоор тэр.

Харин одоо ирэх онд төсөв хүрэлцэхгүй учраас гэдэг шалтгаар хүүхдэд сар бүр олгодог 20 мянган төгрөгийг хасахаар болжээ. Ирэх оны төсөвт 18 хүртэлх насны хүүхдийн 60 хувьд нь энэ мөнгийг олгохоор тусгасан. Гэтэл жилдээ өчнөөн сая төгрөгийн орлоготой шүүгчид болоод төрийн албаныхан цалингаа хасуулахгүй гэж яаж чичирч байсныг Монголын ард түмэн нүдээрээ үзэж, чихээрээ сонссон.

Харин хүүхдийн эрх ашгийг хамгаалж хэн ч юу ч дуугарсангүй. Шантааж хийж чадахгүй тэднийхээ төлөө Хүүхдийн төлөө үндэсний газраас эхлээд янз бүрийн сэтэртэй төрийн болон төрийн бус байгууллагууд ганц үг ганхийлгүй ийм шийдвэр гаргуулж байгаа нь хачирхалтай. Урагшгүй төрийн увайгүй хэмнэлт хүүхдүүдийн өглөө бүр иддэг байсан зүсэм талхыг л булааж авлаа.

Үнэндээ ирэх оны улсын төсөв долоон их наяд төгрөгийн орлого, 7.9 их наяд төгрөгийн зарлага, 900 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар батлагдсан юм. Гэтэл хүүхдийн 20 мянган төгрөгийн тэтгэмжийн зарлагыг он бүрээр нь тооцвол 2010 онд 315 тэрбум, 2011 онд 786 тэрбум, 2012 онд 848 тэрбум, 2013 онд 278 тэрбум, 2014 онд 312 тэрбум, 2015 онд 246 тэрбум төгрөг болжээ.

Хүүхдэд олгодог 20 мянган төгрөгийг бяцхан иргэдийнхээ 40 хувиас нь шүүрч булаагаад 900 тэрбум төгрөгийн алдагдалтай төсөв батлаад сууж байгаа бандгар түшээдийн далд санаа нь ёстой л ноён хутагтын хэлснээр ичиг, ичиг юм даа. Ээжтэй нь суучихаад хүүхдийг нь ад үздэг хойт эцгийн шижээргүй шинж л энэ төрөөс үнэртээд байх юм. Хүүхдүүд сонгуульд санал өгөхгүй учраас тэднийг хуурч, доромжилж болох нь. Харин ээжүүд нь санал өгөх учраас одонгийн мөнгийг хасалгүй хэвээр үлдээсэн гэх мэтээр тайлж уншигчид олон байна шүү.

Ард түмэн одоо ядуу байгаа болохоос тэнэг биш. Эх, хүүхдийн асуудал эмзэг нандин байдаг. Тиймээс хүүхдийн 20 мянган төгрөгийг хасч, харамлаж болохооргүй чухал зүйл. Ялангуяа, хүнд хэцүү цаг үед хүүхдүүдэд байсан ганц боломжийг хяхаж, хуурч даапаална гэдэг хүний ёсонд байж болшгүй.

Тэгээд ч Хүүхдийн эрхийн конвенцид хүүхэд, түүний эцэг эх буюу хууль ёсны асран хамгаалагчийг арьсны өнгө, хүйс, хэл, шашин, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэс угсаа, нийгмийн гарал, эд хөрөнгө, эрүүл мэнд, төрсөн болон бусад байдлаас үл шалтгаалан аливаа хэлбэрээр алагчлахгүй гэдгийг товч тодорхой заачихсан байдаг.

Мөн уг баримт бичгийн 26.1 зүйлд хүүхэд бүр нийгмийн халамжинд хамрагдах эрхийг хүлээн зөвшөөрч, энэхүү эрхийг хэрэгжүүлэхэд шаардлагатай арга хэмжээг авах тухай ч заажээ. Тиймээс Монгол Улс олон улсын өмнө хүлээсэн гэрээгээ биелүүлэх ёстой.

Г.Ганчимэг

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих