Эдийн засагт учирч болзошгүй эрсдэлээс болгоомжлохыг ОУВС зөвлөв

Санхүү, эдийн засгийн хямралыг даван туулах зорилгоор Засгийн газраас Олон улсын валютын сан (ОУВС)-тай хамтарч “Стэндбай” хөтөлбөр хэрэгжүүлсэн билээ. Хөтөлбөр амжилттай хэрэгжиж дууссан, манай улсын эдийн засаг хурдан сэргэж, эдүгээ өсөж эхэлсэн тул ОУВС Монголд суух төлөөлөгчөө татах болсноо өчигдөр мэдэгдлээ. Мөн хөтөлбөрийн дараах хяналтын яриа хэлэлцээ хийснээ тайлагнав.

Ажлын хэсгийн ахлагч, тус сангийн Ази, Номхон далайн бүсийн төвийн дэд захирал, ноён Стивэн Барнэтт энэ талаар “Эрх баригчид макро эдийн засгийн оновчтой бодлого хэрэгжүүлсэн, дэлхийн зах зээлд зэсийн үнэ сэргэсэн зэрэг нь хямралыг Монгол Улс хурдан, амжилттай давахад нөлөөллөө. Уул уурхайн хоёр томоохон ордоо эдийн засгийн эргэлтэд оруулж байгаа нь Монголын эдийн засгийн гэрэлт ирээдүйг тодорхойлжээ” гэв. Нэгэнт манай улсын эдийн засгийн нөхцөл сайжирсан, тэгээд ч ОУВС-гийн энэ хөтөлбөрт зориулсан төсөв дуусаж буй учир төлөөлөгч Рамлогандыг татаж буй аж. Гэхдээ дотоодын ажилтнуудаа үргэлжлүүлэн байлгаж, тэднийг Токио дахь бүсийн төвөөс удирдах юм байна.

“Стэндбай” хөтөлбөр хэрэгжүүлэх хоёр жилийн хугацаанд манай улсад ажилласан ноён Рамлоганд Засгийн газартай үргэлж санал нэг байгаагүй ч аль аль талаасаа асуудалд уян хатан хандаж ажилласнаа ярив. ОУВС-гийн дээрх Ажлын хэсэг манайд ажиллаж, макро эдийн засгийн бодлогын өөрчлөлтийг судалжээ. Уул уурхайн баялгаа ашигласнаар эдийн засаг хөгжих ч, зарим эрсдэл байгааг тэд сануулсан юм. Эдийн засаг хэт халж, инфляц хоёр оронтой тоонд хүрсэн нь ядуу, эмзэг бүлгийнхэнд хүнд тусаж буй. Улмаар хувийн хэвшлийн үйл ажиллагааг доройтуулахыг анхааруулав. Үүнийг сөрөхийн оронд манай макро эдийн засгийн бодлого 2009 оны хямралын үеийн тэлэлтагшилтын чиг шугам руу орж буй гэнэ.

Мөн дэлхийн зах зээл дээр бараа, бүтээгдэхүүний үнэ огцом унавал дотооддоо тогтворгүй байгаа эдийн засаг улам хүндэрнэ гэлээ. Тиймээс инфляц нэмэгдэхээс сэргийлж, төсвийн зарлагыг хязгаарлах, мөнгөний бодлогыг хатууруулах зөвлөмж өгөв. Хөгжлийн банкинд ч ОУВС-гийнхан санаа зовж буй аж. Хэрэв уг банкийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг тойрч гарах хэрэгсэл, мөн Засгийн газрын төсвөөс гадуурх зарлагыг санхүүжүүлэх механизм болговол байдлыг улам доройтуулна гэнэ. Тиймээс макро эдийн засгийн зохистой бодлого хэрэгжүүлж, шаардлагатай арга хэмжээ авах хэрэгтэй гэлээ. Рамлогандад Монголын өвөл хүнд хэцүү санагджээ.

Халуун оронд төрж өссөн тэрбээр манай өвлийг “хүнд, хэцүү” хэмээн тодорхойлсон. Энэ өвлийг дахин туулахгүй болсондоо баяртай байгаа ч хоёр жил амьдарсан орноос явахад бяцхан гуниг төрж буйг хэлэв. Түүний охин Монголд ахлах сургуулиа дүүргэсэн учир амьдралтай нь салшгүй холбоотой улс болсон гэлээ.

С.ТУУЛ

mongolnews


URL:

Сэтгэгдэл бичих