Монголчууд уул уурхайн сөрөг нөлөөнд санаа зовж байна
АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй НҮБын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Газар нутгийн тал гаруй хувьд уул уурхайн хайгуулын зөвшөөрөл олгогдоод байна. Би үүнийг хангалттай хэмээн үзэж байна” гэж хэлснийг “Reuters” агентлаг дамжууллаа. Тэрбээр уул уурхайн олборлолтоос үүдэн гол ширгэх, биологийн төрөл зүйл устах, бохирдсон усаар ундаалсан малчид өвчин тусах зэрэг аюул нүүрлээд байгааг дуулгажээ. Түүнчлэн дэлхийн хамгийн том нүүрсний ордод тооцогдож буй Тавантолгойн гэрээнд ихээхэн анхааралтай хандаж байгааг дурдаад гаднын орнуудтай хэлэлцээр хийх ажлын явц эхний шатандаа явж байна гэв.
Гэхдээ хэлэлцээрийн хугацаа болон уг төсөлд шалгаран үлдээд буй БНХАУын “Shenhua”, АНУ-ын “Peabody energy” болон Орос-Монголын консор циумын тухай асуултад хариулахаас татгалзсан гэж бичжээ. Гадаадын олон компани Монголын нүүрс, зэс, алт, ураны арвин нөөцийг ихээхэн сонирхдог ч эрх зүйн орчин, улс төрийн тодорхойгүй байдал нь хөрөнгө оруулахад сөргөөр тусдаг гэж шинжээчид тайлбарладаг гэдгийг мөн дурдсан байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж улс төрийн нөхцөлөөс хамааран гаднын хөрөнгө оруулагчдын итгэлийг хөсөрдүүлэх явдал бийг хүлээн зөвшөөрсөн ч иргэдийнхээ итгэлийг алдах нь үүнээс ч чухал асуудал шүү дээ хэмээн ярьсныг тэмдэглэжээ.
Ц.БОЛОРМАА
URL: