Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНФУ-д хийх албан ёсны айлчлал эхэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Бүгд Найрамдах Франц улсын Ерөнхийлөгч Франсуа Олландын урилгаар БНФУ-д хийж буй албан ёсны айлчлал эхэллээ. Монгол, Франц Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойгоор хэрэгжиж буй энэхүү айлчлал нь Парис хотноо болсон алан хядах цуврал халдлагын дараа болж буй гадаад улсын анхны Төрийн тэргүүний айлчлал гэдгээрээ онцлог юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг БНФУ-ын Засгийн газрын гишүүн, Эдийн засаг, аж үйлдвэр, тоон технологийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Мартин Пинвил тэргүүтэй албаны хүмүүс өнөөдөр (11 дүгээр сарын 18) Парисын Дайнд нэрвэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх ордонд албан ёсоор угтлаа. Угтах ёслолд Монголын талаас Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Батсайхан, УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх А.Баттөр тэргүүтэй албаны хүмүүс, харин БНФУ-ын талаас Бүгд Найрамдах Франц улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Элизабет Барсак, Парисын Хүндэт харуулын орлогч дарга, генерал Пьер Грего, Францын Гадаад хэрэг, олон улсын яамны Ёслолын газрын дэд дарга Фредерик Биеэ нарын төлөөлөгчид байлцлаа. Угтах ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Францын төрийн далбаанд хүндэтгэл үзүүлж, энэ үеэр Монгол, Францын төрийн дуулал эгшиглэв. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчид Хүндэт харуулын цэргүүд хүндэтгэл үзүүлсэн юм.
Тус улсын парламентын дээд танхим- Сенатын Ерөнхийлөгч ноён Жерар Ларше Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг хүндэтгэн Сенатын ордонд угтан авав. Уулзалтын үеэр ноён Ж.Ларше алан хялах цуврал халдлага болсны дараах хүнд үед хүрэлцэн ирсэнд Монгол Улсын Ерөнхийлөгчид талархал илэрхийлээд, 1911 онд Монгол Улс тусгаар тогтнолоо зарласнаас хойш буюу сүүлийн 100 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгч БНФУ-ын Сенатын Ерөнхийлөгчтэй анх удаа уулзаж буй түүхэн уулзалт болохыг онцоллоо. Түүнчлэн тэрбээр хоёр улсын хамтын ажиллагаа хөдөө аж ахуй, эрчим хүч болон соёлын салбарт эрчимтэй тэлж буйг тодотгосон.
Хариуд нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНФУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд олон зуун жилийн түүхэн уламжлалтай Францын хууль тогтоох дээд байгууллагад зочлон Сенатын Ерөнхийлөгчтэй уулзаж байгаад таатай буйгаа тэмдэглээд өнгөрсөн долоо хоногт болсон алан хядах цуврал халдлагын үеэр олон зуун хүн амь үрэгдсэнд эмгэнэл илэрхийллээ. Түүнчлэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр талын харилцаа уул уурхай, хөдөө аж ахуй, батлан хамгаалах, аялал жуулчлалын салбар болон олон улсын олон талт хамтын ажиллагааны хүрээнд өргөжиж буйг дурдаад хөдөө аж ахуй, мал аж ахуй, ялангуяа малын үүлдэр, селекцийг сайжруулах чиглэлээр Францын талтай хамтрах хүсэлтэй байгаагаа тэмдэглэв. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, Сенатын ерөнхийлөгч Ж.Ларше нар Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагаа болон олон улсын байдал зэрэг өргөн хүрээтэй асуудлаар санал солилцсон юм.
Уулзалтын төгсгөлд БНФУ-ын Сенатын ерөнхийлөгч Ж.Ларшег Монголд айлчлахыг урьсан УИХ-ын дарга З.Энхболдын урилгыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уламжиллаа. Уг уулзалтад Сенатын гишүүн, Сенат дах Франц, Монголын парламентын бүлгийн дарга Ф.Пиле, Сенатын Гадаад бодлого, батлан хамгаалах, зэвсэгт хүчний Байнгын хорооны дэд дарга К.Камбон, Францын парламентын доод танхим- Үндэсний хурал дахь Франц, Монголын найрамдлын бүлгийн дарга Ж.Шартье, БНФУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Э.Барсак болон албаны бусад хүмүүс байлцав.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Алфорын мал эмнэлгийн үндэсний сургуульд зочиллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНФУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Алфорын мал эмнэлгийн үндэсний сургуульд зочилж, Францын мал, амьтны зохиомол хээлтүүлгийн лабораторитой танилцлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Алфорын мал эмнэлгийн үндэсний сургуулийн захирал Марк Гони угтан мэндчилэв.
1766 онд XV Луи хааны зарлигаар байгуулагдсан тус сургууль нь Францын энэ чиглэлээрх дөрвөн их сургуулийн нэг бөгөөд Хөдөө аж ахуй, хүнс, ойн яамны харьяаны байгууллага аж. Францын Хөдөө аж ахуйн яамнаас 1900 онд уг сургуульд хайгуул, судалгааны лаборатори байгуулж өгсөн нь өнөөдөр ANSES буюу Хүнс, байгаль орчин, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлын үндэсний агентлаг нэртэйгээр сургуулийн хотхонд биеэ даасан үйл ажиллагаа явуулж байна.
Алфорын мал эмнэлгийн үндэсний сургуульд зочлох үеэрээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон дагалдан яваа албаны бусад төлөөлөгч тус сургуулиас гадна Хүнс, байгаль орчин, хөдөлмөрийн эрүүл ахуйн аюулгүйн үндэсний агентлаг, Францын мал, амьтны зохиомол хээлтүүлгийн лаборатори, энэ чиглэлээрх хоршоодын танилцуулга, дугуй ширээний уулзалтад оролцлоо. Уулзалтын эхэнд Францын Хүнс, байгаль орчин, хөдөлмөрийн эрүүл ахуйн аюулгүй байдлын үндэсний агентлагийн захирал Розен Суне эмгэнэлт үйл явдлын үеэр найз нөхөд, түншийн хувиар БНФУ-д айлчилж буйд Монгол Улсын Ерөнхийлөгчид талархал илэрхийлж байв. Мөн Хэлтүүлэгч мал амьтны эрүүл ахуйн хяналтын лабораторийн захирал хатагтай Эдит Утие “Мал зохиомлоор хээлтүүлж, үржүүлэх чиглэлээр 50 гаруй жилийн турш үйл ажиллагаа явуулж буй манай байгууллага энэ салбарт Монгол Улсын ижил түвшний байгууллагатай хамтран ажиллах хүсэлтэй байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын дараа энэ салбарт хамтын ажиллагаа сайжирна гэдэгт итгэж байна” гэлээ.
Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Алфорын мал эмнэлгийн үндэсний сургуулийг “Бидний зорьж ирж буй газар” хэмээн тодотгоод Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хангахад чухал үүрэгтэй мал аж ахуйн салбарт БНФУ-тай гурван чиглэлээр хамтрах хүсэлтэй байгаагаа тэмдэглэв. Тодруулбал, малын өвчин эмгэгийг эмнэх, малын үржил селекц буюу малын чанарыг сайжруулах, мөн мал аж ахуйн дэд бүтэц буюу мал эмнэлгийн орчин үеийн лаборатори байгуулж, мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр Францтай хамтрах сонирхолтой байгаагаа онцолсон юм.
URL: