Араб дахины их омгорхол
Энэ бүхнийг араб дахины омог гэх үү, эсвэл тэр чигтээ лалын ертөнцийн үзэл бодол гэмээр юм уу, нэг талаас уулчлал хүссэн гуйлт мэт боловч, нөгөө талаас лалын шашин шүтлэгтнүүдийн дэргэд бусад улс үндэстэн юу ч биш гэмээр даажигнал нэвт мэдрэгдэж байх ажгуу. Юу гэвээс, сүүлийн саруудад Ойрхи Дорнодын нөхцөл байдал хурцдаж, Парис хотод гарсан цуврал халдлагаас хойш дэлхий дахинд шашны үндэс суурьтай хорсол занал давамгайлж эхлэв. Харин үүнд нийт лалын шашинтнууд эмзэглэж байгаа бөгөөд хэвлэл мэдээллээр улам хөөрөгдөж байгаа энэ үзэл бодлыг эерүүлэхийн тулд лалын шашин шүтлэгтэй иргэд нийгмийн харилцааны сүлжээ ашиглан флешмоб буюу олон нийтийн кампанит ажил эхлүүлсэн байна. Тухайлбал Twitter хуудсанд гэхэд #MuslimApologies (“мусульманчуудын өршөөл гуйлт”) хэмээн тамгалсан уриалга тарааж, шашин шүтлэгийнхээ улмаас дэлхий дахинд нүд үзүүрлэгдэх болсондоо уучлал хүсэж байгаагаа илэрхийлсэн байх жишээтэй. Учир нь хэвлэл мэдээллээр сүүлийн арав гаран жилийн турш шашнаар ялгаварлан гадуурхах үзэл суртал газар авч, занаж зүхэх явдал улам бүр нэмэгдэж байгаагаас “ислам бол ердөө терроризм” гэсэн нэр томъёо хүртэл гарахдаа хүрчээ. Нийт лалын шашинтнууд үүнийг эсэргүүцэж, дэлхий нийтэд өөрсдийн гэм буруугүйг ойлгуулахыг оролдож байгаа нь энэ аж.
Энэ ч мөн зохих үр дүн авчирч #MuslimApologies гэх хэштег нь сүүлийн 48 цагийн дотор дөч шахам мянгаар хувилагдан тарж нийгмийн харилцааны сүлжээнд олон хүн хамарсан байна. Гэтэл сонирхолтой нь арабын ертөнцөөс хүн төрөлхтний хөгжилд оруулсан хувь нэмрийн төлөө, тухайлбал анхны их сургууль, эмнэлэг байгуулсаны төлөө, алгебр, хими, одон орон судлал, тригонометр, мэс засал, саван, шампунь, шүдний сойз, агаарын шүхэр, ванилинтай зайрмаг, тэр дундаа кофег анх лалын шашинтнууд анх бий болгосныхоо төлөө уучлал хүссэн мэдээлэл цахим сүлжээгээр хурдтай тарж эхэлсэн байна. Гайхалтай, энэ бол араб дахины сэтгэлгээ аж.
“Хүн төрөлхтний түүхэнд анхны их сургуулийг лалын сүсэгтэйн эмэгтэй үүсгэн байгуулсаны төлөө би уучлал хүсэж байна. Фатима Мухаммед Аль-Фихри гэх нэртэй эмэгтэй анх Марокко улсын Фес хотноо 859 онд их сургууль байгуулж байсан түүхтэй билээ”; “0″ гэсэн тооны төлөө уучлал хүсье, энэ тоо Энэтхэгтээ үлдсэн нь дээр байж” (Араб тоон бичлэгийг дэлхий дахин хэрэглэдэг болсоныг хэлжээ. Ред); “Уучлаарай, Исаак Ньютон анх таталцлын хуулийг арабын эрдэмтэн Ибн аль-Хайсамын номноос олж мэдсэний төлөө” гэх мэтээр олон мянган хүн жиргэсэн байх юм.
Энэ мэт жиргээг сүлжээгээр хэдэн мянгаараа тарсан хойно францаар ярьдаг улс орнуудын интернэт хэрэглэгчид мөн #LesMusulmansSexcusentPour гэх ижил агуулгатай хэштег тараасан нь хоногт тав зургаан мянгаар нэмэгдэж байгаа аж. Бүр Twitter сүлжээний нэг хэрэглэгч хөлбөмбөгч Зинедин Зиданы төлөө уучлал хүссэн байна. Бодвол Зидан араб юм байх.
Hийгэм, олон нийтийн үзэл бодлыг энэ маягаар нэгтгэх санаа зорилготой эхлүүлсэн цахим арга хэмжээ эргээд даажигнал тохуурхлын өнгө аястай болсон нь энэ. Гэтэл ингэж эсрэгээрээ эргэнэ чинээ санаагүй үзэл бодлоо илэрхийлэх арга хэмжээ бүр есдүгээр сарын дунд үеэс эхэлсэн бөгөөд #NotInMyName (“миний өмнөөс биш”) гэсэн нэртэй хэштег ганц долоо хоногийн дотор 50 удаа тархсан байна. Анхны тэдгээр санал хүсэлтүүдийн дотор “Аль-Каида”, “Талибан”, “Лалын улс”, 9/11… эд бүгдээрээ миний үзэл бодол, сонирхлыг төлөөлөхгүй. Харин сануулахад, миний шашин шүтлэг хүн төрөлхтнийг үзэн ядаж, алж устгахыг ухуулдаггүй” гэж бичсэн байжээ. Мөн анхны үзэл бодол ч өөр байжээ. Тухайлбал “Лалын улс” бүлэглэл Британийн хүмүүлэгийн байгууллагын ажилтан Дэвид Хейнсийг цаазлан хороосон бичлэгийг 2014 оны есдүгээр сарын 13-нд интернэтэд тавьсаны дараа Британий лалын сүсэгтэн оюутнууд Not in My Name гэж нэрлэсэн флешмоб гаргаж байсан аж. Үүний дараа есдүгээр сарын 21-нд Лондон хотын хүмүүнлэгийн Active Change Foundation байгууллагаас лалын шашин шүтлэгтэй британчуудад лалын зандалчдын балмад явдлыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж “ISIS is not my name” (“Лалын улс гэдэг бол миний нэр биш”) гэх цахим хуудсан дээр үзэл бодлоо нэгдэхийг уриалж байсан аж.
Л.Отгонбат
Эх сурвалж: Mongolcom.mn
URL: