Увсын замаар мөнгө босгосон луйвар..
Хөгжлийн банкинд хадгалуулсан чингис, самурай бондуудын зарцуулалтанд хийсэн сангийн яамны шалгалтын дүн 2015 оны 6 сарын 15-ны өдөр гарсан байдаг. Энэ шалгалтан дээр үндэслэн УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсгийг нэр бүхий гишүүд байгуулан шалгалт хийж, үе шаттайгаар ажилласан.
Гэвч шалгалтын дүнг танилцуулахад цаанаа саад бэрхшээл байна гэж харагдаж байгаа. Тэгвэл тэрхүү шалгалтаар илэрсэн нэгэн ноцтой зөрчил нь Увс аймгийн төвийн 3,2 км авто замын барилгын ажлыг гүйцэтгэх 2 тэрбум төгрөг 27,4 тэрбум болтлоо өссөн луйврын шинжтэй баримт ил болох учиртай байжээ…
Анх энэхүү авто замын тендерийг БНХАУ-ын Шин Жиан Шин Фа компани 2014 оны 8 сарын 7-ны өдөр 2 тэрбум төгрөгөөр гүйцэтгэхээр үнийн саналаа ирүүлсэн байдаг. Гэтэл 2 тэрбумын үнийн саналыг нь бууруулах биш эсрэгээрээ өсгөж, 10 тэрбум төгрөгөөр гүйцэтгүүлэхээр тооцжээ.
Архангай аймагт 3,2 км авто замыг инженерийн шугамын дэд бүтцийн хамт 4,6 тэрбум төгрөгөөр гүйцэтгэсэн бол Увс аймагт 10 тэрбум болгож өсгөсан байгаа юм. Үүгээр ч зогсохгүй хамгийн ноцтой нь энэ мөнгө ганцхан жилийн дотор 27,4 тэрбум төгрөг болтлоо өсч, 2016 оны төсөвт суусан байх юм. Одоо энэ мөнгөнөөс 7,4 тэрбумыг нь 2015 оны төсвийн тодотголоор суулгаж чаджээ.
Анх зураг төсөлөө ч хийгээгүй нэгэн хятад компани 2 тэрбумын үнийн санал ирүүлснийг 27,4 тэрбум болгож өсгөсөн нь шалгалтын явцад ил болсон гэж ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан батлан хэлж байсан юм. Мэдээж энэ үйл явдлын цаана луйврын шинжтэй их мөнгөний үнэр ханхалж байна.
Уг нь анх энэ үйл явдлыг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар аливаа хөрөнгө оруулалтын төсөвт өртгийг нэмэгдүүлэхийн эсрэг дугарч, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулахын тухай үг хэлснийхээ төлөө өөрийн тойргийнхоо бүтээн байгуулалтын төсвөөс хасах гэлээ гэж хэвлэлээр гүтгүүлээд хоцорсон.
Хүний өөрийн аль ч тойрог бай, ийм байдлаар 2 тэрбумыг 27,4 тэрбум болтол өсгөх нь ариун явдал биш гэдгийг мэдсэн болохоор дуугай өнгөрч чадаагүй хэрэг. Эндээс харахад үнэн үг хэлсэн хүнд өшөөтэй гэгчээр түүнийг хэвлэлээр зохион байгуулалттайгаар буюу захиалгаар эсэргүү болгож харагдуулах гэж байна гэж анзааргдаж байна.
Харин энэ хэрэгт Увс аймгийн засаг дарга Цэндсүрэн ихээхэн үүрэг ролтойгоор орлцож явсан нэгэн. Тэрээр дээрхи 27,4 тэрбумыг төсөвт суулгаад өгөөч хэмээн гуйгаад явж байсныг ч энэ хүрээнийхэн анддаггүй юм билээ.
Харин түүний гуйлга биелэлээ олж, урьдчилгаа мөнгө сэмхэн төсөвт шургалж чадсан байгаа юм. Засгийн газраас ч оруулж ирээгүй энэ төсөв яаж яваад 10 дахин өсөөд төсөвт шургалсныг тайлж мэдэх хүн ховор байна.
Н.Цэцэг
URL: