“Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ луйвардаж, тэргүүн шүүгч Ц.Амарсайхан нь хамгаалж, хуулийг гууль болгож байна

“МАРАЛ ИНВЕСТ” БДК, “АЖНАЙ ИНВЕСТ” БДК-ИЙН БРОКЕР, ДИЛЛЕРҮҮД ХУЙВАЛДАН ИРГЭДИЙН ХӨРӨНГИЙГ ХУУЛЬ БУСААР ТҮҮНИЙ ӨМЧЛӨЛД ШИЛЖҮҮЛЖЭЭ-
Толгойгоороо хөрөн­гө босгож чадахгүй бол бусдын эд хөрөнгийг луй­вар­дан баяжиж дээшээ тэмүүлэх нь  зарим нэгэн хүний өндөрлөгт хүрэх арга бололтой. Сүүлийн жилүүдэд иймэрхүү за­маар даялж төрийн өн­дөр­лөгт хүрсэн хүмүүс цөөнгүй. Тэдний нэг нь “Таван толгой” хувьцаат компанийн ТУЗ-ийн дар­га Д.Бат-Эрдэнэ. Тэрбээр “Ажнай” компани бай­гуулж энэ нийгэмд эрвийх дэрвийхээрээ хүч үзэж УИХ-д ч сонгогдож явсан нэгэн. Харамсалтай нь 2008 оны УИХ-ын сон­гуульд нэр дэвшээд ба­раа­гүй. Одоо “Таван тол­гой”  хувьцаат компанийн ТУЗ-ийн даргын албыг хашиж буй. Бусдын өмч хөрөнгө манаж байгаа тэрбээр олон нийтэд арил­­жаалагдаж багагүй үнэд хүрсэн тус газрын хувьцаагаар их хөрөнгө босгож болохыг анзаар­сан уу, эсвэл цэнхэр та­салбараар  уурхайд хө­рөн­гө оруулаад мартсан иргэдийн хөрөнгийг өөрийн болгох гэж шуна­сан уу юутай ч Таван толгойн уурхайн хувь­цааг захаас нь авахуу­лаад цуглуулж эхлэх ажлыг тойрон хүрээлэгчдээрээ эхлүүлжээ.

Мэдээж түүний хөрөнгөжих хүсэл, хууль бус аргаар хувь­цааг өөрийн болгох зам тийм ч төвөгтэй байгаагүй биз. Хувьцааг цэцэг шиг л түүв.  Цэнхэр тасалбараа уурхайн хувьчлалд зориулсан атлаа буцаж ногдол ашиг аваагүй олон жил болсон иргэдийн нэрс түүний эхний агнах “бай” болов.  Ингэхдээ Улаанбаатарт байдаг зарим нэг брокер, диллерийн компаниудыг хууль бус ажиллагаандаа татан оролцуулжээ. Анхны хувьцаа эзэм­шигчдийн нэр хаяг, регистрийн дугаа­р нэг тоо, нэг үсгийг нь л өөрчилж бусдын нэр дээр шил­жүүлж байсан байх юм. Тэр нь гар дамжин борлуулагд­саар “Ажнай” Д.Бат-Эрдэнийн халаа­­санд ордог байна. Иймэрхүү маягаар 60 гаруй хүний 50 мянга гаруй хувьцааг өөрийн болгоод байгаа нь хуу­лийнх­ны шалгалтаар батлагджээ. Д.Бат-Эрдэнийн энэ хууль бус ажилла­гааг Санхүүгийн зохицуу­лах хороо хянаж үзжээ. Тус бай­гуул­лагын дүгнэлтэд “Ажнай ин­вест” брокер диллерийн компани болон түүнд ажиллаж байсан холбогдох ажилт­нууд өөрийн харилцагчийн өмчлөл дэх мэдээл­лийг бусдад мэдээлсэн гэж үзэж буйгаа нуусангүй.

Тодруулбал “Ажнай инвест” БДК, түүнд ажил­лаж бай­сан ажилтнууд дотоод мэдээллийг бусдад өгсөн байна. Энэхүү үйлдэл нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 13.1 дэх хэсэгт” Хөрөнгө оруулагч­дын өмч­лөлд байгаа үнэт цаасны тоо хэмжээ, түүнтэй хол­богдох нийтэд тараагдаагүй мэдээл­лийг мэдээ­лэх, өмчлөгчийн зөвшөө­рөлгүйгээр сонирхогч этгээдэд уг үнэт цаасыг худалдан авахыг санал болгохыг хориглоно гэх мэтээр тус хуулийн олон заал­туудыг зөрчсөн болохыг  тогтоожээ. Мөн “Анжнай инвест” БДК нь “Марал инвест” БДК-иар дамжуулан харил­­цагчийн өмчлөлд байсан “Таван толгой” хувьцаат компанийн тодорхой тооны хувь­цааг Д.Бат-Эрдэнэ өөрийн өмч­лөлд шилжүүлж авчээ. Үүнд “Марал инвест” БДК-ийн харил­цагч Н.Баярт-Одын төвлөрсөн хадга­ламж дахь 37-14111 тоот дансанд байсан “Таван толгой” ХК-ийн 15756 ширхэг хувь­цааг 55 удаа­гийн арилжаагаар Д.Бат-Эрдэ­нийн төвлөрсөн хадгаламжийн 14-506 тоот дансанд авсан үнээр нь шахуу шилжүүлсэн нь “Марал инвест” БДК, “Ажнай инвест” БДК-ийн бро­кер, диллерүүд хуйвалд­ан иргэ­дийн хөрөнгийг хууль бусаар нэр бүхий цөөн иргэд түүний дотор Д.Бат-Эрдэнийн өмчлөлд шил­жүүлсэн байна.

ҮХСЭНИЙГ АМЬДРУУЛАГЧ

Тухайлбал, иргэн Б.Цэрэндорж нь 1999 оны нэгдүгээр сарын 30-нд өвчний улмаас нас барсан байхад захиалгын гэрээг түүнийг нас барснаас хойш  үйлдсэн боло­хыг тогтоожээ. Энэ гэрээнд иргэн Ц.Батсүхийн ӨГ 716214 гэсэн пас­портын дугаарыг хуурамчаар ӨГ 690526 гэж бөглөсөн болох нь мөн тогтоогджээ. Мөн дээрх иргэдийн оршин суух хаяг өөрчлөгдсөн атал түүнийг өмнөх хаягаар нь бөглөж, Өмнөговь аймагт хэмээн бичсэн байсан байх юм.  Бас иргэн Д.Энх­тай­ваны паспортын дугаарыг мөн зөрүүтэй бөглөсөн байжээ. Иймэр­хүү маягаар “Ажнай”-н Д.Бат-Эрдэ­нийн халаасанд орсон иргэдийн хувьцаа хоёр гурван хүнээр бус нэг хэсэг хүний хөрөнгөөр гараа угааж, буяндаа бузар хураасан баримт байна.

“Таван толгой” хувьцаат компанийн хувьцааг хууль ёсоор  хувьчлан авсан иргэдийн хувьцааг нэр бүхий брокерийн пүүсүүд  зөвшөө­рөлгүйгээр хуурамч гарын үсэг зурж хувьцааг нь зарсан үйлдэлд Өмнөговь аймгийн иргэн Н.Ганхуяг, Д.Отгон­туяа, О.Бямба­цогт, Ц.Баатарсүрэн Улаанбаатар хотын иргэн Б.Бэх­баатар, Баян­хон­гор аймгийн иргэн Ж.Эрдэнэ­далай нар  өртсөнөө саяхан олж мэдсэн байх юм. Дээр нэр дурдсан Н.Ган­хуяг Д.Отгонтуяа нарын хувьцааг  энэ оны тавдугаар сарын 25-нд өөрс­дөд нь мэдэгдэлгүйгээр татан авч өөр хүний нэр дээр байршуулсан байв. “Ажнай” Д.Бат-Эрдэнийн энэ луй­варт зарим шүүгч, “Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв”-ийнхөн оролц­сон баримт ч гарч ирж буй юм. Д.Бат-Эрдэнийн энэ хууль бус  үйдлийг дэлгэхээс өмнө Таван толгой нүүрсний уурхайн хувьцаа эзэмшигчдийн түү­хийг сөхье.

ЦЭНХЭР ТАСАЛБАР ХАДАНД ГАРЧ БУСДЫН ШУНАЛЫГ ХӨДӨЛГӨСӨН НЬ

Анх буюу 1994 онд энэ уурхай хувьчлагдахад  ажилчид нь хөрөнгө оруулжээ.Өөрөөр хэлбэл Өмнөговь аймагт амьдарч байсан иргэд. Тэд ард түмнээ өмчтэй болгох гэж төрөөс тараасан их хувьчлалын цэнхэр тасалбараа Таван толгойн нүүрс­ний уурхайдаа өгч. Харам­салтай нь шилжил­тийн тэр он жилүүдэд борлуулалт байхгүй дөнгөж ажил­лах, үгүй­тэй байсан энэ уурхай хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг гэж тараадаггүй байв. Тараасан ч маш бага хэмжээний мөнгийг ног­дол ашиг хэмээн өгдөг байжээ. Иймд  хувьцаа эзэм­шигчид тэр болгон ашиг хүртэнэ гэж хүлээж суудаггүй байсан байна.

Нэг ёсон­доо цэнхэр тасалбарын гавьяаг ойлгодоггүй байсан үе. Бас хувь­цаа эзэмшигчид нэгэнт хөрөнгө оруулагч хувь нийлүүлэгч учир  хувьцаа байх ёстой газраа байж л байгаа гэж найддаг байс­ных биз. Гэтэл сүүлийн жилүүдэд байгалийн баялгаас хувь хүртэх тухай дор бүрнээ ярьж эхэлсэн. Удалгүй тэдний хувьцааг хадгалж хам­гаалж, баталгаажуулж байсан Өмнөговь аймгийн “Далан” броке­рийн пүүс татан буугдахад тус аймгийн нийт хувьцаа эзэм­шигч­дийг Улаанбаатар хотод байр­лах үнэт цаасны зах зээл дээр ажиллах тусгай зөвшөөрөл бүхий “Ажнай инвест” брокер диллерийн ком­пани шилжүүлэн авсан байна. Үүнээс улбаалан “Ажнай” хэмээгд­дэг Д.Бат-Эрдэнийн луйврын ажил­лагаа эхлэх суурь тавигдсан байх юм.

Тэгээд одоо 1999-2003 оны хооронд брокер диллерийн “Ажнай инвест” “Мөн­хөд” зэрэг  брокерын нэр бүхий диллерүүд “Таван толгой” хувь­цаат компанийн хувьцааг өмчилж байсан Өмнөговь аймгийн иргэ­дийн тавин мянга гаруй хувьцааг тэдний зөвшөөрөл захиалгын гэрээгүйгээр хууль бу­саар арил­жаалж хэд хэдэн арил­жаа дам­жуулс­ны дараа өөрийн дансанд нэгтгэн авч байснаар энэ луйврын түүх эхлэж байгаа юм. Ингэхдээ Д.Бат-Эрдэнэ өөрийн хүмүүсийн дансанд хувьцааг байр­шуулж эхлэсэн нь тэр үеийн гүйл­гээнүүдээс тод харагдана. Хувьцаа эзэмшигчид харин хувьцааг нь хулгайлж авсныг мэдээгүй байжээ.

ХУВЬЦАА ХУЛГАЙЛАГДАЖ ЭХЛЭВ

Тус уурхайд “Краз”-ын жолооч байсан Х.Энхжаргал 2005 онд хувьцаагаа алга болсныг Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвөөс авсан харил­цаг­чийн дансны дэлгэрэнгүй хуул­гыг авснаар мэджээ. Бүтэн жил гаран Санхүүгийн зохицуулах хороо болон шүүхээр явсны эцэст өөрийн үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхээ сэргээж, хувьцаагаа дансан­даа буцаан байршуулж авчээ. Дараа нь иргэн Д.Энхтайван  3959 ширхэг хувьцаагаа алдсанаа мэ­дэж, УИХ-ын гишүүн Д.Арвинд ханджээ.Энэ явдлаас хоёр­хон сарын дотор 2007 оны найм­дугаар сарын 17-нд СЗХ-ны 121 тоот тогтоол гарч Д.Энхтайваны 3959 ширхэг хувь­цааг өмчлөх эрх сэргэх нь тэр. Дээрх хувьцаа эзэмшигч­дийг хувьцаагаа авсан сургаар  бусад хувьцаа эзэмшигчид хоо­рондоо холбогдож дансаа шалгаж эхэлсэн байна.

Гэтэл  бүгд  хувь­цаа­гаа алдсан байв. Ингээд тэд нэгдэж Санхүү­гийн зохицуулах хороонд өргөдөл гарга­в. Санхүү­гийн зохи­цуу­лах хорооныхон шалгаад бүрэн эрхийнхээ хүрээнд 2008 оны арван­нэгдүгээр 28-нд 263 тоот тогтоолоо гаргаж 23 иргэний хувь­цаа өмчлөх эрхийг сэргээжээ. Дараа нь иргэн Д.От­гонтуяа, Н.Ганхуяг, Б.Бэхбаатар, О.Бямбацогт, Ж.Эрдэ­­нэдалай, Ц.Баатарсүрэн нар мөн л хувь­цаагаа алдсанаа мэдэж Санхүү­гийн зохицуулах хороонд хандсан байна. Гэтэл тус газар “Та нарын хувьцаа итгэмжлэлээр за­рагдсан байна. Хэрэв энэ итгэмж­лэлийг хууль бус гэж үзэж байгаа бол шүүхэд хандаж асуудлаа шийд­­вэрлүүл” гэсэн хариу өгчээ.  Энэ дагуу тэд шүүхэд хандав. Шүүхээр иргэдийг хууль ёсны өмчлөгчид болохыг тогтоож өмчлөх эрхийг нь сэргээлээ.

