Ерөнхийлөгч цөлжилттэй тэмцэх байгууллага байгуулах санаачилга гаргажээ

Ерөнхийлөгч Ц.ЭЛБЭГДОРЖ НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 66 дугаар чуулганд оролцож байгаа билээ.

Ерөнхий Ассамблейн 66 дугаар чуулганы дарга Насир Абд аль-Азиз ан-Насерын хэлснээр өнөөдөр манай дэлхийн газар нутгийн дөрөвний нэг нь цөлжих аюулд нэрвэгдээд байна.  Жил бүр 12 сая га газар хуурайшиж цөлжих болжээ. Цөлжилтөд нэрвэгдсэн нийт газар нутгийн хэмжээ 3.6 тэрбум га-д хүрээд байгаа гэнэ.
Чуулганы үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уг сэдвээр болсон дугуй ширээний уулзалтад оролцож үг хэлсэн. Ерөнхийлөгч “Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт манай улсад бодитойгоор нөлөөлж байгаа. Цөлжилт, хуурайшилтаас болж нөхцөл байдал ямар болж байгааг дүгнэн хэлэлцэж буй нь яг л Монгол орны тухай ярьж байгаа мэт санагдаж байна. Учир нь өнөөдөр Монголын газар нутгийн 70 орчим хувь нь цөлжиж, хуурайшлаа. Байгальд хамгийн ээлтэй байдлаар аж төрдөг нүүдэлчин монголчууд дэлхийн дулаарал, цөлжилтөд хамгийн их нэрвэгдэж буй ард түмэн болж байна.  Олон улсын хэмжээнд цөлжилтийн асуудлаар 10 жилийн өмнөөс эрчимтэй ярьж эхэлсэн боловч үр дүн нь төдийлөн сайн биш байна. Одоо хэлэлцэх биш хийх цаг болсон” гээд НҮБ-ын гишүүн орнуудад хандаж гурван санал дэвшүүллээ.   Монголын говь нь дэлхийн дулаарлаас болж үүсч байгаа цөлжилт хуурайшилтыг судлахад хамгийн тохиромжтой газар учраас говьд хамтарч судалгаа хийх, говь цөлийн бүсийн  өвс ургамал, ховор ан амьтдыг хамгаалах зорилгоор төсөл хэрэгжүүлэх, мөн цөлжилттэй тэмцэх Засгийн газар хоорондын байгууллага байгуулах зэрэг санал дэвшүүлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн эдгээр санал цөлжилтөд хамгийн их нэрвэж буй Африкийн орнуудын төр засгийн тэргүүнүүдийн анхаарлыг ихэд татлаа. Дугуй ширээний ярилцлагын дараа Нигери Улсын Ерөнхийлөгч Доминик Гүүдлак, Намиби Улсын Ерөнхийлөгч Х.Похамба нар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзаж, дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг явуулж байгаа үйл ажиллагааны үр дүн, мөн Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн саналын талаар ярилцаж, санал солилцлоо.


URL:

Сэтгэгдэл бичих