Нью-йоркт цагдаагийн тусгай салаа байгуулжээ

Парист гарсан халдлагын улмаас дэлхийн томоохон хотууд террорист халдлагаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч эхэлжээ. Тухайлбал, Нью-Йорк хотын цагдаагийн алба хаагчид болзошгүй халдлагын үед шуурхай хариу арга хэмжээ авах тусгай салаа байгуулсан байна.

Энэ тухай тус хотын цагдаагийн комиссар Уильям Брэттон “Нью-Йоркийн гудамжуудад цагдаагийн тусгай албаны 100 офицер даваа гаригаас эхлэн өдөр бүр эргүүл хийхээр болсон. Уг шинэ салаа нь террорист халдлагын үед яаралтай арга хэмжээг авах үүрэгтэй. Түүнчлэн террорист халдлагатай холбоотой аюул заналаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах даалгаврыг голлон гүйцэтгэнэ” хэмээн сэтгүүлчдэд мэдэгджээ.

“Шинэ анги нэгтгэлийг байнгын үйл ажиллагааны үндсэн дээр байгуулсан бөгөөд террорист аюулын төвшнийг үл харгалзан ажиллана” гэдгийг Нью-Йоркийн цагдаагийн газраас мэдээлсэн байна. Нью- Йоркийн тусгай салаа нь 500 офицерын бие бүрэлдэхүүнтэй аж.

Ийнхүү цагдаагийн байгууллагаас тусгайлан арга хэмжээ авснаар Нью-Йоркийн эрх баригчдын “хотын аюулгүй байдлыг хангах нэмэлт арга хэмжээ” эхэлснийг Брэттон онцолсон юм. Үндсэн хариу арга хэмжээ авах салаа Нью-Йоркийн худалдаа, бизнесийн төв голлон оршдог болон хүн ам ихээр цугладаг газруудад эргүүл хийх аж.

С.Ням


URL:

Сэтгэгдэл бичих