Нэг айлын ах дүү эрчүүдтэй гэрлэдэг төвд маягийн гэр бүл


Арабууд олон эхнэртэй байдаг бол төвдөд энэ нь эсрэгээрээ олон нөхөртэй байдаг. Хэргийн учир нь энд хүүхнүүд цөөндөө ч биш, харин эдийн засгийн шалтгаанаар ийм байдаг гэж болно. Ядуу айл бүх хөвгүүддээ эхнэр авч өгөх инжгүй учраас тэдэндээ ганц эхнэр аваад өгөх нь хамаагүй хэмнэлттэй. Төвдийн энэ заншлын талаар нутгийн нь нэгэн оюутан ингэж ярьжээ.

Ийм гэр бүлд айлын хамгийн том хүү эхнэр авна. Яагаад гэвэл тэр нь тухайн айлын өв залгамжлагч учраас тэр. Ингээд дүү нар нь тэр гэр бүлд нэгдэж ганц бэрээ хамтран эзэмшинэ. Ах дүү нар аж ахуйгаа хамт эрхэлж ганц бүсгүйгээ бүгд эхнэрээ болгон хамт амьдарна. Ганцхан үүдэнд гутлаа тавьж  анхааруулга болгоно.
Төвдөд лам нар олон, дээрээс нь олон нөхөртэй байдаг нь залуу бүсгүйчүүдэд гэр бүлээс гадуурх  харьцаа бий болгох эх үндэс болдог гэж болно. Гэрлээгүй бүсгүй жирэмсэн болбол ирээдүйн хүүхдийн эцэг нь бүсгүйн гэрт хоёр долоо хоног ажиллах ёстой.
Төвдийн залуу бүсгүйчүүд хүзүүндээ  зоосон зүүлт чимэг зүүдэг уламжлалтай. Зоос бүхэн түүний амрагуудынөгсөн бэлэг. Хүзүүн дэх чимгийн зоос цөөн байвал бүсгүй эрчүүдийн дунд нэр хүндтэй биш, тэгэхээр нөхөрт гарах магадлал нь тун бага гэсэн үг.
Олон улсын англи хэлний курст сурахаар газар газраас ирсэн залуус энд тэндээс олж уншсан мэдээллээ солилцож нутаг нутгийнхаа зан заншил, соёл түүхийн тухай ярилцаж бусдынхаа асуултад хариулдаг уламжлалтай. Тэдний дунд төвдийн нэгэн лам Нжи гэгч байсан нь олон нөхөртэй байдаг уламжлалынхаа тухай ингэж ярьсан байна.

Тэрээр нэгэн гэр бүлийн ахан дүүстэй гэр бүл болдог ийм уламжлал өнөөдөр бараг байхгүй ч гэсэн бөглүү хязгаар нутагт бас байгаа гээд ингэж ярьжээ. Өөрөөр хэлбэл нэг гэр бүлийн эрэгтэй хүүхдүүдтэй ганц бүсгүй бүгдтэй нь гэрлэж хамт амьдарна гэсэн үг.
Тэднийд  бага насны эрэгтэй хүүхэд байвал тэр нь бас насанд хүрээд түүнтэй, ах нарынхаа эхнэртэй л гэрлэнэ. Нэг айлд олон эрэгтэй хүүхэдтэй бол тэдний бэр илүү их аз жаргалтай, яагаад гэвэл олон хүн халамжилна. Хамгийн том ах нь настай хүн байвал дүү нартаа  боломж олгон дунд насны юм уу, залуу эхнэр авна.

Ингээд Нжи яриагаа дуусгаж бусдынхаа асуултад хариулж эхэлсэн байна.

 “Эхнэр нь тэгээд хэзээ хэнтэй унтахаа яаж шийдэх вэ” гэж Франц залуу асуулаа.
-Үүнд гайхаад байх юмгүй, эхнэр өөрөө шийднэ.

-Бусад нь тэгээд яахав, хүлээж байх уу, эсвэл хуваарь гаргадаг юм уу?
-Ямар ч хуваарь байхгүй, эхнэр хэнтэй унтахаар шийднэ, тэр нь хамт унтана.

-Үгүй тэгээд хэн нэгнийг эхнэр нь хэзээ ч дуудахгүй бол яана?
-Эхнэрийнхээ анхаарлыг татахын тулд тэр өөрөө хичээх ёстой. Ухаандаа сайн ажиллах ч юм уу, илүү халамжлах ч юм уу.
Франц залуу үүнийг сонсоод шүгэлдлээ. Тэр энэ уламжлалыг ер ойлгохгүй байгаа бололтой.

Унгар залуу “За байзаарай, хүүхэд гарвал хэнийх гэж ойлгох вэ” гэв.
-Юун хэнийх гэж, бүгд л том ахын хүүхэд гэнэ.

-Тэд хэнийх гэдгийг нь эцгээр нь ялгахгүй юу
-Үгүй.

-10 хүүхдээс хэн нь чиний хүүхэд вэ гэдэг нь чамд сонирхолтой биш үү?
-Бүгд л миний хүүхэд. Хэнийх байх нь чухал биш. Бүгд л нэг удамынх шүү дээ. Аавуудын аль нэг нь нас барвал бусад нь хүүхдүүдийг тэжээнэ. Ээжид нь ч хүүхэд эцгүүдийн хэнийх гэдэг нь чухал биш. Ялгаагүй тэр бүгдийг л өсгөж хүмүүжүүлнэ.

Франц эр дахиад л “Хардах, нөхрүүд өөр зуураа маргалдах явдал байх уу” гэж асуув.
-Яалаа гэж хардах билээ дээ, тэр чинь бүгдийнх нь эхнэр юм чинь.

-Ер яах ч үгүй юу?
-Зүгээр, яах ч үгүй, ийм асуудал гарахгүй.

-Чиний ах чинь эхнэртэй чинь нэг оронд ороход зүгээр гэж үү?
-Тэр чинь бас түүний эхнэр шүү дээ.

-Хөрш чинь эхнэрийг чинь ингэвэл…..
-Юу гэсэн үг вэ, тэгвэл хөршөө алж болно.

-Эхнэр нь нөхрүүдийн аль нэгэнтэй эхнэрийнхээ үүргийг биелүүлэхийг хүсэхгүй байвал яахав?
-Яагаад хүсэхгүй байна гэж Нжи гайхлаа.

Гэтэл охидууд тэндээс
-Нөхрүүдийн нэг нь таалагдахгүй байж болно, эсвэл муу ажиллаад байж болно гэх зэргээр шуугилдав.

-Энэ тэгээд эхнэрийн асуудал уу?
Нжи харин “Үгүй, энэ бол тэр нөхрийн л асуудал. Ёстой том асуудал” гэж хариулсан байна. Тэрээр эхнэртээ таалагдахын тулд бүхий л чадлаа дайчлах ёстой, ах дүү нар нь ч түүнд тусална гэж хариулжээ.

Эх сурвалж: www.assa.mn

URL:

Сэтгэгдэл бичих