Караоке-д биеэ үнэлж байгаад баригджээ
Айлын хашаанд бүгээд байсан биеэ үнэлэгч охидын хэрэг нийгэмд шуугиан тариад байгаа. Энэ хэрэг илчлэгдсэнээс хойш хүмүүс ямар ч хаалттай хашаа, цоожтой байшин дотор биеэ үнэлэгчид “үүрлэсэн” байхыг үгүйсгэхгүй гэх болсон. Энэ нь ч зөв биз.
Учир нь гаднаас нь харахад зүгээр нэг монгол айлын өвлийн байшинд энэ бүхэн болж өнгөрсөн юм. Хэргийг тодруулбал, энэ сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн Орхоны 5-11 тоот хашаанд нэгэн айлын байшинг караоке, буудал болгон тохижуулж, 20-25 насны охидыг гадаад иргэдэд зуучилж биеийг нь үнэлүүлдэг байсан хэрэг гарсан.
Гаднаас нь харахад цэмцгэрхэн айл гэмээр камер, кодтой цоож зоосон уг байшинд таван Солонгос иргэн 10 гаруй монгол охидтой зугаацаж байхад нь цагдаа нар баривчилсан юм. Улмаар Хятад, Европ иргэд ч энэ караоке, буудлаар орж гарч байсан гэдгийн хөршүүд нь нотолж байгаа.
Ямартаа ч манай сайт эл хэргийг газар дээрээс нь очиж сурвалжлан хүргэж байсныг та бүхэн санаж байгаа байх. Харин хэргийн явцын талаар уг хэргийг шалгаж байгаа Баянгол дүүргийн мөрдөн байцаагч Э.Сэргэлэнгээс тодрууллаа.
-Н.Ундрахыг цагдан хорьсон байгаа юу?
-Хэд хоногийн өмнө батлан даалтад гарсан. Бид нарыг дуудсан үед мэдүүлгээ өгч, бүртгүүлж байгаа. Мөн түүнтэй хамт байцаагдсан охид ч батлан даалтад гарсан.
-Тэднийг баривчлах үед Солонгос иргэд хамт баригдсан гэх юм. Үнэн үү?
-Таван Солонгос иргэнийг шалгаж байгаа. Мөн Хятад иргэд ч уг газраар үйлчлүүлдэг байсан байх магадлалтай.
- Уг хашаа байшинг түрээсэлдэг байсан гэсэн. Жинхэнэ эзэдтэй нь холбоо тогтоосон уу?
-Хашаа байшингийн эзэд гадаадад байгаа юм билээ. Анх түрээслүүлж үлдээсэн эзэн нь уг байшинг зочид буудлын зориулалттай ашигласан байсан. Улмаар энэ оны тавдугаар сард зочид буудлынх нь тусгай зөвшөөрөл дууссанаар У гэгчид түрээсэлсэн байгаа юм.
-Тэгэхээр Н.Ундрах нь хоёр сар л уг газрыг түрээсэлж байгаа гэсэн үг үү?
-Тийм. Тавдугаар сараас хойш.
-Биднийг очиж сурвалжлахад хашааных нь гадна камер байрлуулсан байсан. Та нар камерийн бичлэгийг шалгасан уу?
-Өмнө нь зочид буудал ажиллаж байхдаа камер байрлуулсан юм билээ. Бид ямар ч бичлэг, диск олоогүй.
-Эдгээр хүмүүст Эрүүгийн хэрэг үүсгэх боломжтой юу?
-Зөвхөн охидыг зуучилсан, тухайн газрыг ажлуулсан гэх У-д Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 124/2-т зааснаар биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, зуучилсан, биеэ үнэлэхийг зохион байгуулсан, тээврийн хэрэгсэл орон байраар хангасан гэх эдгээр зүйлсээр зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэсэн байгаа.
-Тэгвэл биеэ үнэлсэн гэх охидод хариуцлага хүлээлгэхгүй гэсэн үг үү?
-Зохих хуулийнх нь дагуу захиргааны арга хэмжээ авна. Эсвэл эрүүгийн шинжтэй байвал Эрүүгийн хуулийн зүйл заалтаар сэжигтэн, яллагдагчаар нь тооцно.
-Байцаагдаж байгаа охид ямар ажил төрөл эрхэлдэг, хэдэн насны хүмүүс вэ?
-Ихэнх нь 1992 оны охид байсан. Тодорхой эрхэлсэн ажилгүй, ямар нэг газар зөөгч гэсэн хүмүүс л байгаа.
-Караоке, зочид буудлыг битүүмжилсэн хэвээрээ биз дээ?
-Битүүмжилсэн, хаасан хэвээрээ байгаа. Яг өөрийнх нь биш болохоор бид хурааж, улсын орлого болгох боломжгүй. Мөн эх сурвалжийн хэлснээр Н.Ундрах гэх эмэгтэй нь нөхөр, хүүхэдгүй ганц бие. Тэрбээр Солонгост ажиллаж амьдарч байгаад монголд ирээд удаагүй байгаа аж. Өдгөө 30 настай юм байна.
Эх сурвалж: Mongoliax.mn
URL: