“МТЗ”-ын дэд захирал асан П.Бат-Эрдэнэ 510 сая ам.долларын гэрээ үзэглэсэн нь баримт болон үлджээ

"МТЗ"-ын дэд захирал асан П.Бат-Эрдэнэ 510 сая ам.долларын гэрээ үзэглэсэн нь  баримт болон үлджээ
Ниргэсэн хойно нь хашгираад яах вэ, хуулийнхаан. Ийн хэлэхийн учир өнөөдөр Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяагийн хэрэгт холбогдуулан нэр бүхий хоёр албан тушаалтныг интерполоор эрэн сурвалжилж эхэллээ гэх мэдээлэл сүүлийн үед хэвлэлийн хуудсыг чимэх болсонтой холбоотой. Өөрөөр хэлбэл, хууль хяналтын байгууллагынхан дээрх хэрэгт сэжиглэж байгаа “Либерти Партнерс”-ийн захирал Ч.Ганбат, “МТЗ” ТӨХК-ийн дэд захирал асан П.Бат-Эрдэнэ нарыг Б.Батзаяагийн гэх хэрэгт сэжиглэн, байцаалт авах гэсэн боловч нөхөд аль хэдийнэ хил даван алга болж, хэргээс бултах нүх сүвээ хайж эхэлсэн. Үүний улмаас дээрх хоёр нөхрийг дэлхий даяар эрэн сурвалжлах болсон билээ. Хачирхалтай нь, дээрх нэр бүхий эрхмүүдийн сэжиглэж буй асуудлыг манай сонин өнгөрсөн оны тавдугаар сард товч бөгөөд тодорхой байдлаар мэдээлж байсан. Гэтэл тухайн үед хууль хяналтын байгууллагын хоёр нөхөр редакц дээр маань ирж энэ талаарх мэдээллийг нэг бүрчлэн асууж тодруулаад явсан.

Тэгвэл тэд бүтэн нэг жил зургаан сарын дараа сая л нэг эл хэргийн араас орж, учрыг нь олох гэж өнөөдөр ийнхүү сүржигнэж эхэллээ. Бид энэ талаар хууль хяналтын байгууллагын эх сурвалжаас асуухад “Нэр бүхий хоёр этгээдийг интерполоор эрэн сурвалжилж байгаа зургийнх нь хажууд улаан тэмдэглэгээ байгаа. Энэ нь аль ч улсын хууль хяналтын байгууллага болон цагдаагийнхан хаанаас ч баривчлах эрхтэй гэсэн үг” гэх тайлбарыг өглөө. Ямартай ч энэхүү чухал тэмдэглэгээг тавьсан болохоор тэднийг амархан баривчлах болно гэдгийг тэд хэлж байна.

Харин манай сонин өнгөрсөн дугаартаа “Либерти Партнерс” компанийн захирал Ч.Ганбатын талаар мэдээлж байсан. Тэгвэл дэлхийгээр нэг эрэн сурвалжилж байгаа “МТЗ” ТӨХК-ийн дэд захирал асан П.Бат-Эрдэнэ гэгч сүйхээтэй эрийн талаар цухас дурдая. Ямартай ч мань хүн өөрийг нь хэрэгт татахыг мэдсэн юм шиг эртнээс гадагш гарах бэлтгэлээ базаасан аж. Улмаар Австрали улсад суралцахаар боллоо гэх зарыг ойр тойрныхондоо тараасан байгаа юм. Ингээд гадаад улсад суралцахаар болсон тэрбээр гүйцэтгэх захирал Д.Ганбатын тушаалаар 16 сая төгрөгийн нэг удаагийн дэмжлэг авч хилийн дээс алхсан нь энэ аж. Юутай ч өмнө нь “МТЗ” ТӨХК-ийн дэд захирлын албан тушаалыг хашиж байхдаа хувийн дансандаа чамлахааргүй их мөнгө хуримтлуулж чадсан азтай нэгэн. Ямартай ч одоогоор П.Бат-Эрдэнэ өөртэй нь холбогдох бүх нүх сүвийг хааж тарвага ичээндээ гэгчээр бүгэх амьдралд шилжжээ.

Ч.Ганбат, П.Бат-Эрдэнэ нарыг “Тавантолгой-Гашуун Сухайт” төмөр замын зураг төсөлд 11.8 сая ам.доллар, хуулийн үйлчилгээнд 4.5 сая, эдийн засгийн зөвлөх үйлчилгээнд одоогийн байдлаар 1.9, хяналтын зөвлөх үйлчилгээнд 5.5 сая нийт 510 сая долларын гэрээнд тухайн үед гарын үсэг зурсан асуудлаар сэжигтнээр тооцон шалгахаар болсон. Бид энэ харгийн талаар ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн хамт олноос асууж тодруулах гэсэн боловч мэдээлэл өгөхөөс татгалзлаа. Харин бидэнд олдсон баримт нотолгоогоор бол Монгол Улсын түүхэнд гарч байгаагүй их хэмжээний мөнгөний гэрээ хэлэлцээр болон бусад зүйл дээр “МТЗ”-ын дэд захирал асан          П.Бат-Эрдэнийн гарын үсэгтэй олон баримт байна.

Тухайлбал, 2013 оны тавдугаар сард “Энержи ресурс рэйл”, “Самсунг Си энд Ти” компаниудын хооронд хийсэн “Таван толгой-Гашуун сухайт” чиглэлийн төмөр зам барих төслийн ажлыг цуцалж эрх шилжүүлэх гэрээгээр “МТЗ”-д шилжүүлэн өгч байсан юм. Хамгийн хачирхалтай нь “МТЗ” энэхүү гэрээг шилжүүлэн авахдаа дахин ямар ч тендер зарлалгүйгээр “Самсунг Си энд Ти” компанийг үргэлжлүүлэн ажиллуулах эрхийг нь өгсөн явдал юм. Тэдний хийсэн энэхүү үйлдэл ч тухайн үед олон хүний нүдийг орой дээр нь гаргаж шүлсийг нь гоожуулж байсан гэдэг. Мэдээж эрх шилжүүлэх гэрээгээр үзэглэн авсан “Тавантолгой-Гашуун сухайт”-ын төмөр зам барих ажлыг  өнөөдөр эрх мэдэл бүхий хүмүүс яалт ч үгүй П.Бат-Эрдэнэтэй холбон тайлбарладаг юм. Уг нь П.Бат- Эрдэнэ захирлын тооцоолж байснаар бол өнгөрсөн сард “Тавантолгой-Гашуунсухайт”- ын замыг улсад хүлээлгэн өгөх байжээ. Гэтэл хүлээлгэж өгөх нь битгий хэл П.Бат-Эрдэнэ “МТЗ”-ын эрх мэдэл бүхий албан тушаалтан байхдаа нийтдээ 510 сая ам.долларын гэрээ үзэглэсэн нь өдгөө нотлох баримт болон үлдсэн байна.

Гарын үсэг зурсан гэрээг задалж үзүүлбэл

  1. Таван толгойт Гашуун сухайтын төсөлд 487 сая ам. доллар
  2. 1800 километрийн зураг төсөл хийхэд 11.8 сая ам.доллар
  3. Хуулийн үйлчилгээнд 4.5 сая ам. доллар
  4. Эдийн засгийн зөвлөх үйлчилгээнд одоогоор 1.9 сая ам.доллар / cap бүр төлөх хугацаа нь хэзээ дуусах нь тодорхой бус/
  5. Хяналтын зөвлөх үйлчилгээнд 5.5 сая ам.долларын гэрээнүүдэд нийт 510 сая ам.долларын гарын үсэг зурсан гэсэн үг.Энэ бүх гэрээ хэлэлцээрийг П.Бат- Эрдэнэ “МТЗ” ТӨХК-ийн захирал байхдаа хийсэн. Гэтэл тэрбээр энэхүү гэрээнүүдийг хийснийхээ дараа гэнэтхэн л дэд захирлын суудалд заларч хэсэгтээ л олны анхаарлыг татаж байсан ч энэ асуудал чимээгүйхэн хав дарагдаж байсан юм.

Эндээс харахад хамгийн их мөнгө зарцуулсан албан тушаалтан нь П.Бат-Эрдэнэ болоод байна. Тиймээс л Б.Батзаяа ба түүний нөхдийг зохион байгуулалттай бүлэг хэрэг үйлдэж улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт сэжиглэн шалгах болоод байгаа аж. Ямартай ч асуудал, аюул хоёрыг зэрэг дагуулаад буй “Чингис”, “Самурай” бондын хэсэг мөнгө нь дээрх төмөр замын ажилд зарцуулсан нь гарцаагүй үнэн. Тиймээс магадгүй харь оронд бүгж буй П.Бат-Эрдэнийг чирээд аваад ирэх зоригтой албан тушаалтан бий болов уу.

Өглөөний сонин
Р.Саруул

URL:

Сэтгэгдэл бичих