Хар тугалга хайлуулж, үхлийн дозонд хүргэсэн “Заламт гол” компанийг шалгах хэрэгтэй

Баянзүрх дүүргийн XI хорооны нутаг дэвсгэр буюу бидний сайн мэдэх Хонхор өртөөнд “Заламт гол” гэх компани хуучин аккумлятор задалж дотор нь байгаа хар тугалгыг хайлуулж 25 кг-аар гулуузалж БНХАУ-руу гаргадаг юм байна. Тэдний хайлуулсан энэхүү хүнд металл агаарт тархан байгаль орчин, хүн, мал хордуулсаар байгааг нутгийн иргэд хэлж байгаа.

Тус хорооны иргэд “Заламт гол” ХХК-тай холбоотой гомдлыг мэргэжлийн хяналтын байгууллагад удаа, дараа гаргаж байсан ч тусыг эс олжээ. Учир нь тухайн компани ус булаг, гол горхины аманд үйл ажиллагаагаа явуулж байгаа гэдгийг мэргэжлийн байгууллага мэдэж байгаа хэрнээ ямар ч аюул байхгүй гэх дүгнэлт гаргаад байгаа юм байна. Үүнийг нь тэндэхийн иргэд хуурамч дүгнэлт гэж үзжээ. Учир нь Байгаль орчны бохирдолд дүгнэлт гаргуулахын тулд дээжийг нь хоёр өөр лабораторт шинжлүүлэхэд хоёр өөр дүгнэлт гарсан байна.

Өөрөөр хэлбэл мэргэжлийн хяналтын лабораторийн дүгнэлтээр хордолтгүй гэсэн бол мал эмнэлгийн лаборторийнхоор хордолттой гэсэн дүгнэлт гарсанд их учир байгаа аж. Тодруулбал өнгөрсөн 2014 оны тавдугаар сард Улсын мал эмнэлгийн ариун цэврийн лаборторт хийсэн шинжилгээгээр 12.66 хувьтай гарч үхлийн дозын хэмжээнд очсон гэдгийг нь тогтоожээ.

МХЕГ-ын байцаагч нар байгаль орчинд нөлөө байхгүй гэсэн дүгнэлтийг удаа дараа гаргаад байгаа учраас хуулийнхан байцаагчдын хийсэн дүгнэлтийг үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаад байгаа юм байна.

Мөн тус компанийнхан хүнд металлын лагаа Улаанчулуутын хогийн цэг дээр аваачиж асгадаг болохыг цагдаа нар тогтоосон юм билээ.

“Заламт гол” гэх компани нь хар тугалаганы үйлдвэрлэл явуулах газрын гэрчилгээгүй хэрнээ ийнхүү дур мэдэн үйл ажиллагаагаа явуулсаар байгаа юм байна. Хар тугалга нь амьсгалын замаар дамжин, хүний биеийн бүх эд эрхтэнг гэмтээх, өвчлүүлэх аюултай байдаг бөгөөд бага насны хүүхдүүдийн мэдрэлийн системийн үйл ажиллагаанд хортой нөлөө үзүүлэхээс гадна хорт хавдар үүсгэх аюултай байдаг гэдгийг эрүүл мэндийн салбарынхан ярьжээ.

“Заламт гол”-ХХК нь үйл ажиллагаагаа шөнийн цагаар голдуу явуулж шалгалт очих үеэр үйлдвэрээ бүрэн зогсоочихдог гэнэ. Тэгэхээр эргэлзээтэй дүгнэлт гаргасан МХЕГ-ын нэр бүхий байцаагч нарыг болон ямар ч зөвшөөрөлгүй хэрнээ хээвнэг ашиг олдог тус компанийн захирал Ц.Ууганбаяр нарыг шалгах цаг болжээ.

Н.Ганаа

Dorgio.mn


URL:

Сэтгэгдэл бичих