Гэтэл ҮЦТТТХТ-ийн гүйцэт­гэх захирал Т.Гандулам шүүхийн шийдвэр нь гараад шийдвэр гүй­цэт­­гэлийн ажиллагаа явагдаж дуусаад хувьцаагаа өмчлөөд хоёр жил болчихсон хойно шүүхийн шийдвэр шийдвэрүү­дийг эргэж  хянаад хүчингүй болгож өгөөч хэмээн шүүхийн байгууллагад хандсан байх юм. Уг нь шүүхийн шийдвэрийг гаргасан шүүх ажил­лагаанд хэргийн зохиогч болон гуравдагч этгээдийн али­наар нь ч  тус байгууллага оролцоогүй байв.

ДАРААЛСАН ДАРАМТ ХЭН МӨНГӨТЭЙД НЬ ҮЙЛЧИЛДЭГ ТОД ЖИШИГ

Т.Гандуламын энэ хууль бус хүсэлтийг Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхи­мын тэргүүн шүүгч Ц.Амарсайхан хүлээж аваад доод шатны шүүхэд­ дээрх хувьцааны талаарх шийд­вэрүүдийг дахин хяна гэсэн заавар өгсөн баримт ч байгаа юм. Ц.Амар­сайхан нь Б.Бэхбаатарын өмчлөх эрхийг сэргээсэн шүүхийн шийдвэ­рийг гаргасан шүүх хурлыг  даргалж байсан удаатай. Гэтэл энэ шийдвэ­рийг ҮЦТТТХТ ХХК хууль бус гэж гомдол гаргасан нь ойлгомжгүй байгаа юм. Харин ч тус газар  хувьцаа эзэм­шигч­дийн өмчийг хадгалж хам­гаалж чадаагүй.  Гэтэл шүүхийн шийдвэрээр тэдний зөрчигдсөн эрхийг сэргээж өгсөн нь буруу байна. Үүнийг хүчингүй болгож өгөөч ээ хэмээн шүүхийн байгууллагад хандах эрхий бий гэж үү. Иргэний хуу­лийн 56.1.8-д заас­ны дагуу хуульд заасан хэлбэрийг зөрчсөн хуульд заасан тохиолдолд зохих этгээ­дийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж хуульчилж.

Тэгвэл энэ эрхийг сэргээ­сэн бүх шийдвэр өмчлөгчөөс нь зөвшөөрөл аваагүй байна гэдгийг нотолдог. Тэгэхээр Т.Гандуламын өргөдөл хүсэлт гаргасан локигоос үзвэл өмчлөг­чөөс нь зөвшөө­рөл авалгүй бусдын хувьцааг зарж болно. Хул­гайч, луйварчдыг дэм­жиж өгөөч ээ гэсэн­тэй агаар нэг юм. Юуны учраас хөндлөнгийн хүн  энэ хэрэгт орол­цож шүүхэд нөлөөлөх гэж оролдож буйг таахад ч бэрхтэй. Ц.Амар­сай­хан шүүгч түүний гомдлын дагуу доод шатныхаа шүүхийнхэнд дахин хянаж үзэхийг ч даалгасан байх юм. Үүнийг сонссон хувьцаа эзэмшигчдийн зарим нэг нь айгаад хувьцаа зарж байх жишээтэй. Ингээд л “Ажнай”-н Д.Бат-Эрдэ­нийн тоглох тоглоом, өөрийн бол­гох гэж улайрсан хувьцаа нь  гарт нь гүйгээд ороод ирдэг гэнэ.  Д.Бат-Эрдэнэ ч яахав, энэ зэргийн мөн­гөөр бусдыг айлгаж байгаад хувь­цаануудыг нь хумьж аваад болдог юм байж. Бүр хамаагүй 49 хувь нь хувьцаа эзэмшигчдийн өмч байдаг “Таван толгой” ХК-ийн хувь­цааг бүгдийг нь авах их хүслээ гүйцээж гэж саная.

Гэхдээ төрөөс өгсөн тэр цэнхэр тасалбараараа хувьцаа эзэмшигчид хэдэн жи­лийн өмнө Таван толгойн уурхайд оруулахдаа Д.Бат-Эрдэнэд луйвардуулахын тулд өдий хүрсэн гэж үү. Мэдээж энэ уурхайтай тэдний амьдралын нэгээхэн хэсэг хол­богдож байсан учир энэ уурхай­гаа өнгөтэй өөдтэй яваасай хэмээн найдлага тавин энэ хүртэл явсан биз.

Г.ЯЛГУУН

mglradiocom


URL:

Сэтгэгдэл бичих