Б.Батзаяагийн хувь заяа хаашаа эргэх вэ

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг хууль хяналтын байгууллагынхан өнгөрсөн сарын 30-ны шөнө гэрээс нь баривчилсан. Харин түүнээс эхний ээлжинд байцаалт авсан аж.

Б.Батзаяа нь “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн даргаар өмнө нь ажиллаж байсан. Тэрээр Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын ажилд оролцогчийг сонгон шалгаруулахад ажил үүргийн хуваарийн дагуу оролцсон нэгэн юм.

Харин Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхээс Б.Батзаяаг энэ сарын 16-нд батлан даалтад гаргах шийдвэр гаргасан. Улмаар Б.Батзаяаг гадуур батлан даалтад шалгаж байсан юм. Тэгвэл уг шийдвэрийг прокурор нь эсэргүүцэж, эсэргүүцэл бичсэн байна.

Эсэргүүцлээ өчигдөр тус дүүргийн шүүхэд хүргүүлсэнээр яг одоо Б.Батзаяаг батлан даалтад гаргах уу, үргэлжлүүлэн хорих уу гэдгийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд хэлэлцэж байна. Мөн түүнтэй хамт Ухаахудаг-Гашуун сухайтын чиглэлийн төмөр замын ажлыг гүйцэтгэж байсан Өмнөд Солонгосын “Самсунг С&Т” компанийн захирлыг ч мөн саатуулсан юм.

Энэхүү хэргийг ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн бүтэн жил орчим хөөцөлдөн байж баримт сэлт цуглуулсны үр дүнд баривчилсан гэдэг. Харин Б.Батзаяагийн хэрэгт хамт сэжиглэгдээд буй “МТЗ” ТӨХК-ийн дэд захирал асан П.Бат-Эрдэнэ, “Либерти Партнерс”-ын захирал Ч.Ганбат нарыг Олон Улсын Интерполоор хайж байгаа. Тэднийг хайх хүсэлтийг манай улсын Интерполын товчооноос гаргаснаар хайж эхэлсэн гэнэ.

Г.Төмөр


URL: http://www.fact.mn/248885.html

Сэтгэгдэл бичих