Дархан-Уул аймагт өрсөлдөгчгүй нөхөн сонгууль болох гэж байна

DSC_0029_9702007946Дархан-Уул аймгийн ИТХ-ын гурван тойрогт энэ сарын 22-ны өдөр нөхөн сонгууль явагдана. Энэ шийдвэрийг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн аравдугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар гаргасан бөгөөд хууль бусаар зарлагдсан гэх нөхөн сонгууль эхнээсээ л хэл ам дагуулж эхэллээ. Аймгийн ИТХ-аас одоогийн байдлаар эгүүлэн татсан төлөөлөгчийн сул орон байхгүй, ИТХ-ын хуралдаанаас төлөөлөгчийг чөлөөлсөн, огцруулсан шийдвэр гараагүй байхад нөхөн сонгуулийг зарлаж байгаа нь Аймаг сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийг зөрчиж байгаа юм байна.  Мөн сонгуулийн хороо цаг хугацааны хуваарийг алдаатай тооцож нэр дэвшигчдийг бүртгэх хугацааг 6-ны өдрөөр дуусгавар болгожээ. Харин  Дархан-Уул аймгийн Монгол Ардын Намын хороо хууль ёсоор 7-ны өдөр дуусах ёстой гэж мэдэгдсэн ч шаардлагыг хүлээж аваагүй байна. Дархан-Уул МАН-ын хорооноос Сонгуулийн Ерөнхий хороонд дээрх асуудлаар хандсан бөгөөд 11 дүгээр сарын 17-ны өдөр хариу ирүүлжээ. Хариунд дурдахдаа аймгийн сонгуулийн хороог цаг хугацааны хуваарийг буруу тооцож гаргасаныг сануулаад хууль хэрэгжүүлэн ажиллахыг үүрэг болгож анхааруулсан байна. Өөрөөр хэлбэл, аймгийн Сонгуулийн хорооны шийдвэр буруу байна гэдгийг Сонгуулийн ерөнхий хорооноос мэдэгдсэн гэсэн үг. Гэтэл бусад нам эвслүүдээс нэр дэвшсэн нэр дэвшигч нарт тавигдах шаардлага хангаагүй байхад бүртгэн авч  хуулийг илт зөрчжээ.

Дархан-Уул аймагт явагдах нөхөн сонгуулийн саналын хуудсанд ганцхан АН-ын нэр дэвшигчийн нэр бичигдэж ирсэн гэх бөгөөд энэ нь сонгогчдод сонголт хийх боломж байхгүй, шууд тулгасан үйлдэл болж байна.

Энэхүү нөхөн сонгуультай холбоотой хууль бус үйлдлүүдийг шүүх хяналтын байгууллагуудад шалгуулахаар хандаад байгаа юм байна. цаашид Дархан-Уул аймгийн сонгуулийн хороо энэ алдаа дутагдлаа засч, МАН-ын нэр дэвшигчдийг бүртгэхгүй, хууль бус үйлдлээ үргэлжлүүлсээр байх бол жагсаал, цуглаан хийхээс гадна хууль хэрэгжүүлэхийн тулд тэмцлийн бүхий л хэлбэрийг ашиглахаа мэдэгдлээ.  Энэ асуудалтай холбогдуулан Дархан-Уул аймгийн энгийн иргэдийн төлөөлөл нөхөн сонгууль гэж чухам ямар будлиан болж байгаа талаар мэдээлэл өглөө.  Тэдний сэтгэгдлийг сонслоо.

М.Очбаатар: Гурван тойрогт ганцхан АН-ын нэр дэвшигчид өрсөлдөж байна

-Манай аймгийн гурван тойрогт ИТХ-ын нөхөн сонгууль болох гэж байна.  Ажлаа хийж байсан Иргэдийн төлөөлөгчдийг хууль бусаар өөрчлөөд гэнэт л нөхөн сонгууль хийхээр болчихлоо.  Ингэхдээ гурван тойрогт  зөвхөн АН-ын нэр дэвшигчид өрсөлдөж байгаа юм.  Уг нь хоёр хүн өрсөлдөж байж өрсөлдөөн болно биз дээ. Гэтэл ямар ч өрсөлдөгчгүй ганцхан АН-ынхан нөхөн сонгуульдаа нэр дэвшээд байх юм. Бусад хүмүүсийн нэрийг нь оруулахгүй байна. Гурван багт 17.000 мянган хүн бий. Гэтэл жирийн иргэдийнхээ үгийг сонсохгүй хууль, журмаа зөрчиж байна.  Юу болоод байгааг  заримдаа үнэхээр ойлгохгүй юм. Гэнэт л сонгууль болох гэж байна л гэсэн. “Бүр гайхаад 2016 оны сонгууль одоо болж байгаа юм уу” гэж асуусан хүн ч байна. Халж, солино гэдэг чинь уг нь хуультай.  Арга ядахдаа залуу, ахмад үеийн төлөөлөл болсон хүмүүс Дархан-Уул аймгаас үнэн бодит мэдээллийг өгөхөөр ирлээ.

О.Батаа:Өрсөлдөгчгүй сонгууль гэж байдаг юм уу

-Манай Дархан-Уул аймгийн Дархан суманд 2012 онд орон нутгийн сонгууль болоод дууссан. Орон нутгийн  сонгуулиар иргэнээ төлөөлөх хүнийг сонгосон. Бидний сонгосон хүмүүс гурван жил гаруй  маш  сайн ажиллаж байгаа. Гэтэл  богино хугацаанд их олон үйл явдал боллоо.  Засаг даргаа, ИТХ-ын даргаа огцруулж, тамга тэмдгээ хууль бусаар булааж авлаа. Энэ хүмүүс Дархан-Уул аймгийн удирдлагыг авчихаад  одоо 13 дугаар баг, 7 дугаар  баг, Өргөө  багт ажиллаж байгаа Иргэдийн хурлын төлөөлөгчийг ямар ч шалтгаангүйгээр  огцруулж, оронд нь АН-ын гурван нэр дэвшигчийг өрсөлдүүлж байна. Иргэдийнхээ итгэлийг хүлээлгээд тэр гурван тойрогт сонгосон юм шүү дээ.  Эрх барьж байгаагаараа далимдуулж, ийм ёсзүйгүй үйлдэл хийж байна. Энэ  зөв юм уу. Өрсөлдөгчгүй сонгууль гэж ер нь юу байдаг юм бэ. Ядаж хоёр хүн өрсөлдөх хэрэгтэй биз дээ. Гурван тойрогт АН-ын гурван нэр дэвшигч л байна. Тэгэхээр тэдэнтэй хэн ч өрсөлдөхгүй болчихож байгаа юм.

Г.Цэвээн:Төрийн эрхийг хүч түрэмгийлээд авч болдог юм байна

-Бидэнд нам хамаа алга. Төрийн ажил хийх хүн л хэрэгтэй байна. Хуулиа дээдэлж, ард түмний сонголтыг хүндэтгэдэг , ёс зүйтэй, шулуун шударга хүн Монголын ард түмэнд үгүйлэгдэж байна. Төрийн эрхийг хүч түрэмгийлээд авч болдог юм байна.  Дээр нь сонгогчдын эрх ашгийг уландаа гишгэж байгаад үнэхээр бухимдалтай байна. Уг төрийн албан  хаагчид хуулиа толгой дээрээ дээдэлж явах учиртай хүмүүс. Гэтэл хууль, дүрмийг огтхон ч биелүүлэхгүй, өөрсдөө зөрчиж үлгэрлэж байна шүү дээ. Төрийн механизм буруу тийшээ хандчихаад байна.


URL:

Сэтгэгдэл бичих