Ц.Анандбазарын хүүг хөнөөсөн этгээдэд оноосон цаазын ялыг хүчингүй болголоо
“Сод монгол” группийн захирал Ц.Анандбазарын хүү 17 настай Ц-г хөнөөсөн этгээдүүдийн гомдлыг өнөөдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцлээ. Тодруулбал, хэргийг үйлдсэн Д.Чулуунбаатар, Н.Батням нарын зургаан залуусыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд шүүж, Н.Батнямд цаазын ял оноосон юм.
Тэднийг насанд хүрээгүй байхдаа бусдын амь насыг шунахайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар бусдын амь насыг хөнөөсөн гэж ялласан байдаг. Гэвч тэд анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан учир ийнхүү хэргийг дахин хэлэлцүүлсэн юм. Тэгвэл давж заалдах шатны шүүхээс Ц.Анандбазарын хүүг хөнөөсөн Н.Батнямд оноосон цаазын ялыг хүчингүй болгох шийдвэр гарчээ. Учир нь анхан шатны шүүхээс түүнд цаазын ял оноохдоо ямар зүйл ангийг баримтлан оноосон гэдгээ шийтгэл тогтоол дээрээ бичээгүй байна.
Уг үйлдлийг нь ноцтой алдаанд тооцон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр болжээ. Хэргийг сануулбал, Ц.Анандбазарын хүү Ц нь 2013 оны наймдугаар сарын 7-ны орой Бага тэнгэрийн аманд тав, зургаан залуучуудтай наймаа хийх гэсэн боловч тохиролцолгүй улмаар хамт явсан залуусын нэг нь Ц-гийн цээж болон хэвлийн тус газарт хутгалж, амийг нь хөнөөсөн байдаг.
Г.Лхагваа
URL: