“Илүү хошуут”-ын гаслан
Улс орны эдийн засаг туйлын хүнд байдал орж, ард түмний амьдрал сайнгүй байна. Энэ оны 3-р улирлын байдлаар эдийн засгийн 2.5-хан хувийн өсөлттэй гарч байгаатай зэрэгцээд дэлхийн банк МУ-ын эдийн засгийн өсөлтийг 2016 онд 0.8%-д хүртэл буурна гэж зарлаж, шоконд орууллаа.
Эдийн засгийн хямрал 2017, 2018 онуудад ч өрийн дарамтаас шалтгаалан үргэлжлэх таамаглал байна. Энэ эдийн засгийн хямрал ядарсан ардын амьдралд илүү дарамт болж байна. Идэх хоол, түлэх түлшнийхээ төлөө төлөө өдөр шөнөгүй зүтгэж байгаа таньж мэддэг хүмүүс болоод хэвлэл мэдээлллээр гарах иргэдийг хараад өрөвдөх сэтгэл төрөх юм. “Хувь хүн өөрийн хувь заяаныхаа эзэн байх ёстой” гэсэн өөрийн зарчим байдаг ч энэ бүхний томоохон буруутан нь 25 жил төр барьж, буруу бодлого явуулсан улс төрчид гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй ээ.
Улс төрчдийн бодлогогүй шийдвэрийг ард иргэд бид бухимдалтайгаар шүүмжилдэг ч тэднийгээ ээлжлэн сонгосоор өдийг хүрлээ. Тэдний энэ байдал цаашид хичнээн жилээр үргэлжлэхийг үнэхээр таашгүй. Тэднийг өөрчилж чадна гэдэгт хувь сонгогчийнхоо хувьд үнэхээр итгэл алга байна. Учир юу хэмээвээс нөгөө хэд чинь ард иргэдийн сэтгэлийг уярааж, нүдийг баясгаж, зүрхийг хайлуулах ажилдаа нэгэнт оржээ.
Нөгөө эх оронч гэгдэж, өнөөгийн улс төрчдийг шүүмжилж, уйлж дуулж явсан нийтийн дууны ханхүү маань АН-ын нэгэн дарга гэх залууг дагаад инээж хөөрөн Өвөрхангайгаар тойрч яваа сурагтай. Хөдөөгийн ард түмэнд Жавхлангийн дуу хоолойг дэргэдээс сонсно гэдэг ховор олдох боломж тул сумын клуб үзэгчдээр дүүрчээ. Олноор цугларсан иргэдийг зургийг социалд тавьж, миний илтгэлд цугларсан хүмүүс гэж гайхуулж байна. Энэ мэтчилэн үнэгүй унаагаар зөөж, урлагийн тоглолт үзүүлж, халамжлан үйлчлэх арга хэмжээгээ нэгэнт эхлүүлжээ.
Улс төрчдийг бухимдан зүхдэг ард иргэд биднийг “санаа байгаад сачий нь хүрэх биш” гэсэн янзаар дооглож буй мэт байдлыг хараад сэтгэл өвдөж сууна. Би гэдэг хүн зүгээр сайхан ажлаа хийхээд амар тайван амьдрахгүй, улс төрчдийг энэ зэвүүн аргийг хараад “илүү хошуут”-ын зан хөдөлж, бухимдан гаслаж сууна.
Эх сурвалж www.bolod.mn
Б.Балжинням
URL: